Сангийн дэд сайд С.Пүрэвтэй Татварын шинэчлэлийн багц хуулийн талаар ярилцлаа.
-УИХ-д Татварын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа. Уг хуулийн шинэчлэлээр өөрчлөгдөж буй гол чиглэлүүдээс яриагаа эхлэх үү?
-Татварын хоёр дахь шинэчлэлээр үндсэн хэд хэдэн асуудлыг шийдэхээр байгаа. Өнөөдөр монголын татвар 23 хуулиар зохицуулагдаж байна. Эдгээр хуулиудын тоо хэмжээг багасгаж хоорондын уялдаа холбоог сайжруулах, ойлгомжгүй зүйлүүдийг тодорхой болгох, давхардсан зүйлүүдийг арилгах чиглэлийн зохицуулалтыг хийж байгаа.
Хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлт орж байгаа.
С.Пүрэв: 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татаврын 90 хувийг буцаан олгохоор болж байна. Үүнд манай улсын 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 хувь нь хамрагдах боломжтой.
Тухайлбал саяхан УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдлаа. Үүнтэй зэрэгцээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд өөрчлөлт орж байгаа. Тодруулбал шинээр бизнес эхэлж буй аж ахуйн нэгжүүдийг эхний жилийн орлогын албан татвараас чөлөөлөх, өөрсдийн ажилтнаа бэлтгэх сургах зэрэг зардлыг нь татварт хамаарахгүй зардалд хамруулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа. Гуравдугаарт далд эдийн засагтай тэмцэх, далд эдийн засгийг ил болгох, хүн болгон татварын өмнө тэгш эрхтэй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр томоохон өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Энэ дотор НӨАТ-ын босгыг өндөрсгөх талаар орж байгаа. 1997 онд НӨАТ-ын босгыг 10 сая төгрөгөөр тогтоож байсан. Эдийн засгийн өсөлт, үнийн өсөлттэй уялдаад тухайн үеийн мөнгө одоо өөрөөр үнэлэгдэх болсон. Тиймээс манай яам олон улсын туршлага, ойролцоох хөгжилтэй орнуудын хувь хэмжээ, бодит байдал зэргийг харж үзээд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг байхаар тусгаж оруулж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүй татварын бодлогоос болж хөрөнгө оруулагчид дайжлаа гэсэн яриа гараад байгаа?
-Ер нь манай татварын хууль Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг эс тооцвол 15 жил тогтвортой мөрдөгдөж ирсэн. Бид иргэдэд татварын шинэ ачаалал бий болгохгүй. Уул уурхай дээр шинэ татвар ногдуулах талаар бид яриагүй. Харин Газрын хэвлийн татварыг авахаар болж байгаа. Өнөөдөр бид ашигт малтмалын татвар авч байгаа, газрын хэвлийн татвар огт авахгүй байна. Үндсэн хуульд газрын хэвлийд байгаа баялаг бүх ард түмний өмч гээд заачихсан байгаа учраас манай орны газар нутгийг хөндөж буй хэн ч гэсэн монголын ард түмэнд татвар төлөх ёстой.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулиар томоохон аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжсэн. Энэ нь төсвийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа учраас татварын шинэчлэлийн шинэ хуулиудаар иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдээс авах татвараа нэмлээ гэсэн шүүмжлэл байгаа?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулиар томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдыг татвараас хөнгөлж чөлөөлсөн зүйл байхгүй. Харин оруулсан хөрөнгө оруулалтынх нь хэмжээнээс хамаараад тогтвортой байдлын баталгааг гаргаж өгч байгаа юм. Хөрөнгө оруулагчид татварын болон бусад хуулийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг.
Нөгөө талаасаа манай хууль 2-3 жил мөрдөгдөөд өөрчлөгдөөд байвал хөрөнгө оруулагчидад анх тооцоолж байсан ашиг орлого нь өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Тиймээс шинэ хуулиар өнөөдөр Монголд мөрдөгдөж буй хуулиар та тооцоо судалгаагаа хийгээд болж байвал хөрөнгө оруулалтаа хий. Харин бид 15 жил тогтвортой энэ хуулийнхаа дагуу авах ёстой татвар шимтгэлээ авах болно гэдгийг л баталгаажуулж байгаа юм.
Одоо өргөн барих гэж буй татварын шинэчлэлтэй холбоотой багц хуульд жижиг аж ахуйн нэгж, иргэдэд нэг их дарамт учруулах зүйл огт байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн Бичил бизнес эрхлэж буй аж ахуйн нэгжүүдийг эсдлээс хамгаалах зүйл заалтууд их бий. Тухайлбал 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татаврын 90 хувийг буцаан олгохоор болж байна. Үүнд манай улсын 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 хувь нь хамрагдах боломжтой. Энэ бол асар том хөнгөлөлт гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр төсвийн алдагдлыг нөхөх гэсэн ойлголттой байвал буруу. Бидний өргөн барьсан хуульд татварын хэмжээг нэмээд төсөвт тийм орлого оруулна гэсэн тооцоо байхгүй. Энэ хууль батлагдлаа ч гэсэн ирэх онд хэрэгжихгүй. Өөрөөр хэлбэл 2013, 2014 оэы төсвийн алдагдлыг нөхөх зорилготой хууль УИХ-д оруулаад байна гэвэл өрөөсгөл ойлголт.
-Татварын багц хуулийг боловсруулахдаа олон улсын жишигтэй харьцуулсан талаар та дээр дурьдсан. Тэгэхээр манай улсын татварын хувь хэмжээг хөгжингүй орныхтой харьцуулах нь хэр зүйтэй алхам бэ. Ялангуяа Хувь хүний орлогын албан татвар дээр?
