Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигласан цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсдаа булшлах ёстой. Мөн экспортод гарсан ...

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж маргааш холбогдох Байнгын хороодын хуралдаан эхэлнэ. 

Ээлжит бус чуулганаар:

  1. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  2. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  3. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  4. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  5. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт гэсэн таван асуудлыг хэлэлцэх гэж байна. 

Чухам ямар шалтгаанаар ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн талаар ийнхүү яаран хуралдах болсон нь олон нийтийн сонирхлыг татаад байгаа юм. 

Цөмийн Энергийн Комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав "Энэ оны гуравдугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гишүүн орнууддаа тэр дундаа энэхүү Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хүсэлт тавьсан.

Үүнийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэх асуудал дээр гишүүн орнуудад хандаж дэмжлэг үзүүлэх, өөрийн бүрэн эрхт гишүүн орнуудын хувьд яаралтай ажиллах хүсэлт тавьсан юм.

Энэ гуравдугаар сард Парагвай, Шинэ Зеланд Улсууд энэ нэмэлтэд нэгдэж орсон. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол хүчин төгөлдөр болохоор байдалтай байна" гэж мэдээлээд байгаа юм. 

Гэвч Монгол Улсын нэгдэн орох гэж буй  конвенцид хэд хэдэн сонирхол татсан агуулгууд багтаж байна. 

Жишээ нь,

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцийн

Удиртгал хэсэгт:

XI. Цацраг идэвхт хаягдлыг тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ тодорхой тохиолдолд нөгөө талын ашиг сонирхлын үүднээс, ялангуяа хаягдал үүсгэж буй хамтарсан төслийн хувьд нэг талын нутаг дэвсгэрт байгаа байгууламжийг ашиглах зорилгоор Хэлэлцэн тохироолцогч талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй, үр ашигтай менежментийг хөгжүүлэх боломжтойг хүлээн зөвшөөрөх тухай заажээ. 

27.1.1 (ii)

Боловсруулах зорилгоор экспортлогдсон цацраг идэвхт хаягдлыг Хэлэлцэн тохиролцогч тал боловсруулсны дараагаар цацраг идэвхт хаягдал болон бусад бүтээгдэхүүнийг гарал үүслийн улсад нь буцаах, эсхүл буцаах үйлчилгээ үзүүлэх тухайн талын эрх гэж зааж өгчээ.

Дээрхээс үзвэл Монгол Улс цацраг идэвхт хаягдлыг өөрийн улсдаа булшлах бүх талын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж буй мэтээр ойлгогдож байна. 

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.