Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

О.Бум-Ялагч: Жижиг намууд бүлэг болж л сонгуульд оролцохгүй бол дан дангаараа өрсөлдөх боломж алга

Н.Пунцагболд
2016 оны 3 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

МНН-ын дарга О.Бум-Ялагчтай улс төрийн эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын ээлжит бус чуул­ганаар цөмийн үйл ажил­лагаатай холбоотой гурван кон­венцид Монгол Улс нэг­дэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Хэрвээ энэ асуудлыг хэлэлцэж, баталвал О.Баасанхүү гишүүн бүл­гээ­сээ гарна гэдгээ мэдэгдэнэ гэ­сэн сураг байна. Хэрвээ тэгвэл Засгийн газар унаж магадгүй гээд байгаа. Ногоон намын даргаа энэ асуудлыг шүүмжилдэг шүү дээ?

-Хэрвээ О.Баасанхүү гишүүн бүлгээс гарвал Засгийн газар огцорч болох юм. Энэ талаар улс төрийн хүчнүүд, жишээлбэл, Ардчиллынхан ярьж байна. Парламентад суудалгүй жижиг намууд тэнэг алхам хийж байна шүү.

Хэрвээ Засгийн газар уначихвал сонгууль болохгүй. АСЕМ-ийн  дараа болно. Мэдээж АСЕМ амжилттай болно. Тэгэхээр Ардчилсан намд энэ үйл явдал давхар сурталчилгаа болж өгнө.

Есдүгээр сард сонгууль болбол Ардчилсан намын рейтинг өсөөд орно гэх маягийн юм яриад байгаа. Хөндлөнгийн зүгээс, бодитоор харвал тийм магадлал өндөр байна. Нээрээ АСЕМ мундаг болоод, Ардчилсан намын рейтинг өсч магадгүй. Ц.Элбэгдоржийг яаж ярьдаг вэ гэдгийг бид мэдэхгүй биш.  

“Зайрмаг Монголд байхгүй байсан, би идээд их баярласан” гэдэг шиг л юм болно шүү дээ. Гадны нөхдүүд нь “Монгол чинь их сайхан орон байна. Жинхэнэ ардчилал чинь энд байна” гээд л ярина.

Энэ бүхэн нь сурталчилгаа болно. Сурталчилгаа хийх мөнгө нь тэдэнд байна. Тийм болохоор Ардчилсан намын рейтинг өсөөд орж магадгүй. Энэ бол жинхэнэ улстөрч хүний сэтгэлгээ. Гэтэл нөгөө талаас үзэл санаандаа, хэлсэн үгэндээ эзэн байх гэдэг нь улстөрч хүний мөрдөх ёстой нэг зүйл. 

Тийм болохоор бид цөмийн аюулын эсрэг дуугарах л ёстой. Дэлхий дахинд л ногоонтнууд дуугараад явж байгаа. Тиймээс сонгууль бодоод энэ асуудлыг орхино гэвэл үзэл санаанаасаа ухарсан болчихно шүү дээ. Хүссэн, хүсээгүй л бид энэ асуудлыг ярьж байна. Бид ойр байдаг, илүү сайн харилцаатай байгаа зургаан гишүүн болоод Ардын нам, МАХН-д бид уриалга хүргүүлсэн.  

Хүнд уриалга өгчихөөд, дэмжих гэж байхад нь эсэргүүцнэ гэж байхгүй. 

Тэр дундаас О.Баасанхүү гишүүн манай намын энэ уриалгыг дэмжиж буйгаа хэлсэн. Мөн “Хэрвээ манай бүлэг цөмийн үйл ажиллагаатай холбоотой конвенцийг дэмжих юм бол би бүлгээсээ гарна” гэсэн мэдэгдэл хийнэ. Ингэвэл танай нам эсэргүүцэхгүй биз дээ” гэсэн. Бид юу гэж эсэргүүцэх вэ дээ. Хүнд уриалга өгчихөөд, дэмжих гэж байхад нь эсэргүүцнэ гэж байхгүй.

