Яармагийн зам хурдных биш шүү. Дахиад хэлье, хурдны зам биш. Үүнийг жолоо мушгиж байгаа хүн бүр мэдмээр байна. Хүн бүрт мэдүүлмээр байгаа юм. Мэдүүлэх ч гэж дээ, ой тойнд нь суулгаж өгье. Тэгэхгүй бол тэр хавьд хамгийн ноцтой авто ослууд гараад байна. Аргагүй л дээ, хурдтай явж байгаад мөргөлдөж, эсвэл хүн дайрч байгаа юм чинь.
Тээврийн хэрэгслээ зогсоож чадахгүй байгаа гэсэн үг. 60 км цагийн хурдтай явж байгаад зогсоох арга хэмжээ авах, 50 км цагийн хурдтай явснаас хамаагүй өөр. Үүнийг янз бүрийн жишээгээр үзүүлж, тайлбарладаг юм билээ, гадаадад. Харин манайд бол энэ төрлийн сургалт, сурталчилгааг тун муу хийдэг. Хааяа нэг нийгмийн шинжтэй сурталчилгаа явуулдаг гэдгийг эс тооцвол.
Гэтэл манай жолооч нар Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна. Зарим нэг сагсуу нөхдүүд нь 100 гаруй км цагийн хурдтай ч давхиж байгаа нь үнэн.
Гэтэл манай жолооч нар Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна.
Хамгийн сүүлд гэхэд Яармагийн хоёрдугаар буудал орчимд гарцан дээр хүүхэд дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Гарцан дээр, ногоон гэрлээр гарч явахад нь шүү дээ.
Ямар их хурдтай явж байсан болоод гарцан дээр, ногоон гэрлээр гарч байгаа хүүхдэд зам тавиад өгчихөж чадахгүй дайрч, хөнөөв. Энэ мэт хамгийн онц ноцтой, харамсмаар авто ослууд гарсаар. Хэрвээ энэ янзаараа байгаад байвал илүү ноцтой, нүд хальтрам ослууд гарч магадгүй. Ердөө л Яармагийн замыг хурдных гэж эндүүрч, 80, 90, 100 км цагийн хурдтай давхилдаж байгаагаас болж шүү дээ. Уг нь энэ асуудлыг эрх баригчид, шийдвэр гаргагчид мэдээд л байгаа юм билээ.
Хурд сааруулагч тавьчихъя гэхээр гадаадын зочид, төлөөлөгчид ирэхээр цуваа нь саатаад байна, хэцүү гэсэн тайлбар хийгээд байгаа юм билээ. Бас ч гэж үнэн. Харин түүний оронд хяналтын камер тавьж, хурд хэтрүүлсэн нөхдүүдийг торгоё гэсэн санаачилга гарсан юм билээ. Эхнээсээ ажил хэрэг болж л байгаа гэсэн. Гэхдээ л сэтгэлд хүрэхээр ажил хийчихсэн юм алга. Яармагийн нэгдүгээр буудлаас Яармагийн гүүр хүртэл ердөө л 3-4 км газар. Тэгэхэд тэр дунд ганцхан газар л хяналтын камер тавьсан байх жишээтэй.
Жолооч нар камер ойртонгуут гялс хурдаа хасч, 60 км цагтай явчихаад, камер өнгөрөнгүүт л уяанаасаа алдуурсан нохой шиг давхилдаж байна. Хэрвээ яг энэ жишгээр камер тавьсан бол Яармаг орчимд 2-3 гурван газар камержуулж гэж ойлгохоор байна. Мэдээж улс орон эдийн засгийн хувьд хүндрэлтэй, мөнгө төгрөг муутай байгаа. Гэхдээ тэр хавийн хэдхэн км замд камер тавьчих мөнгө байхгүй л байв гэж дээ. Тэглээ гээд төсөв тасраад хаа холдох юм.
Тэгж байж л Яармагийн замд аймшгийн осол гарахаас сэргийлж чадна. Хүмүүсийн ой тойнд орно. Хэрвээ нөхдүүд торгуулчихаад, төлөхгүй, тэр нь хуримтлагдаад 100 мянгад хүрвэл эрхийг нь хасч байя л даа. Дугаарыг нь замын цагдаад өгөөд л, шууд эрхийг нь хасчих хэрэгтэй. Ингэж л хурд хэтрүүлэгчид, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд заналхийлэгчдийг хашраая. Яармагийн зам хурдных биш гэдгийг ойлгуулъя. Ердөө л тэр камерынхаа тоог нэмээд өгөөч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|