Нийслэлд байгаа мал, тэжээвэр амьтдыг тоолно
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 08:00 цагаас эхэлж, арванхоёрдугаар сарын 17-ны 20:00 цагт дуусгана.
Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
