"Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монгол хэлний иж үгийн толь" номноос түүвэрлэн хүргэж байна. Та уг номноос утгын хамаарал бүхий үгсийг нэг дороос үзэх боломжтой юм.
Эх хэлнийхээ баялаг үгийн сантай танилцаж, тухайн үгийн утгад хамаарах хуучирсан үг, бичгийн хэлний үг , ярианы хэлний үг, бүдүүлэг үг, харь гаралтай үг, нутгийн аялгууны үг, хүндэтгэлийн үг, цээр үг, хараалын үг... гэх мэт бүхий л үгсийг нэгэн утгын дор үзэх боломжийг олгосноороо давуу талтай “Монгол хэлний иж үгийн толь”-оос энэ удаагийнхаа хичээлийг бэлтгэн хүргэж байна.
Иж үг гэдэг нь төрөл, ижил, зүйлчилсэн, ойролцоо утгатай үгсийг цөмийг нь агуулдгаараа онцлогтой.
анага Аян жингийн дунд түр босгосон эсгий гэр.
банаг Тогоолох буюу мал төл оруулах зэрэг хэрэгцээнд хошлон барьсан гэр.
бумбалбай Өндөр сүрлэг байшин гэр.
бүрх Аян буюу отрын хүмүүсийн хэрэглэх бөмбөгөр оройтой бяцхан гэр.
буурч Аянчин нүүдэлчдийн түр орогнох дөхөм гэр.
гонхон Их хаалганы хоёр талаар эгнүүлэн барьсан байшин гэр.
давхарга Гэрийн орой дээр барьсан саравч мэт гэр.
жолом 1. Ой шугуйчны суух модны салаа намаагаар барьсан гэр.
2. Ханагүй гэр.
нүүц Нааш цааш нүүж явахад хэрэглэх цомхон гэр.
овоохой 1. Унь шураг модоор цомхон босгосон дөхөм гэр.
2. Муу гэр.
3. Өөрийн гэрээ хөнгөмсөглөн хэлэх үг.
орд 1. Гоё сайхан гэр.
2. Гэрийг хүндэтгэн хэлэх үг.
оромж Түр орогнон суух дөхөм гэр.
орц 1. Нэрийн төдий муу гэр.
2. Өвсөн гэр.
отог Ан гөрөө хийдэг хүний хөдөө гадаа суух гэр.
өөвөн Өвс, хулсаар барьсан дөхөм гэр.
өргөө Гэрийг хүндэтгэн хэлэх үг.
санс Юм хум хадгалж хураах гэр..
тов 1. Тооныг униар тулж босгосон гэр.
2. Хээр гадна суух дөхөм гэр.
тугдам 1. Хааны суух гэр.
2. Гэрийг хүндэтгэн хэлэх үг.
тур Модон гэр.
хайдаг Хээр хөдөө түр суухаар барьсан дөхөм гэр.
хошлог Манаа сахианд байгаа хүний суух бяцхан гэр.
хүлэмж Өвс ургамал, хуар цэцэг тарьж бойжуулах дулаан гэр.
цомцог Тооногүй шовгор оройтой гэр.
цээжин =Овоохой
эмбүүл Өвсөн гэр
алманцаг Мазаалайн зулзага.
ангаахай Жигүүртний өндөгнөөсөө сая нэвчин гарсан зулзага.
бамбар Барын зулзага.
бамбарууш Баавгайн зулзага.
бор Халиуны зулзага.
ботго Тэмээний төл.
бөжин Туулайн зулзага.
бэлтрэг Чонын зулзага.
гавар Үнэгний зулзага.
ганьс Мангисын зулзага.
гөлөг Нохойн зулзага.
гөлчгий Хулгана, оготно зэрэг жижиг амьтны зулзага.
гүег Арслангийн зулзага.
дах Анчин шувууны зулзага.
дэгдээхий Шувууны зулзага.
жараахай Загасны зулзага.
монио Сармагчны зулзага.
мөндөл Тарваганы зулзага.
торой Гахайн зулзага.
төл Мал гөрөөсний зулзага.
ботго Тэмээний төл.
дудрай Илжигний төл.
зангуудай Бор гөрөөсний төл.
ил Бугын төл. Мөн бугын төлийг зоргол, нүрээ гэж нэрлэдэг.
ишиг Ямааны төл.
тугал Үхэр, заан зэргийн төл.
тэлээ Хоёр эхийг хөхөж өссөн төл.
унага Адуу тахийн төл.
хотол Хандгайн төл.
хурга Хонины төл.
янзага Зээрний төл.
хувилгана Могойн зулзага.
хөх Зэрлэг гахайн зулзага.
цорд Зурамны зулзага.
цурав Тахианы зулзага.
цурван Усны шувууны зулзага.
шарайх Шилүүсний зулзага. Мөн ногуул ч гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!