Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гоо үзэсгэлэнт ХАТАН ХААДЫН амжилтын оргил болон уналт

Б.Ууган, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN

Дэлхийн хэмжээний гоо бүсгүйн тэмцээний ялагчид тэр дороо л олны танил болж, хайр хүндэтгэлийг хүлээн, амжилтын зам нь ч дарднаар эхэлдэг.

Гэлээ ч энэ зам эхэлсэн шигээ байнга дардан байх нь ховор. Амжилт, уналт. Энэ хоёр үг цуутай бүсгүйчүүдийн амьдралтай салшгүй холбоотой мэт байх нь ч бий. Гоо бүсгүйн титмийг хүртсэн бүсгүйчүүдийн хувьд энэ алдар нэр нь хэнд амжилт, харин хэнд уналт авчирсныг “Комсомольская правда” цахим хуудсанд түүвэрлэснээр орчуулан хүргэе. 

АМЖИЛТ 

Холливудын од: Айшвария Рай- /Дэлхийн мисс-1994/

 

Энэтхэг улс бол дэлхийн шоунд гоо бүсгүйчүүдийг хамгийн амжилттайгаар “нийлүүлдэг нийлүүлэгч” орон.

Дэлхийн миссийн титмийг таван удаа энэтхэг бүсгүйчүүд хүртэж байсан юм. Гэхдээ дэлхийг жинхэнэ утгаар нь бишрүүлж чадсан нэг л эмэгтэй бий. Тэр нь мэдээж Айшвария Рай. Бомбей хотын 18 настай охин 1994 онд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 84 өрсөлдөгчөө ардаа орхиж гоо бүсгүйн титмийг тэргүүндээ залж байлаа.

Өнөөдөр Айшвария 42 настай, жил бүр 4-5 Энэтхэг кинонд тоглодог бөгөөд 2004 оноос эхлэн Холливудын найруулагчдын кинонд гол дүр авсаар байна.

Түүнчлэн дэлхийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцасны брэндүүдийн нүүр царай болдогийн дээр Тюссо хатагтайн лаан баримлын музейд дүр нь тавигдсан Энэтхэгийн анхны эмэгтэй болсон юм. 1994 оны гоо бүсгүйн тэргүүн титмийн эзэн Райн жаргалтай эхнэр, дөрвөн настай охины ээж юм. 

 

Хатагтай амбан захирагч: Ирене Саес /Ертөнцийн мисс-1981/

 

Венесуэл улс яг л Энэтхэг шиг гоо бүсгүйчүүдээрээ алдартай. Энэ улсаас оролцсон долоон бүсгүй Ертөнцийн мисс тэмцээний ялагч болж байлаа.

1981 онд Каракасын 20 настай гоо бүсгүй тэргүүгн титмийг авч,  ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээн, хэдэн жилийн дараа гэхэд л Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон байв. Зөвхөн усны хувцастай алхаад явдаг эмэгтэй биш, харин ч улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал асуулгаар дэмжигчдээсээ 70 хувийн дэмжлэг аваад байжээ. Уго Чавестай өрсөлдсөн түүний кампанит ажлыг “Гоо бүсгүй болон араатны тулаан” гэж нэрлээд байв, гэсэн ч гоо үзэсгэлэн ялагдсан юм.  Ерөнхийлөгч болж чадаагүй ч Ирене  Венесуэлийн Нуэв Эспарта мужийн амбан захирагч болсон.

Харин жирэмсэн болсноо мэдээд улс төрөөс гарч, дараа нь АНУ-ыг зорин, банкны бизнес эрхлэх болжээ. Одоо тэрбээр 54 настай, жаргалтай ээж, амжилттай бизнес хатагтай нарын нэг юм. 

 

Медиа магнатын эхнэр: Кристиан Мартель /Ертөнцийн мисс- 1953/

 

Кристиан бол дэлхийн нэр хүндтэй тэмцээний ялагч болсон цорын ганц франц бүсгүй. 21 наасандаа Ертөнцийн миссийн тэргүүн титмийг хүртснийх нь дараа Францын найруулагчид түүнийг кинондоо тоглуулахаар дугаарлаж байсан гэдэг.  

Ингээд кино урлагийн салбарт найман жил ажиллахдаа Кристиан 25 кинонд тогложээ. Хэдийгээр амжилттай явж байсан ч хайр дурлал, гэр бүлийнхээ төлөө кино урлагаас татгалзан Мексикийн ерөнхийлөгч асан Мигелийн хүүтэй гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлжээ. Өдгөө тэрбээр 83 настай, нөхрийнхөө байгуулсан медиа гүрний хамтран эзэмшигч төдийгүй Interjet агаарын тээврийн компанийг удирддаг.

