Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Ардын хувьсгалын дараах зураг урлал

МОНСУДАР
2016 оны 2 сарын 15
www.ikon.mn
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна.

Ардын хувьсгалын анхны жил буюу 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл гарсан “Монголын үнэн” сонины анхны дугааруудад ардын намын бодлогыг илэрхийлсэн зургууд нийтлэгдэж байсан нь хүн амын дийлэнх хэсэг нь бичиг үсэггүй байсан нөхцөлд нам засгийн бодлогыг ойлгомжтойгоор сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ байдал хувьсгалаас хойших жилүүдэд ч мөн адил үргэлжилж байв. Энэ нь нэг талаар ухуулга сурталчилгааны хэлбэр байсан болов ч нөгөө талаараа шинэ үеийн дүрслэх урлагийг үүсгэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 

Мөн энэ үед өвөрмөц дүрслэл бүхий шог зургууд ч гарч байжээ. 1930-аад онд зураач урчууд ихэвчлэн Улсын хэвлэх үйлдвэр, Улсын төв театр, Урлалын артель, Цэргийн сурган боловсруулах газар, Гэгээрлийн яам зэрэг газар ажиллаж байв. Энэ үед уран бүтээлчдийг нэгтгэн удирдах бие даасан мэргэжлийн байгууллага хараахан бий болоогүй байсан бол 1931 онд Эд хэрэглэгчдийн хоршооллоос Гар үйлдвэрийн артелийг салгаж бие даасан байгууллага болгон улмаар 1953 онд “Урчуудын артель” болгожээ. 

1939-1940 онуудад Урлагийн хорооны клуб, улаан булангийн ажлыг удирдах тасгийн дэргэд хичээллэж байсан зураачдын мэргэжил дээшлүүлэх дугуйлан, Багшийн сургуулийн дэргэдэх зургийн бүлгэм хэмээх хоёр газар ирээдүйн зураачдад зураг зурах арга техникийн талаарх анхны мэдлэгийг олгож байв.

Анх 1939 онд Судар бичгийн хүрээлэнгээс хот хөдөөгийн урчуудыг цуглуулж тэдний хийсэн зүйлээр үзэсгэлэн гаргасан нь хойшид жил бүр тогтмол гаргах болсон зураач урчуудын төрөлжсөн үзэсгэлэнгүүдийн анхдагч болсон байна. 

1943 оны зун хэсэг зураачдыг Зураг урлалын газраас Дорнод, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт уран бүтээлийн томилолтоор явуулж намар нь тэдний зурсан зургуудаар Соёлын ордонд томоохон үзэсгэлэн гаргаж судалбар зургуудаас Л.Гаваагийн “Цаатан” зураг аж байдлын сэдвээр гарсан бүтээлийн шилдэг зураг болсон байна.

Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор жанжин Сүхбаатарын хөшөөг байгуулахаар шийдвэрлэж үүний дагуу барималч Чоймболыг Зөвлөлтийн барималч С.Мерркуровын дэргэд курс хийлгэхээр хоёр жилийн хугацаатай сургах болсны зэрэгцээ зураач Г.Одон, С.Доржпалам нарыг ЗХУ-д уран зургийн дээд сургуульд явуулжээ. 

Сүхбаатарын хөшөөний чулуун арсланг барьж буй нь

Аж байдлын сэдэвт зураг дөчөөд оноос хойш эрчимтэй хөгжиж 1945 онд тэр үеийн наадмын уур амьсгалыг бүрэн харуулж чадсан Д.Лувсанжамцын “Сур харвалт” зураг бүтээгдэв. 1950-аад онд Монгол зургийн аргыг улам баяжуулж Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, “Шанзчин”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, “Бухын мөргөлдөөн”, “Ууланд”, Л.Гаваагийн “Алтайн уулс”, Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа” зэрэг монголын дүрслэх урлагийн суурь бүтээлүүд гарчээ.

Монголчууд цуврал

Уг цувралын хүрээнд монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртлэх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээл орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртлэх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд” 
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе”