ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: Т.Аюурсайхан гэж нөхрийг хуулийн байгууллагад өгнө

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 11
iKon.MN

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгууль дөхсөн энэ үед хэвлэлээр хэрүүлийн шинжтэй зүйл хийх сонирхол надад байсангүй. Гэхдээ харамсалтай нь миний ажлыг авсан Т.Аюурсайхан гэх нөхөр өнгөрсөн долоо хоногоос нэр бүхий сайтууд болон МАН-ын төв хэвлэлээр намайг илтэд гүтгэсэн агуулгатай мэдээлэл тараалаа.

Хүнийг яаж ч гүтгэж болно. Гэхдээ мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар ингэж ярих нь миний баримталдаг зарчим, үнэт зүйлд нөлөөлсөн учраас өнөөдөөр яах ч аргагүй болоод хурал хийж байна.

 

Нэгдүгээрт НИК компанийн торгуультай холбоотой асуудал байгаа. 2012 оны аравдугаар сард НИК компани бензин байсаар байтал дууссан гэж худал мэдээлэл тарааж, зохиомлоор хомсдол үүсгэсэн. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас НИК компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Энэ торгуультай холбогдуулан гурван шатны шүүх хурал болж, бид ялалт байгуулсан. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр торгуулиа дахин тооцохоор гарсан. Ингэхдээ А-92, дизель түлшин дээр дахиж тооцоод, торгуулиа тавиарай гэсэн шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор тухайн үед НИК компанийн удирдлагаар ажиллаж байсан М.Халиунбат гэдэг хүнд дахиж тооцох асуудлаар удаа дараа хандсан хэдий ч тус компанийн зүгээс нэлээд хойрго хандаж байсан. Үүнийг би маш сайн санаж байна.

Ингээд би ийм өндөр хэмжээний торгуультай холбоотой асуудлыг нэг хүн дангаараа шийдэх юм бол хэл ам гарч магадгүй гэж үзсэн учраас таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн хуралд тэр ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаад намайг ажлаа өгсний дараа халагдсан хоёр хүн хамт ирсэн байгаа.

Би энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж амжилгүй 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан гэж нөхөр НИК компанийг монополь компанийн ангилалаас хассан байна лээ.

Ингээд монополь ангилалаас нэгэнт гаргасан учраас тэгж байгаад тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь ажлаас халсан байгаа юм. Яг одоо энд байгаа хоёр хүнийг ч гэсэн НИК компанийн хэрэгтэй холбогдуулж халсан.

 

 

Т.Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө.

Та бүхэн НИК компанийн талаар мэдэх байх. НИК компанийг Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ш.Отгонбилэг гэдэг хүний хүүхдүүд О.Содбилэг нарын хүмүүс эзэмшдэг. Харин Т.Аюурсайхан гэдэг хүн Н.Багабанди Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүн. Эд нар бүгдээрээ нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигарх бүлэглэл. Энэ нөхдүүд хуйвалдаж, тавьсан  торгуулийг хүчингүй болгочихоод эцэстээ О.Магнай энэ хэрэгт нь оролцсон юм шиг ярьж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Би одоо энэ асуудлаар Т.Аюурсайхан гэж нөхрийг  холбогдох хуулийн байгууллагад өгнө.

Ер нь намайг яаж ажилласаныг Т.Аюурсайхан гэж намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр  би УИХ-ын гишүүн биш намайг шалгахад ямар ч хаалт байхгүй. Дуртай нь намайг  ямар ч асуудлаар шалгаж болно.

Хоёрдугаарт намайг бас сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад тэрийгээ бүгдийг нь хүчингүй болгосон гэж ярьсан байна лээ. Тухайн үед томоохон гурван сүлжээ дэлгүүр байсан.Тус гурван дэлгүүрт бүгдэд нь нэг асуудлаар торгууль тавьсан. Энэ торгуулийн асуудлаар шүүх дээр очоод гэрээ байгуулсан. Энэ гэрээний агуулга нь “Сүлжээ дэлгүүрүүд зөрчлөө арилгана. Дахин энэ зөрчил илэрвэл үл маргалдах зарчмаар дэлгүүрүүд торгуулиа төлнө”

Гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр 40 тэрбум төгрөг дарсан гэсэн байсан. 40 тэрбум гэдэг маш их мөнгө. Энэ тоог хаанаас гаргасныг би  мэдэхгүй байгаа. Өчигдөр энэ асуудлаар тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүстэй уулсан. Тэр хүмүүс ч гэсэн энэ талаар мэдэхгүй байна лээ.

Намайг ажлаа өгсний дараа Аюурсайхан гэдэг хүн миний хийж байсан бүх ажлыг зогсоосон. О.Магнай гэж хүн мөнгө идсэн байна уу үгүй юу гэдгийг Үндэсний Аудитын Газраар хоёр удаа шалгуулсан. Юу ч илрээгүй.

Би ШӨХТГ-т ажиллаж байхдаа шударга зарчим гэдгийг харуулах юмсан гэж үнэхээр зорьж ажилласан.

ШӨХТГ-т ажиллах хэцүү, том компаниуд ямар нэгэн асуудал болохоор яриулдаг хүмүүстэй. НИК ч гэсэн тэдний нэг. Над руу ярьж байсан. Янз бүрээр нөлөөлөх оролдлого ч хийж байсан” хэмээн ярилаа.