Тийм болохоор бид дэмжиж байгаа.  Хэрвээ үнэхээр тэгж чадвал жинхэнэ улстөрч хүн гэдгээ харуулна. Хоёрдугаарт, тэр эх орны хүү юм байна. Ер нь улстөрч залуусын дунд ураны асуудлыг эсэргүүцэх хандлага бий. Тухайлбал, “Шинэчлэлийн” Засгийн газар гарч ирж байхад цагаан сараар урантай холбоотой асуудлыг УИХ-аар ярьсан юмдаг.  Тэр үед одоо Сангийн сайдаар ажиллаж байгаа Б.Болор “Тэр уран энэ тэрээ манай нутагт л битгий булаарай” гэж хэлж байсан. 

Дараа нь цагаан сараар Архангайд өргөн хэмжээний золголт болж байхад Б.Болорыг л магтсан хүмүүс их байсан гэдэг. “Тэр хүүхэд эх орноо, газраа нутгаа хайрладаг. Арын сайхан хангайд тэр ураныг л ямар ч байсан олборлохгүй юм байна” гэж ярьж байсан гэдэг. Энэ чинь ард түмэн ураны аюулаас айгаад байна гэсэн үг.  

Тэгээд Японд цөмийн станц дэлбэрсэн аюулын талаар телевизээр байнга ярьж байна. Түүнийг үзээд, хүмүүс айж, эмээж байгаа юм. Түүнээс биш энэ бүхнийг Ногоон нам зохиогоод яриагүй. Ерөөс дэлхий дээр урантай холбоотой гамшиг болоод байгаа биз дээ. Болж байгаа аюулаас мэдээж хүмүүс зайгаа барих нь ойлгомжтой. Тийм болохоор О.Баасанхүү гишүүний хийж байгаа алхам маш зөв гэж хувь улстөрчийнхөө хувьд бодож байна. 

-Сонгууль дөхөж байгаа энэ үед намууд нэгдэх талаар олон таамаг гарч байгаа. Танай намыг МАН-тай нэг­дэх нь гэсэн яриа гарсан. Ер нь ямар байдлаар сонгуульд оролцохоор бэлт­гэж байна вэ?

-Сонгуулийн тухай хууль чинь их эвгүй байна. Тодорхой хэлбэл, тойрогт нэр дэвшигч нь ялахгүй бол намынх нь жагсаалтад авсан таваас илүү хувийн санал нь үр дүнгүй болно. Хамгийн сүүлд бидний хийсэн судалгаагаар МНН 5.5-6.5 хувийн санал авахаар байна. МАХН 18.5, ХҮН 7.1, МАН 34, АН 28 хувийн санал авах судалгаа гарсан байгаа юм.

Ингээд харвал МНН гайгүй рейтингтэй явж байгаа. 2012 оны сонгуулиар манай нам 1.30 гаруй хувийн санал авч байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар бол 5.5-6.5 хувийн санал авна гэсэн тоо гарсан. Энэ бол бодит судалгаа. 2012 оны сонгуулиас хойш МНН-ын үйл ажиллагаа идэвхжсэн болохоос биш сулраагүй. 

Жилийн дөрвөн улиралд парламентад суудалгүй намуудыг идэвхжүүлж, байнга хурал цуглаан хийж, улс төрийн үйл ажиллагаа тогтмол явуулсан. Сүүлийн нэг жилд гэхэд бямба гараг бүрт санал асуулга явууллаа шүү дээ. Сүүлд Чингэлтэй дүүргийн Засаг дарга албан бичиг өгч, сонгуулийн тухай хууль зөрчсөн гээд хорьчихсон.

Түүнээс биш тогтмол улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь манай намын рейтинг 6.5-аас өндөр байгаа байх, бодит байдал дээрээ. Бид МАХН, Ардын намтай санамж бичгийн хүрээнд хамтарч ажилласан. Тийм болохоор сонгуульд орохын өмнө хамтарч ажилласан намуудынхаа хамтын ажиллагааг дүгнэх ёстой. 

Сонгуулийн үеэр сурталчилгаа хийж байхдаа бие биенээ муулж магадгүй. Түүнээс сэргээлэхийн тулд хоёр нам санамж бичгийн хүрээнд амжилттай ажилласан, бие биедээ гомдох зүйл байхгүй гэдгээ зураглах ёстой.  Энэ хүрээнд МАН-тай гарын үсэг зурсан. Цаашид хамтарч ажиллах шаардлагатай бол бид бэлэн байгаа.

