-Тоймчийн үг-
Монголын төр бол УИХ. УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол төрийн минь сүлд хийморийг түшигч, Монгол төрийн бодлогыг тодорхойлогч гэж ойлгодог. Харамсалтай нь төрийн босго намдсанаас хэн дуртай нь УИХ-ын гишүүнд санаархаж, ард түмнээс сонгогдсон төрийн түшээд нь юу дуртайгаа хэлж ярьж, хийдэг болсон нь өнөөдөр Монголын төр, УИХ-ын нэр хүндийг шалд нь хүртэл унагалаа.
Өглөө бүр төрийн сүлдэндээ залбирч цагаан сүүнийхээ дээжийг өргөдөг ээж, эмээ нарын хүндлэл, залбирал алсарсаар байгаа нь хэнээс, юунаас болов? Төрийн түшээдээ “76 тэнэг” хэмээн нэрийдэж, үл хүндлэн, үл ойшоодог болсон нь хэнээс, юунаас болов?
Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар 25 насанд хүрсэн ухаан саруул хэнбугай ч УИХ-д нэр дэвших эрхтэй. Хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуульд зүсэн зүйлийн нэр дэвшигчид л өрсөлдөж байлаа.
Насанд хүрсэн хүн бүрийн хийж чаддаг сав угаагч, цэвэрлэгч ачигч, манаачийг хүртэл ажилд авахдаа “дээд боловсролтой” байхыг шаарддаг болсон үед Монгол Улсын төрийн дээд байгууллагад ажиллах хүнд бүр өндөр шаардлага, шалгуур тавих учиртай. Гэтэл өнөөдөр 25 нас л хүрсэн бол дээд боловсролтой боловсролгүй, ер нь ард түмэнд таалагдаж л байвал 10 жилийн сургууль төгсөөгүй байсан ч УИХ-ын гишүүн болох боломжтойг С. Ганбаатар, Х.Баттулга нар харуулсан.
“Чадаж байгаа хүнд арга байхгүй” гэж үг бий. Тэглээ гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах түшээдэд ийм хямдхан шалгуур тавих нь Монгол төрийн, УИХ-ын босгыг улам намсгасаар байна.
Цаашид нэр дэвшилт, сонголт энэ хэвээр үргэлжилсээр байвал Монголын 25 нас хүрсэн хүн бүхэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж азаа үзэж яагаад болохгүй гэж.
Монгол Улсын төрийн дээд байгууллагад ажиллах хүнд бүр өндөр шаардлага, шалгуур тавих учиртай.
Хэрэв мөнгөтэй бол намд хандив өгч “жагсаалт” гэх галт тэргэнд суугаад УИХ-д шууд орж ирэх боломж ч бий. 2012 оны УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжиж, ард түмэнд таалагдах нь байтугай танигдаагүй хүмүүс намаа төлөөлөн Төрийн өндөр албан тушаалтан болж болдгийг Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар харуулсан.
УИХ-ын гишүүн болчихсондоо өөрсдөө ч итгэж чадахгүй сандран гүйж явсан түүх тэдэнд бий. УИХ-ын гишүүнээр ч зогсохгүй төрийн сайдын албыг давхар хашиж буй нь чадалтай, чадвартайдаа биш ээ. Ганцхан Монгол төрийн босго ямар хэмжээнд намсаж, үнэгүйдсэний бодит баримт нь энэ. Өөрсдийгөө гололгүй УИХ-д нэр дэвшиж, сонгогдож, төрийн түшээ гэх эрхэм алдрыг хүртэж, эрх ямбыг нь эдэлж чадах байгаа тэднийг буруутгах аргагүй. 2016 оны УИХ-д тэднээс ч дор “би чаднаагийнхан” орж ирэхийг үгүйсгэх аргагүй.
Сүүлийн үед бараг хүн бүхэн шахуу л УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг болсон. Биеэ засаад, гэрээ засчихсан хүмүүсээс эхлээд их сургуулиа дөнгөж төгсөөд тогтсон ажил төрөлгүй атлаа сонгуульд үзэх сонирхолтой хүмүүс захаас аван олширсон. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлдог, хамгийн гол нь хууль санаачлан, хэлэлцэж, батлах үндсэн ажилтай хүмүүс. Шалгуур шаардлага тавьж болдог бол хуульч, эдийн засагч мэргэжилтэй, энэ чиглэлээр олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн л хаших учиртай төрийн өндөр албан тушаал юм.
