2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
21:00
S29
14°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ламбаа: Бие биеэ шантаажлаад, хуулийн хэлэлцүүлэг ч урагш муутай байна

Б.Өнөртогтох
2015 оны 10 сарын 7
Монголын мэдээ

“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбааг урьж ярилцлаа. 

-Ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг бид тун нүсэр тэмдэглэж байна. С.Ламбаа гэж хүний хувьд энэ 25 жилийн тал хугацаанд нь сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын зөвлөх гэх мэтээр ажиллаж байна. Бидний хувьд ардчилсан парламент байгуулсан энэ 25 жилийн хугацаанд чухам юун дээр алдаж онож вэ? 

-Би УИХ-д гурван удаа сонгогдож ажилласан. Энэ хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажиллалаа. Хангалттай хугацаа. 25 жилийн 12 жил гэдэг бол их том хугацаа шүү. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн баялаг, нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт гээд ярьвал олон зүйл бий. 

Бид 25 жилийн өмнө ямар нийгмээс шилжсэн билээ гээд бодохоор бас ч гэж 25 жилийн хугацаанд чамлахааргүй амжилт олсон гэдэг нь ойлгомжтой. Мэдээж эндээс илүү үр дүн гаргах байсан уу гэвэл байсан. Яагаад тэгж итгэлтэй хэлж байна вэ гэхээр, Монголын ард түмэн ардчилсан тогтолцоонд шилжихдээ нийтээрээ хүлээн зөвшөөрч байсанд учир шалтгаан байгаа юм.

Янз бүрийн өрсөлдөөн, эсэргүүцэл, тэмцэл  энэ хугацаанд гараагүй байна. Харин ч ардчиллыг дэмжиж өлсөж цангасан байх.

Их олон жилийн турш бэлэнчлэх сэтгэлгээтэй явсан хүмүүсийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол хямд юм биш. 

Их олон жилийн турш бэлэнчлэх сэтгэлгээтэй явсан хүмүүсийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол хямд юм биш. Үзэл суртлын хар гайгаар итгэл үнэмшил нь буруу зөрүү  тогтсон хүмүүсийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд сургах, түүнд итгэлтэй болгоно  гэдэг маш хэцүү. Бид өөрчлөлт хийсэн. Алдсан алдаа гэхээс илүү туулж өнгөрүүлсэн хугацаанд дассан сурсан амьдралын нөхцлөөс нь хүмүүсээ салгаж, оюуны хувьд боловсруулж бэлтгэхэд хугацаа зардаг юм байна гэж ойлгогдож байгаа. 

Хамгийн том алдаа нь төр засгийн эрхийг авсан улс төрийн намуудын хоорондын зөрчил тэмцэл байлаа. Намуудын сөргөлдөөн Монгол Улсын хөгжилд маш том саад болсон. Одоо ч байна. Нэг нь ялсан л бол тэр дөрвөн жилдээ ажлаа хийдэг байсан бол бид хаана хүрэх байсан бол гэдэг ярих ёстой сэдэв.

Заавал сөргөлдөх ёстой юм шиг, сөрөг хүчин гэдэг бүх зүйлд тээг садаа болох ёстой гэсэн ойлголтоос салж чадсан бол илүү их амжилтад хүрэх байсан. 1996-2000 оны парламентын эрч хүчийг 2000 онд сулруулаагүй бол том амжилт гаргах байсан гэж одоог хүртэл боддог юм.
 
-Яагаад. Хамгийн их засаг төрөө сольсон алдсан зүйл ихтэй дөрвөн жил гэж ярьдаг шүү дээ? 

-1996-2000 онд зөв жишиг тогтож байсан. Гэсэн ч эргээд 2000 онд нэг нам хэтэрхий олон буюу дангаараа 70 суудал авснаар Монголын улс төр эргээд унтаа байдалд орсон. Хуучнаа санагалзсан, ая тал зассан, социалист маягаар амьдарсан. Тэрнийг дахиад давж туулах гэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна шүү дээ. 

-Бид 25 жилд хэтэрхий олон улс төрийн намуудыг бий болголоо. Хэтэрхий их улстөржилт, талцал хуваагдлыг л энэ нийгэмд бий болгожээ л гэж харагдах юм? 

-Олон намдаа биш. АНУ-д гэхэд хоёр том нам ээлжилж төр бариад явдаг ч цаана нь хэдэн зуун нам байдаг. Монголд бол 28 орчим нам байгаа. Би үүнийг олон гэж бодохгүй байна. Хамгийн гол нь эдгээр намуудаас шалгарч гарч ирээд төр засгийн эрх барьж байсан намуудын хариуцлагын асуудалд л хамаг учир байгаа юм.

Ард түмнээсээ итгэл авч гарч ирсэн намууд нам шиг, улс орны төрийн эрх барьж байгаа гэдэг хариуцлагаа ухамсарлаад л ажиллачихдаг байсан бол цаана нь хэчнээн олон нам байх нь асуудал биш. Хариуцлагаа ухамсарладаг, сонгогдсон дөрвөн жилдээ өмнөх ажлаа хийсэн шиг  хийчихдэг бол бусад намууд шүүмжлээд байхгүй биз дээ. Олон эшт үзлийг уралдуулах гэж олон намын тогтолцоонд шилжсэн. 

Төр засгийн өндөр албан тушаалтнууд намынхаа, хувийнхаа эрх ашгийг урьтал болгодог буруу жишиг тогтоод удаж байна.  Энэ бол буруу жишиг. Итгэл хүлээлгээд ард түмэн сонгосон учраас намынхаа, хувийнхаа эрх ашгийг хоёр гуравт тавьж улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө  зүтгэх ёстой, намд биш.

Нам нь будилдаг, хагардаг, фракци болж хуваагддаг тэр нь албан тушаалын төлөө хэсэн бүлгийн тэмцэл болж хувирахаар төр засаг нь яаж тогтвортой байж чадахав. Ийм нөхцөлд  улс орны хөгжил урагшаа явахгүй шүү дээ. Эцсийн эцэст нам нь нам шиг байдаг, намаас дэвшиж гарсан гарсан улстөрчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байдаг төрийн хүний эрхэм ёс зүйг дээдэлж чаддаг болох хэрэгтэй.  

-Гэхдээ сумын төв дээр хүмүүс нь намаар хуваагддаг, айл гэрийн эхнэр нөхөр хоёр намаас болж салах нийлэхдээ хүрдэг болсон. Энэ зөв жишиг гээд явуулаад байх нь өрөөсгөл биз дээ? 

-Хүн үзэл бодлоороо саналаа өгч байгаа хэрэг учраас үгүйсгэх нь харин ч өрөөсгөл юм биш үү. Хэвлэл мэдээллээр тэгж бичдэг, ярьдаг л юм. Гэхдээ эхнэр нөхрийн намчирхал тэгтлээ асуудал дагуулах нь юу л бол. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг биз дээ.  Хэрвээ төрд суугаа намууд нь улс төр ярьж талцаж хуваагдахгүй ажилладаг бол нэг гэрийн эр, эм хоёр нам болж хэрэлдэж, хэлэлцэхгүй л байх. Монгол Улсаа гэсэн чин сэтгэл хамгийн чухал байна. 

Ямар нам эрх барьж байгаа нь хамаагүй. Сонгогдож гарч ирсэн намууд гар бариад л хөгжлийн төлөө зүтгэх тогтолцоо үгүйлэгдэж байна. Одоо нэг нам дангаараа гарч ирээд төрийн эрхийг дангаараа барина гэсэн ойлголт байхгүй болсон. 70 суудал дангаараа авдаг байсан тэр үе өнгөрсөн. Тэгэхээр гарч ирсэн намууд эвсч ажиллах ёстой. Намууд сонгуульд орохдоо биш гарч ирээд эвсч ажиллаж чаддаг байх ёстой гэдгийг л би байнга ярьдаг хүн. 

-УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр та 2012 оноос хойш ажиллалаа. Олон намуудаас бүрдсэн парламент маань сүүлийн жилийнхээ намар, хаврын чуулганыг хийх гэж байна. Гурван жилд янз янзаар л ажиллаж үзлээ. Бүгдээрээ эвслээ, нэг хэсгийгээ сөрөг хүчин ч болгож үзлээ. Бодлогын хувьд зөвлөж, дотроос нь ажиглаж байсан таны хувьд дөрвөн жилийг хэрхэн дүгнэх бол? 

