2015 оны хамгийн өндөр орлоготой дуучид
Сар гаруйхны дараа 2016 он гарах нь. Хоёр оны зааг дээр хүмүүс ажил үйлсээ дүгнэж, шинэ төлөвлөгөө боловсруулах гээд л өөр өөрөөр л оноо угтан ажилладаг бол хэвлэл мэдээллийнхэн өнгөрч буй оны хамгийн шилдэг, хамгийн одтой азтай явсан хүмүүс, алдартнууд гээд олон жагсаалтыг гаргадаг. Тэдгээрийн дундаас алдартнуудын “хэтэвчин дэхийг тоолж суудаг ”Форбесынхны гаргадаг жагсаалтууд олон жил дэлхийн олон олон уншигчдын анхаарлыг татсаар л ирсэн. Тэд хамгийн ашигтай ажилласан хамтлаг дуучид, бизнесмен, хамгийн үнэтэй бэлэг гээд л санхүү мөнгөтэй холбогдсон хэн бүхний рейтингээс гадна алдар хүндээр нь ч ангилж дадсан улс. Шинэ он гарах дөхөхөөр л олон олон жагсаалт ар араасаа гардаг, үүний эхлэл болгон 2015 оны хамгийн ашиг орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг хэрхэн гаргасныг хүргэе.
1. Кэти Перри /Орлого: 135 сая ам.доллар/
Жагсаалтын эхний байранд орж, өнгөрсөн хугацаанд хүчтэй өрсөлдөгч байсан Тейлор Свифтийг гүйцэж түрүүлэх боломжийг Prismatic World Tour хэмээх гайхалтай одтой байсан аялан тоглолт нь түүнд өгсөн юм. Жагсаалтыг гаргахад тооцоолсон хугацаанд Кети Перри 126 концерт тоглосны дотроос 75 нь хилийн чинадад тавигдсан тоглолт байжээ. Форбесын үнэлснээр аялан тоглолтын хүрээнд нэг шоуны орлого нь 2 сая гаруй ам.доллар байсан гэнэ. Түүнчлэн Coty, Covergirl гоо сайхны брэндүүд болон Claire’s гоёл чимэглэл үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулснаар түүний түрийвч түнтийж, хамгийн амжилттай, ажилсаг орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлэх боломжийг бүрдүүлжээ.
2. Тэйлор Свифт /Орлого: 80 сая ам.доллар/
Тэйлор Свифт сүүлийн хэдхэн жилийн дотор кантри дуучнаас Америкийн поп шүтээн болон хувирсан нэгэн. 2014 онд гаргасан түүний “1989” цомог нь 3,6 сая хувиар борлуулагдаж, жинхэнэ бестселлер болж байлаа. Харин Wildest Dreams сингл нь дэлхий даяар хөгжмийн чартыг тэргүүлж, улмаар цомог гарган, аялан тоглолт хийснээр түүний амжилтыг нэг мөр баталж өгсөн юм. Форбесынхны тооцоолсноор нэг тоглолтоос 4 сая орлого олсон гэх.
3. Fleetwood Mac /Орлого: 59,9 сая ам.доллар/
Fleetwood Mac хамтлаг энэ жагсаалтанд орсны учир нь Стиви Никс болон Кристин Макви гэх хоёр эмэгтэй гоцлол дуучных нь ач. Тэд өнгөрсөн хугацаанд дунджаар 300 ам.долларын тасалбартайгаар 86 тоглолт хийжээ. Энэ хамтлаг 1960-аад оны сүүлээр байгуулагдаж, нэг бус удаа бүрэлдэхүүн, хөгжмийн хэв маягаа сольж байсан юм.
