ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Би хэлсэн үгэндээ эзэн болно

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан дөрөвдүгээр сарын 11-ний өдөр О.Магнайгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр/2016.04.13/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би ШӨХТГ-н даргаар ажиллаж байхдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийгээд сэтгүүлчид надаас ярилцлага авсан. Тухайн үеийн ярилцлага саяхан хэвлэлүүдээр гарсан. Үүнтэй холбогдуулан О.Магнай мэдээлэл хийлээ.

Би хэлсэн үгэндээ эзэн болно.

Миний хувьд сонгууль дөхсөнтэй холбогдуулан хэн нэгнийг гүтгэсэн зүйл байхгүй. О.Магнайгийн талаар хэлсэн үг бол миний үг мөн. Би хэлсэн үгэндээ эзэн болно. Шударга үнэнийг ил тод болгохын тулд дуу хоолойгоо гаргах ёстой гэж үзэж байгаа. 

О.Магнай миний хэлсэн үгийг гүтгэлэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна лээ. Тийм учраас би өнөөдөр хэлсэн, ярьсан зүйлээ нотлох баримттайгаар ярих болно. 

Эхний асуудал НИК-тэй холбоотой хэрэг байгаа. 

О.Магнайгийн баталсан 2012.11.06-ны өдрийн 1/34 дугаартай удирдамжаар улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг, Д.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын зах зээлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж “НИК” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчиж үндэслэлгүйгээр борлуулалтаа хязгаарласан гэж үзэн 4.9 тэрбум төгрөгийн шийтгэврийг тус компанид ногдуулсан байсан.

“НИК” ХХК улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийг тус тус хүлээн зөвшөөрөлгүй, хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхийн эцсийн шийдвэр “НИК” ХХК-д ногдуулсан торгуулийг тухайн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогоос тооцож, дахин шинэ акт гарах хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан О.Магнайгийн 2014.10.17-ны өдрийн 148 дугаартай тушаалаар “НИК” ХХК-ийн 2011 оны А-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогыг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг улсын ахлах байцаагч Ж.Очирхуягаар ахлуулан ажиллуулсан байна.

Гэвч ажлын хэсгийн ахлагч Ж.Очирхуяг тушаалаар өгөгдсөн холбогдох аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг тогтоох, танилцуулах үүргийг жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад биелүүлээгүй.

Улмаар ажлын явцтай агентлагийн удирдлага миний бие танилцахад "НИК" ХХК-ийн А-92 автобензин, дизель түлшний 2011 оны борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор Сангийн яам болон татвар, гаалийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн ч мэдээлэл олдохгүй байна гэж танилцуулсан.

Гэтэл “НИК" ХХК-иас 2012.04.23-ны өдрийн 2/677 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байсан А-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогын мэдээлэл Ж.Очирхуягт байсан нь 2015 онд түүний шүүгээнд архивын үзлэг шалгалт хийгдэх үеэр батлагдсан.

Тодруулбал, “НИК" ХХК-ийн А-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогын талаарх мэдээлэл ирчихсэн байсан бөгөөд уг мэдээллийг Ж.Очирхуяг мэдэх боломжтой, мэдэж байсан нь тогтоогдсон.

Тухайн үед ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай болон ажил хариуцсан алба хаагчдын хувьд шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хэрэгжүүлэх үүрэгтэй байсан ч зориуд удаашруулсан болох нь дээр дурдсанаас гадна нэгэнт мэдээлэл байсаар атал жил гаруйн хугацаа өнгөрсний дараа буюу 2014.10.17-ны өдөр 148 дугаартай тушаал батлан ажлын хэсэг байгуулсанаас харагдаж байна. 

 

Ж.Очирхуягийн хувьд агентлагийн удирдлага миний биед Сангийн яам болон татвар, гаалийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн ч мэдээлэл олдохгүй байгаа гэх зэргээр төөрөгдүүлсэн мэдээлэл өгч, зориуд хугацаа алдуулж байсан болохыг энд хэлэх нь зүйтэй байх.

"НИК" ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгосон. 

