Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит БУС чуулганыг 51.3 хувийн ирцтэйгээр нээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 18-н буюу өчигдөр нээлтээ хийх ёстой байсан ээлжит бус чуулган МАН-ын гишүүд хуралдаа орж ирэхгүй байгаа учраас хойшлогдсоор өнөөдөр нээлтээ хийлээ.

Гэхдээ нээлтэд МАН-ын гишүүд байсангүй. Харин АН-ын бүх гишүүд, Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга, С.Баянсэлэнгэ нар ирснээр 51.3 хувийн ирцтэй байв.


УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэхдээ  "Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг  2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан.

Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. 2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25 хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. 

Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой. 

Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөшөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төсөл дэвшүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ.  

Эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн батлахыг хүсье. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье." гэв.

 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  1. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;
  2. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  5. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  6. Хууль сахиулах тухай хуулийн төсөл;
  7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  8. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;
  9. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  10. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  11. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  12. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  13. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  14. Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;
  15. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;
  16. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;
  17. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  18. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
  19. “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  20. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  22. Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  23. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  24. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.