Манай хотын автобусны үйлчилгээ болон зам тээврийн нөхцөл байдал, замын түгжрэл, хүнээ чихэж ачдаг зэргээс шалтгаалж жирэмсэн эмэгтэйчүүдэд нийтийн тээврээр зорчиход төвөг чирэгдэл их учирдаг.
Тиймээс доорх зөвлөмжийг мөрдөөрэй.
- Онгоц, галт тэрэг, автобусаар жирэмсний 36 долоо хоногоос дээш хугацаанд зорчихгүй байх.
- Зорчсон тохиолдолд заавал хоёр мөр дамнуулан өвдөгний дээгүүр аюулгүйн бүсийг зүүх нь эрсдэлээс сэргийлнэ.
- Аюулгүйн бүсийг заавал гэдсэн дээгүүр давуулан зүүх шаардлагатай.
- Урт хугацааны аялалд онгоцоор эсвэл галт тэрэг, машинаар явсан тохиолдолд ядрах, бие тавгүйдэх, хөл бадайрах шинж тэмдгүүд илрэх нь элбэг байдаг ба энэ тохиолдолд хоёр цаг тутам босож алхаж, бие засах өрөө орж байх нь зүйтэй.
- Шингэн алдахаас сэргийлж хангалттай ус уух хэрэгтэй.
- юм.
- Хэрэв зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд заавал мэргэжлийн болон хяналтанд байдаг харьяа эмнэлгээс заавар, зөвлөгөө авах хэрэгтэй.
Жирэмсэн үеийн хувцаслалт
Жирэмсэн эмэгтэйн хувцасны загвар дизайн нь чухал биш, зөвхөн таны биед эвтэйхэн, дулаахан, чийг татахгүй даавуун материалаар хийгдсэн байх нь чухал юм. Үүнд:
- Бариу биш сул чөлөөтэй, өмсөхөд эвтэйхэн байх
- Жирэмсэн үед зөөлөн, намхан ултай, дулаахан гутал сонгож өмсөх (учир нь нуруунд ирэх ачааллыг багасгаж өгдөг)
- Бүсэлхийгээрээ бариу өмд, өмдний бүс, тэлээ, багадсан, даавуун биш материалтай хөхний даруулга хэрэглэхээс татгалзах
- Бүсэлхий хэсгээрээ өргөн, сул резинтей, эсвэл шаардлагатай бол мөрөвчтэй өмд өмсөх
- Шилбээрээ хэт бариу оймс, өмд өмсөхгүй байх ( хөлийн венийн судас өргөсөх, цусны зогсонгишил үүсгэх эрсдэлтэй)
- Хүүхдээ хөхөөр хооллоход бэлтгэх үүднээс зориулалтын суналт сайтай, уртасгах, богиносгох, дэгээг мултлахад хялбар хөхний даруулга хэрэглэх
- Өндөр өсгийтэй гутал, углааш, туфль өмсөхийг хатуу хориглоно. ( Нуруунд ачаалал өгөхөөс гадна хальтирч унах, гэмтэх, ураг зулбах, гэмтэх аюултай)
- Дотуур хувцас нь аль болох цэвэр даавуун материалтай ба цэвэр даавуун материалтай хувцас үнэ ихтэй тохиолдолд 50x50 хувийн даавуун материалын орцтойг сонгох шаардлагатай. Цэвэр даавуун хувцас нь харшил бага өгөхөөс гадна чийгшил үүсгэхгүй.
Жирэмсэн үеийн хөхний эрүүл ахуй
- Хөхний даруулгыг зөв сонгох, аяганы хэсэг нь хөхийг дарахгүй, шахахгүй, үрэлт үүсгэхээргүй байна.
- Хэрэв хөхний хэмжээ том бол унтаж амрах үедээ заавал тайлж байвал илүү тохиромжтой.
- Хүүхдээ хөхөөр хооллоход бэлтгэх үүднээс өдөрт 1 удаа хөхний толгойд зөөлөн иллэг хийж байвал хөхний толгой хагарахаас сэргийлнэ.