-АН хоёр удаа төрийн эрхийг гартаа авсан гэдэг. Харамсалтай нь дангаараа төр барьж үзсэнгүй. 1996 онд нэг гишүүн дутаж сөрөг хүчиндээ тоглуулаад дууссан. 2012 онд мөн л ялгаа байхгүй. МАН-тай эвсэхгүй гэж хэлчихсэн учраас бусад нам эвслүүдтэй эвсэхээс өөр арга байгаагүй.

Эвсэхгүй л бол засаг төрөө байгуулж чадахгүй байсан. АН дангаараа төр барьж чадвал шинэчлэл өөрчлөлтийг зоригтой хийх байсан гэж боддог юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл тийм цаг үе тохиосонгүй. МАН-ыг орхиод бусад нам, эвсэлтэй хамтарч засаг бариад ажилласан. Засгаа огцруулаад түшигтэй,  тулхтай юм гээд МАН-тайгаа нийлж ч үзлээ.

Шинэчлэлийн Засгийн газраа унагаад Шийдлийн Засгийн газар болгосон

Үр дүн гарсангүй. Харин ч нэр хүндээ муутгаж, хэдэн сарын дараа буцаад хуучнаараа засгаа байгууллаа. Хамгийн гол нь төр, засгаараа тоглодог нэр хаяг зүүгээд л явж байна. Шинэчлэлийн Засгийн газраа унагаад Шийдлийн Засгийн газар болгосон. Шийдээд байгаа юм гэхлээр тодорхой бус, ямар үр дүнд хүрснийг хэлэхэд бэрх л байна.

Засаг төрөөрөө тоглоно гэдэг бол өөрсдийгөө л алж байгаа хэрэг шүү дээ. Үнэнийг хэлэхэд АН-тай хамтарч байгаа нөхдүүд маань дуу өндөртөй, их л том болж байх шиг харагдахийн. Би үнэндээ сайн ойлгохгүй л байна. Манайхан зодуулаад, доромжлуулаад байгаа хэрнээ нэг их дуугаа хураасан, аядуу зөөлөн улсууд л байдаг болж.  

Чамайг тэгвэл би ингэнэ, ингэж ярьж байгаа бол “нөгөө” юмыг чинь хэллээ шүү гэж ч байх шиг.  Ийм байдлаар явахгүй л дээ. Бие биеэ шантаажлаад, хуулийн хэлэлцүүлэг ч урагш муутай байна.  Монголын төр засаг тогтвортой байхын тулд ямар нэг шантааж, айлгаж сүрдүүлсэн зүйлд автахгүй байх хэрэгтэй юм.

Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулъя, Үндсэн хуулиа өөрчилье, Улс төрийн намуудын хуулиа өөрчилнө гэж яриад багагүй хугацаа өнгөрлөө. Өргөн барьсан юм алга. Одоо Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхэд хоёр сар л үлдсэн байна шүү дээ. Түүнээс хойш хуулиар хориотой. 

-Засаглалын хямрал бий болчихлоо гэдэгт санал нэгдэж байна уу? 

-Эдийн засгийн хямрал дэлхийг хамарч байгаа ч тартагтаа тулчихаагүй байна. Харин Монголд улс төрийн, засаглалын хямрал бий болчихоод байна гэдэгтэй зарим үед санал нэгддэг. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүйн хямрал нүүрлээд байна.  Одоо байгаль дэлхий нь нэрмээс болно, малаа цөөл, мах болго гээл ярьдаг болж.

Эдийн засгийн хямралыг зохицуулах гэж хууль эрх зүйн зохицуулалт хийж арга хэмжээ авч байна. Харин хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэхээр эргэлзээтэй юм их байх юм. Шилэн дансны хууль хэрэгжсэнээр замбараагүй байдал ил тод болж байна.  Бүх шатны засаглалын байгууллагууд нэг дуугаар хүчтэй, зоригтой ажилламаар байна. 

Зангарагтай баймаар байна ш дээ. Засаглал сул дорой байж болохгүй. Яам, агентлагийн төрийн албан хаагчдын тогтвор суурьшил муу байгаагаас төрийн албан хаагчдын итгэл сэтгэл ч унтарч байх шиг байна. Яагаад сайд солигдоод өөрийнхөө гарын хүнийг албан тушаалд тавих ёстой гэж.

Би бодохдоо мэргэжлийн хүн л байхад болоо шүү дээ. Харин тэр хүний итгэлийг хүлээх нь сайдын өөрийнх нь чадвар чансаанаас хамаарна.  Богино хугацааны дотор үүнийг өөрчлөх ёстой. Харамсалтай нь цаг хугацаа улам бүр л бага болж байна. Улс төр одоо бүр шатдаг үе рүүгээ орлоо. Асуудал их байна даа. 