Гэтэл мэдлэг боловсролоо гололгүй, улс төрийн намуудад хөрөнгө мөнгөө баран байж, хүн бүр яагаад УИХ-д орох гэж зүтгэх болов. Үүний цаана УИХ-ын гишүүний бүрэн эрх, түүгээр дамжуулан хүссэндээ хүрч болдог улс төрийн хуйвалдаан, зөвшилцөл нэртэй далд наймаа, тохиролцоогоор Монголын төр, засгийн бодлого шийдвэрт нөлөөлж болдог “халдашгүй дархан эрх” нуугддагийг улстөрчид эхнээс нь илчилж буй.
Төмөр зам, Тавантолгойгоос эхлээд мега төслүүдийг УИХ-аар хэлэлцэж гацаасны цаана улс орны эрх ашиг биш зарим нэг халдашгүй эрхтэй гишүүдийн ашиг сонирхол нуугдаж буй гэх хардлага ард түмний дунд байсан.
Энэ нь ч эхнээсээ илэрч, хэдэн зуун сая ам. долларын мөнгөний асуудал сөхөгдөж буйн нь УИХ-ын нэр дэвших хүмүүсийн шалгуур, шаардлагыг өндөрсгөх зайлшгүй шаардлага буйг харуулж байна.
Өнөөдөр гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн гэх залуучуудыг УИХ-д олноор нь оруулж ирснээр Монголын төр төр шиг болж, улс төр цэвэршихгүй л болов уу. Харин УИХ-д боловсрол мэдлэг, ажил, амьдралын туршлагаас гадна хувь хүнийхээ хувьд зангарагтай, жудагтай хамгийн гол нь ёс зүйтэй хүмүүсийг нь шилж сонгож оруулж ирж чадвал ядаж өндөр төрийн маань босго дахиад намсахгүй юм даа.
Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсдод тавих шаардлага, шаардлагыг зөвхөн улс төрийн нам, фракц бүлэглэлийн “нүдээр” харахаа болих цаг болжээ.
УИХ-д зангарагтай, жудагтай нэр дэвшигчийг сонгогчид олж сонгож чадах эсэх нь Монгол төрийн аврал болоод байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд тэдний бүрэн эрх, халдашгүй байдлыг бид хуулиар хангалттай зааж өгсөн. Харин одоо хүлээх үүрэг, хариуцлагыг нь тодорхой зааж, хуульчилж өгөх хэрэгтэй болсныг Сонгуулийн холимог тогтолцоо ялангуяа жагсаалтын гишүүд хангалттай мэдрүүллээ.
Ардчилсан парламентын өнгөрсөн 24 жилийн хугацаанд сонгогчдын сонголтыг “ходоодны”, “мөнгөний” гэхмэтчилэнгээр ангилж, үе үеийн УИХ-ыг бүрдүүлсэн. Гэвч УИХ, түүний гишүүд өнөөдрийнх шиг ийм жудаггүй, зангарагагүй байгаагүй билээ. Ядаж л УИХ-д олонхийг бүрдүүлж асан улстөрийн хүчин нь нам гэх нэг “толгой” дор зангидагдаж, төр, засгийн бодлого үйл ажиллагааныхаа зааг, ялгааг мэддэг байлаа.
Харин өнөөдөр УИХ, Засгийн газар хэн нь ямар асуудлыг шийдэх, ямар үндсэн үүрэгтэйгээ ч мартан хөрөнгө мөнгөтэй холбоотой мега асуудлуудад Засгийн газартайгаа эрх мэдлээ булаацалдах болсон нь УИХ-ыг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага гэдгийг нь мартууллаа.
Тиймдээ ч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн зарим нь УИХ-ын гишүүн болчихвол эрх мэдлийн дээд оргил, мөнгө “үйлдвэрлэх” хэмжээгүй эрхт боломж хэмээн хямдхан үнэлж буй нь одоогийн УИХ-ын бодит байдлаас үүдэлтэй. Тиймээс улс орныг хуулиар удирдах ёстой УИХ-д зангарагтай, жудагтай нэр дэвшигчийг сонгогчид олж сонгож чадах эсэх нь Монгол төрийн аврал болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!