Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ынхан ээлжит бус чуулганаа нээж чадалгүй тав хонолоо

Б.Төрбат
2016 оны 2 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Параментад олонхийг бүрдүүлж, төрийн эрхийг жолоодож буй ээлжит бус чуулганаа товлосон өдрөө нээж чадалгүй ажлын хоногийг ардаа үдлээ. Уг нь, өнгөрсөн Даваа гарагт ээлжит бус чуулганыг нээх байсан ч гишүүдийн ирц хангалтгүй гэх шалтгаанаар өчигдрийг хүртэл хойшлуулсан.

Харамсалтай нь, өчигдөр чуулганыг нээхэд хоёрхон гишүүний ирц дутаж, АН-ынхан бүтэн өдрийг танхимдаа хүлээлтийн байдалтай өнгөрүүллээ. 

Өөрөөр хэлбэл, чуулганы танхимд АН-ын 35 гишүүнээс гадна МҮАН болон ИЗНН-ын гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд зөвшилцөж, тохиролцоонд хүрч чадаагүй гэх шалтгаанаар МАН-ын 26, МАХН-ын зургаа, бие даагч гурван гишүүн хуралдааны танхимд хамраа ч цухуйлгаагүй нь өчигдрийн улс төрийн гол сэдвийн нэг байв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд АН-ыг “Үндсэн хуулийг зөрчиж байна“ гэж үзэж байгаа бол МАХН-ын зургаа н гишүүн болох З.Баянсэлэнгэ, Ч.Улаан, Г.Уянга, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон нар намынхаа даргыг Шадар сайд болгосонгүй хэмээн тас гүрийхээр шийдэв бололтой.

Харин бие даагч гишүүдийн хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын байр суурийг хүргэж байна.


З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРСАН Л БОЛ ГИШҮҮД ХУРАЛДААНДАА СУУХ ҮҮРЭГТЭЙ

-Сөрөг хүчин болон бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөөд ээлжит бус чуулганаа нээж, төрийн ажлыг явуулах боломж байгаа болов уу?

-АН-ын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцлөө үргэлжлүүлсээр яваа. Ардын намтай ч, МАХН-тай ч олон жил зөвшилцсөн. Харамсалтай нь, Дэгийн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа. УИХ-ын даргын захирамж гарсан бол УИХ-ын гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Даргын зөвлөл бол зөвшилцлийн хүрээнд явагддаг. 

Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр даргын зөвлөлийн хурлаар гарч ирсэн. Түүнээс биш би дураараа хийгээгүй. МАН-ын хоёр, гурван гишүүн ингэж хэлж байсан. Зөвшилцөлд МАН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга өөрсдөө ордог. Бүх намын төлөөлөл даргын зөвлөлд байгаа.

-Ээлжит бус чуулганы эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах. Цэцийн дунд суудлын шийдвэр гарчихсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн боломжтой гэж үү?

-Үндсэн хуулийн цэц Их хурлын сүүлд баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээ нь Хууль зөрчсөнийг Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө шүүх тогтоодог байсан. Х.Тэмүүжингийн хуульд эрх бүхий байгууллага тогтооно гэж заасан байсан.

Аль, аль нь хүчингүй болсон учраас Үндсэн хуулийнхаа заалтын дагуу хууль зөрчсөнийг хэн тогтоох нь байхгүй болсон учраас УИХ өөрөө шийдээд явна.

УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг захирамжид оруулах эрх надад байхгүй.

Цэцийн дарга яагаад огцрох дээрээ тулчихсан гэхээр тэр хуулийн өөрчлөлтөөс болж огцрох дээрээ тулаагүй. Хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснээсээ болоод огцрох гээд байгаа юм.

Монгол Улсад хуулийг хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг ганцхан УИХ хэлдэг. Тэрнээс Үндсэн хуулийн цэц, Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. Тийм алдаа гаргасан учраас огцрох дээрээ тулсан.

-АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэн агуулгатай бичиг ирсэн гэсэн. Энэ тохиолдолд Ерөнхий сайдаас Шадар сайдын нэрийг Их хуралд өргөн барих боломжгүй болж байгаа хэрэг үү? 

-Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Ямар бичиг ирснийг мэдээгүй байна. Үнэхээр нэрийг нь өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаажилж болохгүй. Бид хуулиа дагах ёстой. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг захирамжид оруулах эрх надад байхгүй.

-АН 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэж орох уу?

-АН 2004 оноос хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай , намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг намууд АН-тай нэгдэж болно. Бид урилга явуулсан. Урилгын дагуу процессууд явагдаж байгаа. 
МАХН-тай нэгдэх урилга явуулаагүй, сонгуульд хамтарч орохгүй. Энэ бол маш тодорхой.

Бид дангаараа олонх болох зорилго тавьж ажиллаж байгаа. 26 жил биднийг олонх болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Одоо нэг болгоод өгөөч ээ. Бид дараагийнхаа 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр. Бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Энэ мэт хийх ажил олон байгаа ч бидний эрх мэдэл хүрэхгүй байна.

Өнөөдөр хурлаа хуралдуулж чадахгүй байна. Бид 35-уулаа байгаа. Дахиад 4 гишүүн дутаад байна. Хэн нэгэн намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр ирцээ бүрдүүлээд хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад дөрвөн гишүүн дутаж байна. Энэ их хурал байгуулагдаад Ардчилсан нам их хуралд байгаа бүх намууд, бие даагчидтай хүртэл болохоосоо, болохгүй хүртэл эвсэж үзсэн. Олонх болоогүй учраас энэ мэт зовлон гарч байна. Тиймээс 2016 онд Монголын ард түмэн аль нэг намыг нь олонх болгох хэрэгтэй. Тэгж байж ажил явна. Бид олонхи болоогүй ч ажлаа бол хангалттай хийсэн.

С.БЯМБАЦОГТ: АН-ЫНХАН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА БОЛОХООР ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд яагаад ээлжит бус чуулганы хуралдаандаа оролцохоос татгалзаад байгаа юм бэ?

-Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ээлжит бус чуулган хуралдах гэж байгаа болохоор МАН-ын бүлэг оролцохгүй. Үүнийгээ ч өмнө нь мэдэгдсэн. Монгол Улсын их хурал үйл ажиллагаандаа гагцхүү хуулийг дээдлэн ажиллана гэсэн заалт бий. УИХ-ын гишүүд ч тангараг өргөхдөө хуулийг дээдэлж ажиллахаа тангарагладаг. Бүр төрийнхөө сүлдний өмнө шүү.

-Жаахан тодруулж болох уу?

-Өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд орсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гэж байгаа асуудал НЬ эцэг хуулиа зөрчиж байна. Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн найман гишүүн гарын үсгээ зурж, ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 65.4-т Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчих аваас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр болон анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэж УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг.

Гэтэл анх илгээсэн байгууллага нь Улсын дээд шүүх. Улсын дээд шүүх санал ирүүлээгүй бөгөөд “Тусгайлан өгөх саналгүй” гэсэн. Хууль зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага бол шүүх. Түүнээс биш хууль зөрчсөнийг УИХ-ын Тамгын газрын дарга тогтоодоггүй.

Гэтэл АН-ынхан ийм утгатай зүйлийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүх зүйлийн аль нь ч бүрдээгүй байхад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гэж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Иймээс МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы хуралд оролцохгүй.

-Гэхдээ яаралтай хэлэлцэн шийдвэрлэх олон хууль бий шүү дээ. Ээлжит бус чуулганаа нээж, асуудлыг танхимдаа ярилцаж болохгүй гэж үү?

-Яг энэ тухай олон удаа ярьсан. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй, хойшлуулахыг удаа дараа хүссэн. Өмнө нь хоёр ч удаа завсарлага авсан. Нөгөөтэйгүүр УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар УИХ-ын болон байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байж болно гэж. Энэ заалтын дагуу бид чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа юм.

-Яг санал нэгдэхгүй байгаа асуудал дээрээ гарч яваад, бусдыг нь хэлэлцээд явж болно биз дээ?

-Болно л доо. Эхлээд АН-ынхан ээлжит бус чуулганаа нээг.

-Ээлжит бус чуулганыг нээх гэхээр гишүүдийнх нь ирц хүрэхгүй байна шүү дээ?

-Нээлттэй хамт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьчихсан байгаа. Тийм болохоор чуулганы хуралдаанд оролцохгүй.

Зураг