-Улс орны эдийн засаг 2011 онд хэт тэнгэрт байсан. Одоо хямралтай иргэд нүүр тулах нь тодорхой боллоо. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулах бодлогыг бид өнгөрсөн хугацаанд хийгээгүй юм байна. Улсынхаа эдийн засгийг бид ямар байдлаар солонгоруулах ёстой юм бол. Том үйлдвэр барих уу, эсвэл махаа экспортлох уу? 

-Уул уурхай чухал уу гэвэл чухал. Нүүрсээ булчихаад, алтаа ухахгүй дээр нь сандайлж суучихаад ядуу орон гэж хэлүүлээд явж болохгүй. Эдийн засгийг сэргээх нэг гол судас нь уул уурхай мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэр баялгийг ашиглах монголчууд өөрсдөө эхлээд эрүүл саруул, оюун ухаантай, өндөр боловсролтой байх ёстой юм. 

Тэр утгаар нь аваад үзвэл анхдагч нь оюун ухаан. Мэдлэг боловсролтой, хүчирхэг массыг бий болгомоор байна. Тэр масс өнөөгийн нийгэмд дутагдаж байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн чадамж ямар байна. Оюутолгой, Тавантолгой дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүтгэл ямар байгааг харж байгаа л байлгүй. Тал талаасаа л шүүмжлэлд өртөөд яваад байгаа юм. Суурь баялгаа бид ашигламаар байна. Мал аж ахуйгаа ашиглая.

20 хүрэхгүй сая малтай байхдаа ярьж байсан зүйлээ 50 сая болчихсон байхад ярьсаар л байгаа. Арьс ширээ үйлдвэрлэж чадаагүй, махаа экспортод гаргаж чадахгүй сууж байна. Малчид малаа өсгөж өсгөчихөөд нэг зуднаар тавиад туучихдаг байж болохгүй биз дээ. Малнаас хаях зүйл байхгүй. Уругвай зэрэг улс орнууд манайх шиг малтай.

Тэгсэн атлаа мал аж ахуйгаас олж байгаа орлого нь  хэдэн их наядаар яригдаж байна. Бидэнд амьдралаа өөрчилж ажиллаж чадвал хөгжих боломж маш их байна. Уул уурхай эрдэс баялаг бол ухаад дуусах баялаг. Гэхдээ уул уурхайгаас орж ирсэн мөнгөөрөө улс орнууд өөр нэг баялгийг бий болгож байна. 

Улсынхаа хөгжлийн өөр нэг гарцыг нээж байна. Чили улсыг хар. Манайд уул уурхайгаараа бүтээж байгаа баялаг байна уу. Бид тэр лүү л явах ёстой. Боловсролтой, эрүүл иргэнээ бэлтгэе. Оюуны хөдөлмөрийг хөгжүүлье. Үйлдвэрүүдээ баримаар байна. Цогц бодлого л хөгжлийн гарц байдаг юм. Байгалийн баялгаа газраас ухаж авсаны дараа нөхөн сэргээлт явуулаад асар их ой мод бий болгоё.

Тэр чинь адилхан л баялаг. Бид нэн тэргүүнд цогц бодлоготой болъё. Эрүүл мэнд, боловсрол, Аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, эрдэс баялаг гэсэн салбар салбарын төрийн бодлогоо болимоор байгаа юм. Түүнийгээ нэгдсэн бодлогоор зохицуулъя. Намууд сонгуульд орохдоо тэр бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар өрсөлдөх ёстой. Тэрнээс биш бодлого зохиож өрсөлдөх хэрэггүй. Миний ганц хүсэл л тэр. 

-Бодлого байгаа шүү дээ? 

-Байна, байна. 2004 онд баталсан Мянганы хөгжлийн бодлогод суурилсан цогц бодлого гэж бий. Цаг хугацааны хувьд тунхаглалын шинж чанартай болчихсон юм. Бие биенээсээ салшгүй холбоотой байх бодлого хэрэгтэй. Хүнээ эрүүл болгоод, тэгээд боловсролтой болгодог, тэр боловсролтой хүн нь хаана ажиллах, хүний нөөцийн бодлогоо хэрхэх, газраа ухах уу, малаа баялаг болгох уу гэх мэт бүх асуудлууд хоорондоо уялдаатай байх юм. Цогц бодлогыг бид олон жил ярилаа.