-Манай улсын татварын ачаалал олон улсын жишигээс харахад харьцангуй бага. Хөгжингүй орнууд хувь хүнийхээ орлогтой харьцуулаад 30 гаран хувийн татвар авдаг. Гэтэл манайд 10 хувийн орлогын албан татавар авч байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдээс 25 хувийн татвар авч байгаа. Бусад иргэд аж ахуйн нэгжүүд 10 хувийн л татвар төлж байгаа.
-Хувь хүний орлогын албан татвар дээр 25 хувиар тооцох нөхцөл гарах уу?
-Ганцхан тохиолдолд гарна. Ногдол ашиг нь гурван тэрбум төгрөгөөс их байгаа тохиолдолд л 25 хувийн татвар төлнө. Тухайн хүн өөрт оногдож буй гурван тэрбум төгрөгийн ашигаа үйлдвэрээ өргөтгөхөд зарцуулж байвал 25 хувийн татвар төлөх шаардлагагүй болох жишээтэй.
-Малын татвар дээр бас хаана байгаагаас нь шалтгаалан хонин толгойд шилжүүлснээр 50, 75, 100 төгрөгийн татвар авна гэж байсан. Ингэж ангилахын учир юу вэ?
-Энэ бол яг таг болчихсон зүйл биш. Судалгааны түвшинд байгаа ажил.
-Татварын шинэчлэлтийг хийх ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ багц хуулийг санасандаа хүртэл сайн боловсруулж чадсан уу?
-Татварын шинэчлэлтэй холбоотой миний хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол татвараа бүрэн авдаг байх явдал. Тэр хувь хэмжээ өөрчлөх нь дараагийн шатны ажил. Өнөөдөр бид далд эдийн засаг 40 хувь байна гэж яриад байна. Энэ нь 100 хүн татвар төлөхөөс 40 нь төлөхгүй байна л гэсэн үг. Чи цалингаасаа 10 хувиа төлдөг биз дээ.
-Төлдөг.
-Тэгвэл зарим хүмүүс ажил хийгээд цалин авч байж яагаад татвар төлөхгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь яагаад татвараас бултаад байна гэдгийг ил болгох, тэднээс татвар авах нь чухал болоод байна. Түүнээс биш татвараа хуулийн дагуу төлж байгаа хувь хүн, албан байгууллага дээр хувь хэмжээг нь нэмэх тухай яригдаагүй байна.
-Тэгэхээр далд эдийн засгийг ил болгох гол хөшүүрэг нь юу байх вэ?
-Хууль эрх зүйн орчинг ерөнхийд нь боловсронгуй болгох талаар ажиллаж байна. Ялангуяа хуулиас гадуур ажиллаад байгаа нөхдүүдийг хуулийн тойрогт оруулахын тулд НӨАТ-ын тухай хууль гол хөшүүрэг нь болно. Үүнд иргэний оролцоо маш чухал. Иргэд аливаа үйлчилгээ бараа бүтээгдэхүүн авсныхаа төлөө НӨАТ-ын баримт авч байх ёстой. Үүнийх нь төлөө иргэдээ урамшуулах тогтолцоог бий болгоно.
Ингэснээр ашиг олж буй иргэн, аж ахуйн нэгжийн орлого тодорхой гарч ирнэ. Жишээ нь нэг ресторан 10 хүнд үйлчилчихээд тэдгээр хүмүүсээс НӨАТ авчихна. Цаашаа татварын байгууллагад тайлагнахдаа манайх 50 хүнд үйлчилсэн гээд өгчихдөг. Энэ тохиолдолд үйлчлүүлсэн иргэдийн баримт байхад тухайн ресторанаас бид татвараа бүрэн авах жишээтэй.
-Төсвийн төсөөллийг боловсруулалцсан хүнтэй уулзсаных асуултыг асуухгүй өнгөрч болохгүй нь. 2014 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр хамгийн их маргаан дагуулж байгаа зүйл нь тодорхой барилгын төсөвт өртөг хэт өндөр байна гэдгийг их ярьж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Мэдээж улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө оруулалтад шат шатны төсөв захиран зарцуулах байгууллага нь хяналт тавин ажиллах ёстой. Сүүлийн үед яригдаад байгаа барилгын салбарын төсөвт өртөг хэд дахин өсдөг асуудал дээр Ерөнхий сайдын хэлж байгаа үнэний ортой. Мөн төсвийг бид зохиодогүй, хэдэн төсөвчид л зохиодог юм байна гэдэг нь үнэн.
Гэхдээ 3-4 жилийн өмнө боловсруулагдсан төслийн өртөг өнөөдөр тодорхой хэмжээгээр өсөх нь тодорхой. Энд одоо ажилтанд өгөх цалин, барилгын материал, тээврийн зардал нь ч гэсэн өссөн байгаа.
Мөн анхнаасаа төсвөө буруу зохиох, буруу зохиосон дээрээ, бусад жижиг зардлуудаа нэмж оруулаад батлах гэх мэт олон асуудал байна. Тийм учраас эдгээр асуудлуудад манай яам, Эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Ойрын хугацаанд үнийн зөрүүний асуудлыг төсөвт хэрхэн тусгаж байх гэдгийг тодорхой болгож өгнө.
Ер нь төсөвт зураг төсөвгүй обьегтыг оруулахгүй гэсэн хууль зөрчигдсөнөөс өнөөдрийн асуудал үүсч байгаа юм. Ирэх оны төсөвт огт зураг төсөвгүй барилгыг огт оруулахгүй байх чиглэлийг барьж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|