Харин МАХН-тай бол сонгуулийн чиглэлээр хамтарч ажиллавал яасан юм гэдэг санал гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Хамгийн сүүлд энэ сарын 17-нд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан. Тэгэхэд Н.Энхбаяр дарга МНН-д итгэл, үнэмшилтэй байгаагаа хэллээ.

Ийм байдлаар ажиллаж байна. МАХН-ын удирдлагууд АН-тай 10 жил хамтарч ажиллах гэрээ байгуулчихсан байгаа. Үүнийгээ дүгнэхээс авахуулаад ажил байгаа гэсэн. 

Нөгөө талаар МАХН-ыг МАН-тай эвсэх гэж байна гэсэн яриа гарсан. Ер нь бол намынх нь гишүүд шахаад байгаа юм. 2012 оны сонгуульд ороход энэ хоёрын намын нэг тогоонд байсан хүмүүс хоорондоо “мөргөлдсөн”.

Энэ чинь гишүү­дийнх нь хувьд таатай зүйл биш. Энэ гашуун түүхийг дав­тах­гүй байх үүднээс эвсч сонгуульд орвол яасан юм гэдэг асуудал гишүүдийнх нь дунд их яригдаж байна. Хэрвээ тэд эвсээд сонгуульд орвол бидний зүгээс гомдох, эмзэглэх юм байхгүй. Энэ бол улс төрийн шийдэл гэдгийг хэлсэн. Гагцхүү энэ асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Бидэнд ч гэсэн эвсээд сонгуульд оролцъё гэж ярьж байгаа улс төрийн хүчнүүд бас байна шүү дээ. 

Сонгуулийн хууль бие даагч нарт халтай болчихлоо. Тийм болохоор бие даагч нар нам бараадах хандлагатай болчихоод байна. Түүнээс гадна, манай намд бүх тойрогт өрсөлдөхөөр аавын хүү, ээжийн охин алга байгаа. Тийм болохоор бид намд орж өрсөлдөх сонирхолтой улстөрчдөө бараадаж байна. Энэ утгаараа С.Ганбаатар гишүүнтэй уулзсан. Эвсээд ажиллаж болох юм гэж байсан. Харамсалтай нь ХҮН-ын доторх маргаантай асуудал эвгүй байдал хүргэчихлээ.

ХҮН сонгууль орох, орохгүйг дээд шүүх мэдэхээр болж байх байна шүү. С.Ганбаатар дарга биш Б.Найдалаа намын жинхэнэ дарга гээд хэн нэг нь өргөдөл өгчихсөн байхад л тэр асуудлыг хэлэлцсээр байгаад сонгуульд оролцож чадахгүй. Ийм л улс төрийн нөхцөл бий болчихлоо. Тийм болохоор С.Ганбаатар хувь хүнийхээ хувьд МНН-аас сонгуульд нэр дэвшинэ гэвэл нээлттэй.  Мөн Их эвсэл байгуулна гэдэг асуудал яригдаж эхэллээ. М.Энхсайханы санаачилга юм шиг байна. Энэ чинь “сэлэм эргүүлдэг”,  тойрогт өрсөлдөхөөр Г.Уянга, С.Жавхлан, Н.Энхбаяр шиг хүмүүс тэдэнд алга. Тийм болохоор их том эвсэл болж харагдаж байж тэр хүмүүсээ татах гэсэн хэрэг. 

-Энэ санаачилга харин ч зөв юм биш үү. Жижиг намууд, бие даагчдаас ганц хоёр хүн гараад ирдэг. Бод­лого хэрэгжүүлэх боломж­гүй суугаад л байдаг. Өн­гөрсөн дөрвөн жилд энэ хангалттай харагдлаа шүү дээ?

-Өнөөдрийн улс төр гэдэг онолынхоо хүрээнд явагдахаа больчихоод байгаа байхгүй юу. Улс төр гэдгийг чинь бид зохиосон юм биш. Энэ чинь тусдаа онолтой, дүрэм, журамтай. Түүгээр нь докторын зэрэг хамгаалдаг том салбар. Улс төрийн онолоор бол улс орныг хөгжүүлэхэд баримталдаг гурван чиглэсэн бодлого байна.

Эхнийх нь, уламжлалын бодлого. Чингис хааны үед л ямар байсан, тэр системээр явна гэсэн үг. Нөгөөх нь, зүүний чиглэлийн бодлого байх шиг байна. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө халамжийн бодлогыг илүү илэрхийлсэн бодлого гэсэн үг. 

