Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японд өнөөдөр хоёр хэрэгтнийг цаазалжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Японы шорон дахь цаазын өрөө

Япон улс өнөөдөр үхлийн ялтай хоёр хоригдлыг цаазалсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэдгээрийн нэг нь 56 настай Жүнко Ёшида, 1998, 1999 онуудад Фукуока мужид даатгалын мөнгийг нь авахын тулд хоёр хүний амийг хөнөөсөн сувилагч. Нөгөө нь 1985-1994 онд дөрвөн эмэгтэй, сүүлд Осака хотод 9 настай охины амийг хөнөөсөн 75 настай Ясутоши Камата гэгч байжээ.

Хууль зүйн яамнаас цаазын ажиллагаатай холбоотой мэдээллийг өнөөдөр орой өгөхөөр болсон байна.

Ингэснээр Японд цаазын ялаа хүлээж байгаа хоригдлуудын тоо 124 болж байгаа гэнэ.

Япон, АНУ улсууд нь өндөр хөгжилтэй орнуудаас цаазын ялыг хэвээр хадгалж байгаа хоёрхон орон бөгөөд үүнээсээ болж олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжийг байнга сонсдог юм.

Өнөөдрийн цаазыг ч Эмнести Интернэшнл байгууллага шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Тус байгууллагын Япон дахь салбарын тэргүүн Хидеки Вакабаяши “өнөөдрийн хоёр цаазын ажиллагаа нь хэтэрхий эмгэнэлтэй, олон улсын чиг хандлагын эсрэг үйлдэл боллоо” гэсэн байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр дэлхийн 140 орон цаазын ялыг хэрэглэхээ больсон, эсвэл арваас дээш жил хэрэглэхээ зогсоосон байхад Японы засгийн газар эсрэгээр нь сэргээлээ” гэжээ.

Хэдийгээр Европын орнууд болон олон улсын байгууллагууд хүчтэй эсэргүүцдэг ч Японы олон нийтийн дийлэнх нь цаазын ялыг дэмждэг гэсэн тоо баримт бий.

Олон улсын байгууллагууд Японы цаазын ялыг хамгийн харгис гэж үздэг. Учир нь ялтан олон жил цаазлуулахаа хүлээн ганцаар хоригддог ба цаазыг гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө л өөрт нь мэдэгддэг аж.

Өнгөрсөн 12 дугаар сард мөн хоёр хоригдлыг цаазалсан ба нэгийг нь анх удаа иргэний оролцоотой шүүж ялласан байна. 2009 онд Япон улс энгийн иргэдээс мэргэжлийн шүүгчтэй хамтран гэмт этгээдийг шүүж ялладаг тогтолцоо нэвтрүүлсэн юм.

 

Эх сурвалж: Japan today