 

Кино цувралын од: Ева Рубер-Стейер /Дэлхийн мисс-1969/

 

Тагнуулын тухай хамгийн сонирхолтой, хамгийн удаан цувралаар гарсан киноны сэтгэлд шингэн үлдсэн дүрүүдийн нэг нь Гоголь генералын үзэсгэлэнтэй нарийн бичгийн дүр байдаг. Энэ дүрд гурван анги дараалан тоглосон хүн нь 1969 оны дэлхийн мисс Ева Рубер-Стейер юм.

Австрийн үзэсгэлэнт шаргал үст бүсгүй “Надад хайртай тагнуул”, “Зөвхөн чиний нүдэнд”, “Наймаалж” зэрэг кинонд тоглосны дээр алдарт Ридли Скоттын кинонд ч тоглож байлаа. Харин дараа нь гэр бүлийн амьдрал зохион, Америкийн хэвлэлийн компанийн захирал Брайн Коуэнтэй гэрлэн, хүү төрүүлж өгсөн юм. 

 

Үзэсгэлэнт депутат: Лиза Ханна /Дэлхийн мисс-1993/

 

Ямайкийн үзэсгэлэнт бүсгүй гоо бүсгүйн титмийг 18 насандаа хүртжээ. Лиза Дэлхийн миссийн титмийг хүртсэн эх орныхоо гурав дахь эмэгтэй нь юм.  

Гоо бүсгүй зүгээр л нэг гэрэл зургаа авахуулж, инээмсэглэн зогсохыг хүссэнгүй кино урлаг, телевизийн салбарт ч хүчээ үзэж байсны дээр одоо улсынхаа улс төрийн амьдралд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Одоо 40 настай болсон Лиза Ямайкийн Соёлын сайдын албан тушаалыг дөрвөн жил хашсны дээр саяхан орон нутгийн парламентад сонгогджээ. 

 

Уналт буюу эмгэнэлтэй төгсгөл 

Тун хэтрүүлсэн: Розмари Франкленд /Дэлхийн мисс - 1961/

 

Үзэсгэлэнт Розмари Франкленд 1961 онд Дэлхийн миссийн титмийг хүртжээ.

Алдарт комикч Боб Хоуп түүнд титмийг нь зүүлгэж өгсний дээр гоо үзэсгэлэнг нь ихэд бишрэн, кинондоо тоглуулж байжээ.  Кинонд тоглосны зэрэгцээ Боб Хоуптай амрагийн харилцаатай болсон ч тэд гэрлэсэнгүй, тоглосон кино нь ч эцсийн бөгөөд сүүлийн бүтээл байсан гэдэг. Улмаар Франкленд нэг их нэрд гараагүй рок гитарчинтай гэрлэн, Лос Анжелесийг зорин, хүүхэд төрүүлж, түүнийг бүгд мартсныг ч анзаарсангүй.

Нөхрөөсөө салсны дараа өөртөө итгэх итгэлээ нэг мөр алдаж, гүн хямралд орсны дараа хямрал эмчлэх эмийг текилагаар даруулан хэтрүүлэн уужээ.  57 настай гоо бүсгүйн цогцосыг Калифорнийн нэгэн байрнаас олжээ. Түүний салсан нөхөр нь Розмариг “Яг л Мерилин Монро шиг нас барлаа” гэж хэлсэн байдаг. 

 

Титмээ алдсан: Маржори Уоллес /Дэлхийн мисс-1973/

 

Америкийн 19 настай Маржори Уоллес АНУ-аас анх удаа Дэлхийн миссийн тэргүүн титмийг авчээ.

Гэнэтийн алдар хүндийн улмаас танхилхан бүсгүй ердөө гуравхан сарын дотор “замаа алдах” нь тэр. Уоллес өдөр бүр өөр өөр эрчүүдтэй зугаацаж байгаа тухай шуугиан тэмцээн зохион байгуулагчдын чихэнд хүрч, харин сэтгүүлчид гоо бүсгүй Холливудынхантай зугаацаж байгааг баримтаар дэлгэх болов.

Түүний замбараагүй зугаа цэнгээн нэр хүндийг нь нэг мөр харлуулж, Маржори шуугианаас болж амиа хорлохыг завдан, нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ. Гоо бүсгүй комд орсон ч түүнийг аварч чадсан байна. Гэвч гоо бүсгүйн титмээсээ нэг мөр салжээ. Эрхэм хүндтэй алдрыг дааж чадаагүй, бусдад муу үлгэр дуурайл үзүүлсэн гэж түүний титмийг хураав.  

