Танд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
Монголчууд гэж нэг л их ардчилал, эрх чөлөө, халдашгүй дархан эрх, итгэл үнэмшил, чөлөөт үзэл бодол ярьсан хүмүүс болж хувирчээ. Ингээд хүн бүрт ижил тэгш олгогдсон.
Хүн бүр амьд явах эрхтэй, аж төрөх амьдрах боломжоор хангагдах ёстой, хүний амь насыг аливаа хууль бус халдлага, аюул заналхийллээс бүх талаар хамгаалж байх ёстой, хүний хэвийн нэр төртэй амьд явах эрх зүйн хийгээд нийгэмшлийн, эдийн засаг, экологийн болон бусад нөхцөлөөр хангах төр хариуцах ёстой гэсэн лоозон тавьчихаад тус тусдаа амар жимэр суухыг илүүд үздэг болжээ.
Манай сонин энэ дугаартаа нийтэд хамааралтай, нийтийн хэмээн тодотгож байгаа ч иргэн танд хамаатай эрүүл мэндийн сэдэв, хүн амын нас баралтаар тэргүүлж байгаа таван гол шалтгааныг хөндөхийг зорилоо.
Тоон мэдээ
Юуны өмнө Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, өвчлөл ба гадны шалтгаант нас баралт, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчнүүд оржээ.
Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад 2007 оны нийт нас баралтын 75.3%-ийг цусны эрхтэн системийн өвчлөл, өмөн үү, осол гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөллөөр нас барсан тохиолдол эзэлж байсан бол 2013 онд зүрх, судасны тогтолцооны шалтгаант нас баралт арван мянган эрэгтэй хүн амд 22.7, арван мянган эмэгтэй хүн амд 16.7 ногдсон байна.
Үүнээс онцлоход Монгол эрчүүдийн нас баралтын шалтгааныг тархинд цус харвах өвчин тэргүүлсэн байх юм. Харин эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны эхэнд хавдар бичигдсэн байна.
Хүн амын нас баралтын шалтгааны гуравт бичигдсэн өвчлөл ба гадны шалтгаант нас баралтын тухай мэдээллээс үндэстний хувьд эмгэнэл болж байгаа асуудлыг олж харж болно. 2013 он гэхэд нас барсан хүн амын 19.7 хувь нь зам тээврийн ослоор, 15.7 хувь нь амиа хорлож, 8.5 хувь нь бусдад хорлогдож, 56.1 хувь нь бусад ослын шалтгаанаар ертөнцийн мөнх бусыг үзжээ.
Үүн дотроо эрэгтэйчүүдийн амиа хорлох, бусдад хорлогдох, зам тээврийн осолд өртөж амь насаа алдах нь эмэгтэйчүүдээс их байгаа бөгөөд үзүүлэлтийг арван мянган хүн амд харьцуулан авч үзвэл амиа хорлосон тохиолдлын тоо 6.1 дахин, хүчирхийлэл, бусдад хорлогдсон тохиолдлын тоо 3.9 дахин, зам тээврийн ослын тохиолдлын тоо 3.9 дахин их байжээ. Хүн амын нас баралтын шалтгааныг тэргүүлж байгаа өвчлөлүүдээс хэрхэн сэргийлэх вэ?
Цус харвалтаас хэрхэн сэргийлэх вэ?
Хэрвээ юм ярихад бэрхшээлтэй болж хэл ам ээдэрч, биеийн нэг тал мэдээ алдах,бадайрах, толгой эргэх, алхахад бэрхшээлтэй болох эсвэл, нүд бүрэлзэж, толгой байнга өвдвөл яаралтай эмчид хандаарай. Харин доорх аргыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болговол та энэхүү өвчнөөс сэргийлэх боломжтой.
1. Биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барьж, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх. Долоо хоногт доод тал нь дөрвөн удаа явган алхах, өглөө гүйх зэрэг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өөх тос багатай эрүүл хүнсээр хооллож, жимс ногоог түлхүү хэрэглэх.
2. Цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж, даралт ихдэлтээс урьдчилан сэргийлж байх.
3. Цусан дахь холестерины хэмжээг хянах. Малын гаралтай өөх тос бага хэрэглэх.
4. Тамхинаас татгалзах. Тамхины никотон нь судас нарийсгаж, тархины цусан хангамжийг бууруулдаг байна.
5. Архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэснээс болж залуу хүмүүс хүртэл цус харвалтад өртөх магадлалтай болдог.
6. Өтгөн хаталтаас сэргийл. Өтгөн хатах нь бие махбодод хортойгоос гадна хүчтэй дүлснээс болж зүрх болон судсанд даралт өгдөг байна.
7. Стресс ядаргаанаас ангид байх. Сэтгэлийн стресс бухимдал даралт ихэсгэж, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан зүйл.
8. Эмч нар аспиринийг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Аспирин нь цусыг шингэрүүлж, цус нөжрөлтийг багасгадаг гэж үздэг. Мөн сармис бол цус цэвэршүүлж, шингэрүүлэх тустай байгалийн эм юм шүү. Сармисыг хоол ундандаа түлхүү хэрэглээрэй.
Хорт хавдрын тухайд...
Эрүүл мэндийн салбарынхан тамхи татах-ыг “муу зуршил” гэж үздэг ба хорт хавдар үүсэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл гэж тодорхойлжээ.
Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод, нойр булчирхай, савны хорт хавдрыг "бэлэглэдэг" байна. Тамхи татахад хүний амны хөндий эхэлж гэмтэн, судаснууд нарийсч, цус өтгөрсөнөөс эрхтэн системүүдэд өөрчлөлт ордог байна.
Умайн хүзүүний хавдар: Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг байна.
Үүнээс сэргийлэхийн тулд хүний хөхөнцөр вирусийн вакцинд хамрагдах, бэлгийн тогтвортой харилцагчтай байх, бэлгийн харилцаанд эрт орохгүй байх, бэлгэвч, диафрагм хамгаалах арга хэрэглэх, бэлгийн ариун цэврийг сахих, хорт зуршлаас татгалзах, хоол хүнсэндээ жимс, ногоо ахиу хэрэглэх, умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд гурван жилийн давтамжтай хамрагдаж хэвших нь чухал.
Элэгний хавдар: Элэгний хавдар буюу элэгний анхдагч өмөн (ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар аж. Элгэнд удаан хугацаагаар үйлчилсэн химийн хортой бодис болон архаг ужиг өвчнүүдийн улмаас элэгний өмөн үүсдэг.
Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй (таван см-ээс бага голчтой) үед ямар нэг зовиур шинж тэмдэг илэрдэггүй байна. Харин хавдар томорч, элэгний бүрхүүл хальс руу нэвчиж ургасан болон цөсний сувгийг дарж бөглөрсөн тохиолдолд зовиур илэрдэг аж.
Элэгний хавдар буюу элэгний анхдагч өмөн (ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар аж.
Дэлхий нийтэд элэгний хорт хавдрын хамгийн гол эрсдэлийн хүчин зүйл нь В гепатит вирус (HBV), С гепатит вирус (НСУ)-тай архаг вирус юм. Эдгээр вирус нь бохирдсон тариурыг эмчилгээнд хувааж хэрэглэх, хамгаалалтгүй хавьталтын замаар хүнээс хүнд дамжих боломжтой учраас эдгээр хорт хавдрын заримаас нь тариур хувааж хэрэглэхгүй байх замаар урьдчилан сэргийлэх боломжтой аж. Мөн таргалалтаас урьдчилан сэргийлэх ёстой.
Таргалалттай хүмүүс элэгний хорт хавдартай холбоотой элэг өөхлөх өвчлөл, чихрийн шижинтэй байх магадлал илүү их гэнэ. Түүнчлэн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг өвчнүүдийг бага дээр нь эмчлүүлж байхыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөдөг байна.
