Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Машбат: АНУ-ын баруун эргийн Монголчуудаасаа УУЧЛАЛ хүсье

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн сайдын зөвлөх асан, Судлаач, эрдэмтэн О.Машбат 2014 онд АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон билээ. 

Гэтэл тэрбээр томилогдсон албандаа очиж чадахгүй байсаар жил гарны дараа буюу 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоолоор С.Эрдэнийг түүний оронд томилсон юм. 

Энэ шийдвэрийн дараа О.Машбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж Америкийн Баруун эрэгт сууж буй Монголчуудаасаа хүлцэл өчжээ. Түүний бичсэнийг хүргэе.


О. Машбат миний бие Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон боловч өнөөг хүртэл томилогдсон албандаа очиж чадалгүй харамсалтай яа саатсаар эдүгээ эргэн татагдах болжээ. Намайг томилсон Засгийн газрын тогтоолыг хожим байгуулагдсан Шийдлийн хэмээх Засгийн газар, түүний Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тодорхойгүй шалтгаанаар хэрэгжүүлэхгүй цааргалсаар, төрийн албаны залгамж чанар, ёс жудгийг хөсөрдүүлж, наанадаж АНУ-ын баруун эрэгт амьдран суугаа Монгол Улсын олон иргэнийхээ итгэлд, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгаж ужиграсаар өнөөг хүрэв.
Та бүхнийхээ төлөө ажиллах эрхэм үүрэг Засгаас хүлээсэн минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэвч, Засгийн газрынхаа хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй Гадаад хэргийн увайгүй сайд, тэр тогтоолоо хэрэгжүүлэхийг албадаж чаддаггүй арчаагүй Ерөнхий сайдын үлбэгэр эс үйлдлийн өмнөөс ичин байж, төрөөс даалгасан эрхэм үүргийг жинхэнэ ёсоор гүйцэлдүүлж чадаагүйдээ АНУ-ын Аризона, Айдахо, Вашингтон, Умард Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта муж улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн нэг бүрт мэхийн ёсолж, Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа уучлал хүсье.
Төр нь зангаргатай, залгамжтай, иргэндээ ээлтэй байх сайн цаг ирэхийн ерөөл тавья.
 

АМЕРИКИЙН БАРУУН ЭРГИЙН МОНГОЛЧУУДДААО. Машбат миний бие Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоо...

Posted by Mashbat Otgonbayar Sarlagtan on Wednesday, January 27, 2016