Түүнчлэн О.Магнай намайг "НИК" ХХК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна лээ. Энэ бол худлаа. Би нэгэнт тэр мэдээлэл нь олдохгүй байгаа юм бол Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-т заасны дагуу өөрийн хөрөнгийнх нь тав хүртэлх хувиар торгох чиглэл өгч байсан. Тухайн үед тус компанийн өөрийн хөрөнгө 50 орчим тэрбум төгрөг байсан бөгөөд торгуулийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг болж байсан. Гэтэл хариуцсан байцаагч захиргааны хэргийн шүүх дээр явж байгаад санамсаргүй тоо баримт оллоо гээд өөрийнх нь шүүгээнээс сүүлд олдсон бичгийн зургийг над руу явуулсан. Уг материал дээрээс тооцоо хийгээд "НИК" ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгосон. 

Тухайн үед "НИК" ХХК-иас миний нэр дээр торгуулийг хүчингүй болгоно уу гэсэн бичиг ирж байсан. Би торгуулийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг албан тоотоор өгсөн байгаа. Энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтуудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр АТГ-т шилжүүлсэн.

Хоёрдугаар асуудал,

Би О.Магнай гэдэг хүн их хэмжээгээр ААН, сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьдаг ч шүүх дээр очоод эвлэрлийн  гэрээ байгуулаад торгуулиа хэрэгсэхгүй болгоод байсан талаар ярьсан.

Тухайлбал, "Номин"-той эвлэрлийн гэрээ байгуулж, 1.1 тэрбум төгрөгөөр,  "Миний дэлгүүр" сүлжээтэй 900 орчим сая төгрөгөөр торгосныг хэрэгсэхгүй болгосон. Мөн СӨХ-ийн дээд зөвлөлийг татан буулгах шийдвэрээсээ ухарч, 568.5 сая төгрөгийг гаргуулах шаардлагаасаа буцсан. 

Эвлэрлийн гэрээндээ зөрчил нь үл маргах зарчмаар батлагдсан, илэрхий нотлох баримт байгаа тохиолдолд ААН-үүд төлбөрийг төлнө гэж заасан байсан. Гэтэл үл маргах баримт материалыг нотлохын тулд дахин бүх шатны шүүхээр явах болно. Үүнийг би нэг ажилласан туршлагаараа батална.

Гуравдугаар асуудал,

О.Магнай гэдэг хүн ААН, байгууллагуудыг олон зуун сая төгрөгөөр торгочихоод, өөрөө торгуулиудаа хүчингүй болгож байсан.

Тухайлбал, МИАТ, "Женко тур" болон нэр бүхий таван аялал жуулчлалын компанийг нийтдээ 268 сая төгрөгөөр торгосон байдаг. Эдгээр ААН-үүд хоорондоо үгсэн хуувилдаж, картелийн гэрээ байгуулсныг тогтоосон байгаа юм. Энэ торгуулийг О.Магнай хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж хүчингүй болгосон. Картелийн гэрээ хэлэлцээрт тавьсан торгуулийг хүчингүй болгох шийдвэрийг ШӨХТГ-ын есөн гишүүнтэй газрын хуралдаанаар гаргах эрхтэй. Гэтэл О.Магнай өөрийн гарын үсэгтэй албан бичиг гаргаж, тогтоолуудыг хүчингүй болгосон байдаг. 

Дөрөвдүгээр асуудал,

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ноцтой зөрчил гаргасан 10 ААН гэхэд л 43.3 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байсан.

Хуулийн дагуу зөрчилтэй ААН-үүдийг олон нийтэд ил тод зарлаж, зээлийн гэрээг нь цуцалж, зээлийг нь зах зээлийн хүүтэйгээр буцааж төлүүлэх ёстой байсан. Мөн эдгээр компаниудыг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх ёстой.

Гэвч энэ талаар ямар ч алхам хийхгүй, бичиг баримтуудыг нуун дарагдуулсан байсан. Намайг ирэхэд бичиг баримтууд эхээрээ байхгүй байсан учраас би зарим байцаагч нарыг шахаж, шаардаж материал цуглуулаад, нөхөн шалгалт хийсэн. Ингээд зөрчлийг илрүүлж, олон нийтэд зарлаад, хариуцлага тооцуулахаар БХБЯ-нд хүргүүлсэн" хэмээн ярилаа.