Хэдэн жилийн дараа телевизийн хөтлөгч болох гэж оролдсон ч гойд амжилтанд хүрсэнгүй. Кино продьюссертэй гэрлэж, хүү төрүүлэн, сайн эзэгтэй болох гэсэн хичээл зүтгэл нь ч талаар болов. Гэрлэлт нь тавхан жилийн настай байжээ. Харин сүүлийн 30 жил түүний талаар ямар ч мэдээлэл гараагүй байна. 

 

Моника Спир /Ертөнцийн мисс-2005/ Дэд мисс 

 

Моника Спир 2004 онд Венесуэлийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорч, дараа жил нь Ертөнцийн мисс тэмцээнийг зорин дөрөвдүгээр байранд оржээ.

Венесуэл улс 20 настай гоо бүсгүйгээрээ ихэд бахархаж, түүнийг кино, телевизийн салбарт ихээр урих болов. Хэдэн жилийн дараа ирээдүйн нөхөр Генри Берритэй танилцан, Ирландад гэр бүл болж, хүүхэд төрүүлжээ. 2014 онд  тэдний гэр бүл Венесуэлд шинэ жилийн амралтаа тэмдэглэхээр таван настай охинтойгоо хамт эргэн ирсэн байна.  

Гэвч замд дугуй нь хагарч, Моника машин дуудлагаар зөөдөг үйлчилгээ болон цагдаагийнхныг дуудсан ч тэднийг ирэхээс өмнө замын дээрэмчид үнэтэй машиныг нь дээрэмдэхээр Моника болон нөхрийг нь бууджээ. Харин азаар охин нь бага зэргийн шарх авч амьд үлдсэн гэнэ.

Венесуэлийн Ерөнхийлөгч энэ явдлыг сүүлийн арван жилд тохиосон хамгийн хүнд гарз гэж нэрлээд, хэргийн мөрдөн шалгалтыг өөрийн биеэр хянаж байжээ. 

 

Тэмцээн болохоос ганцхан хоногийн өмнө амиа алдсан: Марий Хосе Альварадо /Хондурасын мисс-2014/

 

Тэр ердөө 19-хөн настай, аз жаргалтай өдөр амьдралыг нь тэр чигт нь өөрчилнө гэж итгэдэг байв.

Гэвч энэ өдрийг хүлээж чадсангүй.Түүнийг Лондон руу тэмцээнд явахынх нь өмнөх өдөр хөнөөжээ.

Гондурасын мисс 2014 тэмцээний ялагч, залуухан гоо бүсгүй  эгчийнхээ найз залуугийн төрсөн өдөрт очихоор явсан ч эгч, дүү хоёр гэртээ эргэн ирсэнгүй. Тус улсын эрх баригчид хэргийн мөрдөн шалгалтыг биечлэн хянаж байлаа.  

Мөн Марийгийн дурсгалыг хүндэтгэн олон улсын тэмцээнд өөр хүн явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Мөрдөн байцаагчид алуурчныг маш амархан олсон бөгөөд эгчийнх нь найз залуу байжээ. 23 настай залуу Марийгийн эгчийг хардан зодоход дүү нь эгчийгээ өмөөрч, улмаар гэмт хэрэгтэн хоёуланг нь бууджээ. Харин дараа нь найзынхаа хамт цогцоснуудыг нууж, цагдаагийнханд туслаж буй мэт царайлан тэднийг хамт хайлцаж байсан гэдэг. 

 

Нафиса Жозеф /Энэтхэгийн мисс-1997/

 

Загварын ертөнцөд хөл тавьсан 12-хон настайгаасаа л амжилт руу итгэл төгс алхаж байсан гэдэг.

1997 онд 19 настайдаа Энэтхэгийн миссийн тэргүүн титмийг хүртэв. Ертөнцийн миссийн ялагч болоход ч хэдхэн алхам дутуу байжээ. Нафиса шилдэг аравт шалгараад байсан гэдэг. Ингээд л Нафиса толгой эргэм амжилтанд хүрч, алдар хүнд нь улам бүр өсч, загварын болон жүжигчний төлөөлөгчийн газрууд, телевизээс урилга тасрахаа болив.

Нафиса ч бүгдийг амжуулж байлаа, кинонд тоглож, нэвтрүүлэг хөтөлж, хувийн амьдралдаа ч анхаарч, хуримандаа бэлдэж байжээ.  Гэвч 26-хан насандаа өөрийгөө дүүжилж амиа хороосон байна. Түүний сүйт залуу нь амласан ёсоороо өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсныг мэдээд ийнхүү амиа хорложээ. 


Эх сурвалж: kp.ru