Тухайлбал, нярай хүүхдийг В вирусийн эсрэг вакцинд хамруулах, элгийг хордуулдаг архи болон бусад хорт зуршлаас татгалзах, амьтны гаралтай мах, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, хөгцөрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх, эрсдэлд бүлэгт хамаардаг бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.
Ходоодны хавдар: Үүнээс сэргийлэхэд хооллолт чухал үүрэгтэй аж. Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнийг хориглох ёстой юм байна. Мөн шарсан, хуурсан, өөх тос ихтэй хоол хүнснээс аль болох зайлсхийж байхыг эмч нар зөвлөж байна.
Уушигны хорт хавдар: Энэ өвчнөөр өвчлөгсөд залуужсан. Өвчний халдвар авагчдын нас залуужсан. 19-25 насныхан тамхи татсанаасаа болж халдварын голомт тээх болсон гэж эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.
Тамхины утаан дахь найрлаганд 450 гаруй хавдар үүсгэгч бодис байдаг. Энэ нь шээсний хүчилтэй нэгдсэнээр хавдар үүсгэх шалтгаан болдог байна. Мөн агаарын бохирдол давхар нөлөөлж байгааг дурдсан байна. Утааны найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин үүсгэх чадвартай хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг аж.
Тамхины утаан дахь найрлаганд 450 гаруй хавдар үүсгэгч бодис байдаг.
Хэрвээ тамхийг хаяж чадвал хорт хавдраас 90 хувь сэргийлнэ гэж эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна.
Нэмж хэлэхэд олон жил тамхи татсан хүмүүс уушигний архаг бронхит, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнөөр давхар өвддөг байна. Манай иргэд уушигны хорт хавдраа мэдэхгүй явж байгаад цаг алдаж, өвчнийг III болон IV үед ирэхэд эмчид хандах нь элбэг гэнэ. Энэ тохиолдолд өвчтөнд туяа хими эмчилгээ хийдэг ч эцсийн шатанд орсон бол хэцүү гэдгийг эмч нар сануулж байна.
Улаан хоолойн хавдар: Энэ өвчнөөх өвчлөгчдийн ихэнх хувийг ази тивийн оршин суугчид эзэлдэг гэнэ. Үүнд газар зүйн байршил буруугүй, ердөө л хүмүүсийн хоол хүнсний буруу хэрэглээ, муу зуршил буруутай аж. Энэ тивийн иргэд архи тамхи, чинжүү, давс, перец зэргийг ихээр хэрэглэдэг.
Монголчуудын хувьд ч улаан хоолойн хавдраар өвчлөгсдийн ихэнх хувийг баруун аймгийнхан эзэлдэг байна. Учир нь тэд давс, хужрыг хоол, цайндаа ихээр хэрэглэхээс гадна ихэвчлэн 70 болон түүнээс дээш хэмийн халуун цай уудаг байна.
Үүнээс сэргийлэхийн тулд улаан хоолойн архаг үрэвслийг төгс эмчлэх, ходоодны архаг үрэвсэл болон шархлааг эмчилж эдгээх, улаан хоолойг гэмтээх цус гаргах шарх үүсэхээс хамгаалж байх, архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх, хоолны дэглэм баримтлах.
Хэт халуун болон хэт хүйтэн хоол хэрэглэхгүй байх, жижиг ястай загас болон хатаасан давсалсан мах борцыг болгоомжтой хэрэглэх, жимс ногоогоор баялаг олон төрлийн хоол хэрэглэх, цууны хүчил бусад хүчлүүдийг хүүхдээс хол байрлуулж хадгалах, суурь өвчин болон ходоод, улаан хоолойн сөргөө, барретийн улаан хоолой, ахалази, дивертикул зэрэг өвчнийг эрт оношилуулаад эмчлүүлэх нь чухал аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

