ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Фредди Меркури Монгол хөөмийн техникээр дуулдаг байсныг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэсэг судлаачид “Queen” хамтлагийн дуучин агсан Фредди Меркуригийн хоолой яагаад тийм онцгой содон, мартагдашгүй байж рок хөгжмийн түүхэнд үлдсэнийг судалж дүгнэлт гаргажээ.

Австри, Чех, Шведийн эрдэмтдийн хамтарсан баг уг судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Нэрт дуучны архив дах бичлэгүүдийг шалгаж, Меркуригийн хэв маягаар дуулж байгаа хүний төвөнхийн хөдөлгөөнийг секундэд 4,000 дүрс буулгах чадвартай өндөр хурдны камераар бичиж ажигласны эцэст тэд “subharmonic” гэдэг физик үзэгдлийг олж илрүүлжээ. Энэ нь Монголын болон Тувагийн хөөмийчдийн ашигладаг хоолойн давтагдашгүй техник юм байна.

Судлаачид бас Меркуригийн хоолойг тенор гэж нийтээр үздэг ч үндсэндээ баритон болохыг илрүүлж түүний хоолойн хөвч ердийн хүнийхээс илүү хурдтай ажилладаг гэж дүгнэсэн байна. Энгийн хүний хоолойн чичрэх хэмнэл 5.4-6.9 Герц байдаг бол дуучных 7.04 Герц байсан гэнэ.

Судалгааны багийг ахалсан Венийн Их Сургуулийн доктор Кристиан Хербст нэрт дуучны “subharmonic” техник нь түүний хэвийн хүнийхээс илүү хурдтай хоолойн чичиргээтэй хосолж онцгой дуу хоолой гаргадаг байсан талаар “Logopedics Phoniatrics Vocology” сэтгүүлд дүгнэж бичсэн байна.

 

Эх сурвалж: TeamRock.com