“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бие даагчид болон зарим гишүүд Ноён уулыг цогцоор нь буюу 35 мянган га газрыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв.
Харин БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Гацууртын ордыг Засгийн газрын оруулж ирсэн байдлаар нь төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн. Хуулийн төсөлд 11 мянган га газрыг байгалийн нөөцөд авахаар тусгасан байгаа.
Ер нь тусгай хамгаалалтыг дөрөв ангилдаг. Дархан цаазат, байгалийн цогцолборт газар, нөөц, дурсгалт газар гэж. Орж ирж байгаа төсөл маань байгалийн нөөц болон дурсгалт газраар орж ирсэн. Байгалийн нөөцөөр 11 мянган га, дурсгалт газраар 405 га газар гэж зөвхөн танилцуулга дээрээ бичсэнээс биш УИХ-аар батлах гэж байгаа тогтоолын төсөл дээр 11 мянга, 405 га газар ямар ч тодорхойлолт байхгүй.
Байгалийн дурсгалт газраар авах кординатыг Засгийн газраас тогтооно. УИХ бол дархан цаазтай юм уу байгалийн цогцолборт газраар авахыг тогтоодог.
Тиймээс дархан цаазат болон байгалийн цогцолбор газраар нь УИХ-ын гишүүд тогтоолын төсөл өргөн барих боломжтой” гэсэн тайлбар хэлж байв.
Ийнхүү удаан хугацаанд маргаан дагуулсан асуудал шийдэгдэж Гацууртын ордоос Монголын төр 34 хувийг эзэмших боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!