Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч асуулт – БИ ХЭН БЭ?

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд анх хэлд орохдоо “яагаад” гэж хэлж ордоггүй ч хэлд орсон хойноо ганц мэддэг үг нь “яагаад” болчихсон юм шиг байдаг гэдгийг уншигч та гадарлах байх. Тэдний хувьд орчлон ертөнцийн бүх л юмс үзэгдэл шинэ, сонин содон бас нууцлагдмал тиймдээ ч тэд бүх л юмс үзэгдлийн оноосон нэр, тайлбарыг биднээс эцэс төгсгөлгүй хүснэ. Энэ бол тэдний хорвоотой танилцах аяллын эхлэл өөрөөр хэлбэл "Анхдагч алхам".

Харамсалтай нь анхдагч алхмаас хоёрдогч алхам хүртэлх их олон зүйл өөрчлөгдөнө. Тэдний “яагаад” гэх асуултын хариултын ихэнх нь болохгүй, бүтэхгүй, аюултай гэх мэтчилэн сөрөг зүйлс байх ба яагаад ч юм гэнэтхэн орчлон, ертөнц гэдэг аюулаар дүүрэн аймшигтай ч юм шиг санагдаж эхэлнэ. Тэдэнд хийж болохоосоо болохгүй нь илүү, чадахаасаа чадахгүй нь илүү санагдах аж. Үүнийг өөртөө итгэх итгэлийн уналт буюу "Анхны алхам"-ын бүдрэлт гэх аж.

Бүр илүү харамсалтай зүйл гуравдагч алхмыг хийхээс өмнө тохиолдоно. Хүүхэд л болсон хойно амьдралын талаар юу ч мэдэхгүй тул аав ээж нь, ах эгч нь эсвэл хамаатны нэг мундаг ах нь амьдралын талаар сэнхэртэл нь сайхан лекц уншиж, аюулгүй замаар амьдралдаа аль болох багахан эрсдэл хийж, цалин сайтай, уйтгартай ажил хийж амьдрах нь амьдралын гол утга учир хэмээжээ.

 Хүн бүхэнд гайхамшиг бий. 

Гэтэл хүүд тэр лекц нэг л бууж өгсөнгүй, яг л давааны цаанаас хүн хашхичиж буй мэт санагдав учир нь түүний дотор яагаад ч юм нэг нууцлаг хэрнээ сэтгэлийг нь хөдөлгөдөг өөр зүйл байх аж. Ийнхүү арайхийж өөртөө итгэх итгэлийн уналтаасаа буцаад хөл дээрээ бостол дараагийн алхам нь ямар байх, юуны төлөө байх талаар тэдэнд ямар ч ойлголт алга болжээ.

Өөрөөр хэлбэл тэд мананд төөрч, өөрийгөө ойлгохоо байж "identity crisis"-д өртжээ. За ингээд хүүхэд том хүн хоёрын тулаанд ихэнхдээ нэг нь ялдаг тул хүсээгүй ч хүссэн карьерийг тэр сонгож, сураагүй ч сурсан сургуульд явж, үнэтэй ч гэсэн хямдхан дипломтой болоод насан туршдаа найзлах 2 найзтайгаа танилцжээ. (ширээ ба компьютер) Үүнийг өсвөр насны төөрөгдлөөс үүссэн гамшиг гэж нэрлэх аж. Харамсалтай нь тун цөөхөн хүн энэнээс цааш алхаж чаддаг аж…

Би хэн бэ? Магадгүй хэтэрхий философилог ч юм шиг, хэтэрхий хийсвэр ч юм шиг санагдана гэвч гаднах цаасыг нь авалгүйгээр чихрийн тэр гоё амтыг мэдрэх боломжгүй шиг энэ асуултад хариулалгүй амьдралыг мэдэрнэ гэдэг боломжгүй. Гагцхүү энэ асуултынхаа хариултыг олж чадаагүйн улмаас ямар олон хүн амьдралаа үзэн ядаж амьдардгийг, ямар олон хүн айдас дунд амьдардгийг, ямар олон хүн бүтэлгүйтэл дунд сэтгэл гундуухан амьдардгийг бодохоор харамсмаар бас гашуудмаар… Хүн бүхэнд гайхамшиг бий. Өөр хэнд ч байхгүй давуу тал ч бий. Гол нь түүнийгээ олж харах л хэрэгтэй. Үүний тулд л энэ асуултад хариулах хэрэгтэй…

Яаж гэж үү? Яг одоо үзэг цаас аваад суу. БИ ХЭН БЭ? Гээд бич. Танд хариулт нь орж ирэхгүй бол өөр хэн мэдэж болохыг бич. Тэгээд тэднээсээ асуу. Өөр хэн ч мэдэхээргүй юм шиг байвал гадаа гараад алх. Дахиад бод.

Тэгээд орж ирээд дахиад бич. Бүр орж ирэхгүй байвал гүй, унт эсвэл хийж үзээгүй зүйлээ хий. Гол нь яг одоо эхэл тэгээд олтлоо битгий зогс. Аргаа өөрчлөөд зүтгээд бай. Амжилт ойрхон байгаа!

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com