- Хөхний толгойноос цайвар эсвэл шаргал өнгөтэй шингэн гарах тохиолдолд энэ бол ангир уураг юм. Учир нь таны бие хүүхдээ хөхөөр хооллоход бэлтгэгдэж байна гэсэн үг.
- Ангир уураг гарч эхлэх үеэс хөхийг оройдоо бүлээн усаар угаана. Саван болон спирттэй хөвөн, нойтон салфетка зэргээр цэвэрлэхийг хориглоно.
- Ангир уураг асгарч гоожоод байвал хөхний даруулган дотор хөвөн, даавуу хийж шингээж байх, үүнийг хуурай, цэвэр байлгахын тулд ойрхон солих нь хөхөнд халдвар орохоос сэргийлнэ.
Хэрэв та жирэмсэн үедээ хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиж чадвал ямар нэг халдвараас хамгаалахаас гадна жирэмсний явц сэтгэл хангалуун, тав тухтай сайхан явагдах болно.
- Усанд орсны дараа хүүхдийн биеийн тос гэх мэт хоргүй тосууд биедээ түрхэж занших нь дааврын өөрчлөлтөөс гарах арьсны хуурайшилтаас хамгаална.
- Үтрээний халдвараас сэргийлж байна гээд эмэгтэйчүүд цацлага хэрэглэдэг. Үүнээс зайлсхийх хэрэгтэй. Цацлага нь үтрээний хэвийн орчинг өөрчилж, халдварт өртөх орчинг бүрдүүлдэг учир эмч зөвлөөгүй л бол хэрэглэж болохгүй.
- Хальтирч унахаас сэргийлж усанд орохдоо банн, шүршүүртээ гулгадаггүй дэвсгэр дэвсэх хэрэгтэй. Жирэмсний эхэн болон сүүлийн долоо хоногт тэнцвэржилт алдагдал ихэсдэг тул унах эрсдэл өндөр байдаг.
- Жирэмсний сүүлийн сард буюу 37 долоо хоногоос эхлэн усанд орох, гарахдаа чадвал хүнээр туслуулах, юмнаас түших, барих зэргээр болгоомжлох нь гэмтэх, унахаас сэргийлнэ.
- Хэтэрхий халуун усанд орохоос зайлсхийх. Халуун ус нь судсыг тэлж, толгой эргэх, нүдэнд хий юм харагдах зэргээр нөлөөлдөг.
- Халуун саун, халуун чулуун иллэгт орохоос зайлсхийх хэрэгтэй. Энэ нь биеийн халууныг хэт ихэсгэж, ураг дутуу төрөх, зулбах эрсдэлд хүргэнэ. Орсон тохиолдолд арван минутаас хэтрэхгүй байх шаардлагатай.
Жирэмсэн үеийн амны хөндийн эрүүл мэнд
Шүд, амны өвчлөлөөс сэргийлэхийн тулд дараах зүйлийг анхаарна уу.
- Аль болох жирэмсний эрт үедээ шүдний эмчид үзүүлэн шүд болон буйлны өвчлөл байвал эмчлүүлэх, эмчилгээг таслахгүй бүрэн гүйцэд хийлгэх хэрэгтэй.
- Рентген туяа болон мэдээгүйжүүлэх эм, өвчин намдаах эмүүд болон бусад эмийн бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх.
- Фторжуулсан нэмэлт бэлдмэлийг хэрэглэж болох эсэхийг заавал эмчээс асууж зөвлөх.
- Өдөрт дор хаяж нэг удаа шүдний завсрыг зориулалтын утас хэрэглэн цэвэрлэж байх.
- Чихэрлэг, хатуу чихэр, шүдэнд наалдамхай хоол болон хийжүүлсэн ундаа уухаас зайлсхийх, татгалзах.
- Хэрэв дээрх төрлийн чихэр, чихэрлэг зүйлс хэрэглэсэн тохиолдолд шүдээ сайтар угааж, усаар зайлах хэрэгтэй. Элсэн чихэр, наалдамхай бодис нь амны хөндийд удаан хугацаагаар эсвэл хэдхэн цаг болсон тохиолдолд шүдний бүрэн бүтэн байдал алдагдахад хүргэнэ.
Эх сурвалж: НЭМХ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!