4. Леди Гага /Орлого: 59 сая ам.доллар/
Леди Гагагийн алдар хүндийн оргил 2000-аад оны сүүлээр тохиож байсан ч дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй одуудын тооноос хасагдах хараахан болоогүй л байна. 2014 онд дуучин 66 тоглолт тавьж, Fame нэрийн үнэртний цуврал гарган, найзынхаа Vetsace брэнд болон Мас брэндтэй ашигтай гэрээ хийснээрээ энэ жагсаалтын дээгүүр “давхиж”, Гага “гандан буурахгүй” гэдгээ дахин нэг нотоллоо.
5. Бейонсе /Орлого: 54,5 сая ам.доллар/
2014 онд Бейонсе Ноулз нөхөр, репчин, продюсер Jay-Z-ийн хамтаар On The Run тойрон аяллын хүрээнд нийтдээ 19 тоглолт хийж, энэ шоунаасаа 100 сая орчим ам.доллар олсон байна. Түүнчлэн Бейонсе “Пепси” болон “Лореал” брэндүүдтэй сурталчилгааны гэрээ хийсний дээр хувцас, үнэртэн үйлдвэрлэлийн хувийн бизнес төслүүдээрээ чамгүй орлого олсон байдаг.
6. Бритни Спирс /Орлого: 31 сая ам.доллар/
Лас-Вегаст хийдэг байнгын шоуныхаа ачаар 2000-аад оны үеийн од урьдын адил сая саяыг олсоор л айна. Игги Азалиатай хамтран гаргасан “Pretty Girls” сийнгл ч мөн л амжилттай байгаагийн дээр The Intimate Britney Spears нэрийн дотуур хувцасны брэндээрээ чамгүй орлого олдог нэгэн.
7. Женнифер Лопес /Орлого: 28,5 сая/
Женнифер Лопесын хувьд тоглолт орлогын гол эх үүсвэр байхаа болиод хэдийнэ удсан. Форбесынхны жагсаалт гаргахаар тооцоолсон хугацаанд Лопес ердөө зургаахан тоглолт хийжээ. Харин сая сая долларын орлогийг Америкийн шүтээн шоуны шүүгчийн ажил болон “Шүтэн бишрэгч”, “Хөх туяа” киноны дүр авчирсан юм. Удахгүй Лас-Вегаст түүний өөрийнх нь “Холливудын ертөнцөд” шоу эхлэх гэнэ лээ.
8. Миранда Ламберт /Орлого: 28,5 сая ам.долар/
2014 он Ламбертын хувьд амжилттай, одтой жил байлаа. Кантри хөгжмийн академийн “Шилдэг дуучин”, “Шилдэг цомог”, “Шилдэг дуу” төрлөөр шагнал гардсан юм. Түүнчлэн дуучин бүсгүй хувцас болон амьтанд зориулсан аксессуар үйлдвэрлэдэг. Мөн Ламбертын орлого нэмэгдэхэд сурталчилгааны гэрээнүүд ч нэмэр болдог гэнэ.
9. Мэрай Кэри /Орлого: 27 сая ам.доллар/
“Америкийн алтан хоолой” Лас-Вегаст тогтмол өөрийн гэсэн шоу хийдэг оддын тоонд энэ онд багтсан бөгөөд 2015 оны тавдугаар сараас эхлэн шоугаа зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн тэрбээр #1 цомгоо дахин хэвлэн гаргасан нь тун ч амжилттай явж байна.
10. Рианна /Орлого: 26 сая ам.доллар/
Дуучин бүсгүй долоон цомог гаргасан ч хамгийн сүүлийнх нь 2012 онд гарч байжээ. Харин Форбесынхон жагсаалт гаргахад тооцсон хугацаанд Рианна ердөө 9 концерт тоглосон нь орлогод нь ч нөлөөлсөн байна. Хэдийгээр урд жил рейтингэд эзлэсэн байрнаасаа ухарсан ч "Анти" цомог болон ойрын саруудад хийхээр төлөвлөгдсөн тоглолтууд нь түүнийг ирэх жил энэ жагсаалтанд дээгүүр орохоор орлого өгөх биз.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