 Улс төр гэдгийг чинь бид зохиосон юм биш.

Тухайлбал, Герман энэ бодлогыг барьж байна. Тэгвэл германчууд 1990 оноос хойш Ардчилсан намд ингэж зөвлөж байсан гэж байгаа юм.

Танай Үндсэн хууль бол зүүний чиглэлийн чиг баримжаатай хууль. Хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилттой. Тийм болохоор манай Герман шиг эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг төр хариуцах ёстой гэдгийг зөвлөж.

Гэтэл Ардчилсан намын толгойд ажиллаж байгаа Баабар тэс өөр, эсрэг юм яриад байгаа биз. Яг л Америкийн бодлого шиг төр энэ бүхэнд оролцож болохгүй гэдэг. Энэ мэтээр зүүний чиглэлийн бодлогоо  хэрэгжүүлэхгүй барууны чиглэлийн бодлого баримтлаад байхаар чинь ард иргэд нь хямарна, эсэргүүцнэ. Ийм зүйл гарах нь тодорхой. Тиймээс л Германы мэргэжилтнүүд Үндсэн хуульдаа нийцсэн бодлогоо хэрэгжүүлээч гэж зөвлөөд байгаа хэрэг. 

Ер нь манай улс төрийн хүчнүүд зүүний, барууны гэдгээрээ ялгарчихсан. Бид бол М.Энхсайханы байгуулах гээд байгаа эвслийг барууны  үзэл баримтлалтай байх болов уу гэж хараад байна. Түүнд нь бизнесмэнүүд, “Буян”-гийн Жагаа, Уламжлалын нэгдсэн намын Батболд, “Эрэл” компанийн “Эх орон” намынхан гээд л багтах байх.

М.Энхсайхан өөрөө “Тавантолгой”-той холбоотой, гэх мэтээр бүгд бизнесмэнүүд шүү дээ. Хүчтэй нь хүчгүйгээ дарна, ухаантай нь, мэдээлэлтэй нь, хахууль сайн өгч байгаа нь илүү баяжина гэсэн хэсэг байна шүү дээ. Нөгөө талд нь зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МНН, МАН, МАХН-ынхан байна. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намууд бол татварын бодлогоор нийгмийнхээ эмзэг давхаргыг дэмжиж ажиллана гэсэн чиглэлтэй. 

Улс төрийн онолд нийт ард түмнийх нь 30 хувь нь ядуураад ирэхээр зүүний чиглэлийн намууд идэвхжих ёстой. Яг өнөөдрийн хувьд Монгол Улсын нийт ард түмний 50 хувь нь ядуу болчихлоо. МУИС-ийн хийсэн судалгаа. Тэд нийт хүн амын 50 хувь нь нийгмийн дундаж давхарга байна гэсэн. Нэг талаараа магтаж байгаа боловч үлдсэн 50 хувь нь ядуу шүү гэдгийг л хэлж байгаа юм.

Тийм болохоор зүүний үзэл баримтлалтай намууд идэвхжихгүй бол болохгүй. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монголд 8,000 хүн хэт баян байна. 400 мянган гаруй  хүн чинээлэг амьдарч байна. 1.3 сая хүн ядуу амьдарч байгаа. 700 мянган хүн үгээгүй ядуу амьдарч байна гэсэн байсан. Энэ бол идэх хоолгүй гэсэн үг. 

-Их эвсэл байгуулахаар хоёр үзэл баримлалтын зөр­чил гарах учраас нэгдэх бо­ломж бага гэж та үзээд байна гэсэн үг үү?

-Ерөөсөө л Их эвсэл гэдэг нэрийн дор барууны үзэл баримтлалтай нөхдүүд нэгдэнэ. Бид тэр эвсэл рүү хамаагүй гүйгээд орчихож болохгүй. Тавантолгойн асуудлаа ярихад л хоорондоо муудалцаад эхэлнэ. Бидэнд тэнд ямар ч орон зай байхгүй.

Тийм болохоор зүүний чиглэлийн намууд нь цуглах гээд, МНН, МАХН-тай хамтраад сонгуульд яаж орох вэ гэдгээ яриад эхэлчихсэн байна. Одоо Эмэгтэйчүүдийн үндэсний намтай ярилцаж байгаа. Бид бүлэг болж л сонгуульд оролцохгүй бол дан дангаараа оролцох боломж байхгүй. Хуулиа дагаж л улс төрийн намууд бүлэг болох гээд байна. 

-Сонгууль дөхөж байгаа энэ үед эмэгтэй нэр дэвшигч­дийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана гэж байсан?

-Монголын нийт идэвхтэй сонгогчдын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд Монголын хувь заяаг шийдээд байгаа юм. Тийм болохоор эмэгтэйчүүдтэйгээ тулж ажиллахгүй бол болохгүй нь гэсэн улс төрийн дүгнэлтэд хүрсэн.

Монголын үндэсний эмэгтэйчүүдийн намыг идэвхтэй ажиллаач гэсэн санал тавьсан. Хариуцлагатай, сонгуульд идэвхтэй оролцдог эмэгтэй сонгогчидтойгоо тулж ажиллавал илүү үр дүнтэй гэсэн саналд бид нэгдсэн. Тиймдээ ч эмэгтэйчүүдээ уриалан дуудах чиглэл рүү ажиллаж эхлээд байна. 

-Сүүлийн үед улс төрийн золисонд эмэгтэйчүүд явж байна гэж ярих боллоо. Тодорхой жишээнүүд ч бий. Энэ нөхцөл байдлыг та юу гэж харж байна?

-Эрчүүдийн удирдсан нийгэмд гарч байгаа зүйл. Эрчүүдийг байцаахаар егзөрддөг байж болох юм. Манай Г.Шийлэгдамба шиг уйлан дуугарахгүй эрчүүд бас байна шүү дээ. Тэгэхээр нь эмэгтэйчүүдийг нь барьж аваад байна уу гэж бодоод байгаа. Эмэгтэй хүн чинь их сонин. Араа боддоггүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр юм ярьдаг. Уйлж унжаад юмаа ярина шүү дээ. Түүн дээр нь нээнтэглэе гэж бодож байж ч болох.

Мөрдөн байцаагчид чинь эмэгтэй хүнийг яаж байцаах вэ, эрэгтэй нь яаж байцаавал илүү юм гэдгийг заалгаж байгаа нь тодорхой. Тэгэхээр эрчүүдийг нь барахгүй юм байна, одоо эмэгтэйчүүдийг нь баръя гэж л ажиллаад байх шиг байна. Гэхдээ энэ тийм ч ухаалаг шийдэл биш. Гэрэл цохиж байна.

Хэн ч хараад ойлгож байгаа юм. Эндээс Эзэн Чингисийн нэртэй нөхрийн удирдаж байгаа мөрдөн байцаагчид нь ямархуу хүмүүс вэ гэдэг нь харагдаж байна. Ийм хэл аманд өртөж байна гэдэг чинь мөрдөн байцаалтын аргачлал нь муу байгаа. Өөрсдөө муу ажиллаж байгаагийн л жишээ. 

-Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулж, нийс­лэлийн мандатыг нэмэх асууд­лыг яриад байгаа. Энэ боломжтой юу?

-Манай намын хувьд орон нутагт хөлтэй биш, нийслэлд л өрсөлдөх боломжтой намын хувьд ач холбогдолтой. Гэхдээ нэгэнт Үндсэн хуульд сонгууль болохоос  зургаан сарын өмнө хууль өөрчлөхгүй гээд заачихсан байгаа. Тийм болохоор сонгуулийн хуулийг өөрчлөх нь буруу гэж үзэж байгаа.

Нэгэнт цаг хугацаа нь өнгөрчихсөн учраас. Гэтэл Ардчилсан намынхан чинь аливаа зүйлээс айж ичдэггүй, жаахан муухайгаар хэлбэл, хүнд гарууд байна шүү дээ. Би л болж байвал бусад нь яах вэ гэсэн бодолтой. Хуулиас айхгүй байна. Ер нь жаахан аймхайдуу хүмүүсийг төрд гаргах хэрэгтэй. Юунаас ч айдаггүй хүмүүс төрд гарчихаар хоорондоо муудалцаад, үзэлцээд байна. Түүнд нь ард түмэн хэлмэгдэж, хямраад л байгаа шүү дээ. Ийм байдалтай байна.

Зураг