Өнөөдрийг хүртэл хийгээгүй сууж байна. Цогц бодлогыг олон намын тогтолцоотой байгаа энэ парламентын үед хийчих ёстой юм. 2016 оны сонгуульд оролцохдоо намууд нэг ч бодлого ярихгүй шүү гээд л хэлчихье. Хүүхдийн мөнгө өгнө, Оюутолгойг ард түмний мэдэлд өгнө гэсэн амлалт намууд өгөхгүй болж эхэлнэ. Цогц бодлогод туссан асуудлыг ингэж хэрэгжүүлнэ ээ л гэж өрсөлдөх боломж бүрдэх юм. Тэгж чадвал Монгол Улс хөгжинө. 

-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг хийх цаг нь болсон уу. Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй гэж хүмүүс ярьдаг юм? 

-Долоон өөрчлөлтийг одоо яриад хэрэггүй. Тэнд бас хэрэгтэй зүйл байгаа. Үндсэн хуулиа өөрчилнө гээд явж байгаа. Дархлагдсан юм гэж байх ёсгүй. Монгол Улсын хөгжлийн явцад, нийгмийн харилцаанд орж буй үйл явцтай холбоотой өөрчлөлт хийх нь зөв.

Биднийг засаг барьж байх үед долоон өөрчлөлтийг хийсэн. Удалгүй Цэц хүчингүй болгосон. МАХН /МАН/ дангаараа засаг барьж байхдаа дахиад 2000 онд хийгээд явсан. Төрийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг өөрчлөх цаг нь болсон. Шүтээд яваад байж болохгүй л дээ. Алдаа оноо, сургамж дээрээ түшиглээд өөрчлөөд явах нь зөв. 

-Таны эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өнөөдрийг хүртэл хүмүүс дурсдаг юм билээ. Салбартаа юм хийсэн цөөхөн сайд нарын нэг С.Ламбаа байсан гэж олон хүн ярьж байхыг сонссон. Таны тэр өөрчлөлт шинэчлэлтийн залгамж халаа үргэлжилж байна уу. Эрүүл мэндийн салбар дампуурлаа гэж ярих юм. Би яагаад энэ асуултыг асууж байна гэхээр та яах аргагүй энэ салбарт өөрчлөлт хийсэн хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр юу болчихов? 

-Ажил хийж байгаа хүмүүс нь мэдэж байгаа байх. Өөрийнхөө цаг хугацаанд хүн өөрөө өөрийнхөө ажлыг үнэлж явах ёстой. Би томилогдсон хугацаандаа ажил хийнэ гэж зүтгэсэн. Ажлаа ч хийж чадсан. Хөрөнгө оруулалт нэмсэн, гадаадын зээл тусламж оруулж ирсэн. Эрүүл мэндийн салбарт бодитой зүйл хийсэн гэж эрүүл мэндийн салбарынхан үнэлдэг юм.

Ганцхан жишээ хэлэхэд эрхтэн шилжүүлэх мэс засал амжилттай явж байна. Элэг шилжүүлэх, бөөр шилжүүлэх мэс заслыг технологийн талаас нь дэмжээд өгөхөд л эрүүл мэндийн салбар эмч нар өөрсдөө аваад явчихдаг хүчирхэг салбар. Би мэс засал хийгээгүй, зүгээр л бодлогын хувьд тууштай хоёргүй сэтгэлээр дэмжсэн сайд. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын хуулийг нь батлаад өндөр өртөгтэй оношлогоо эмчилгээг даатгалд хамруул гээд шийдчихээд байхад элэг бөөр, ясны чөмөг, хэм шилжүүлэх өндөр өртөгтөй хагалгааг хуулийн дагуу баталсан  жагсаалтад оруулаагүй байна.

Үүнээс болоод хүндрэл учирч байна. Монголд хийгээд хэрэггүй гэж байгаа хэрэг үү.  Ийм хагалгааг эх орондоо нутагшуулна гэдэг монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин хэр зэрэг байгааг дэлхийд харуулдаг том үзүүлэлт. Монголдоо 60-80 сая төгрөг төлж монголдоо мэс засалд орох уу гадаадад 200-250 мянган ам доллар төлж  орох уу гэдэг бол сонголт.

Монголчуудад тийм мөнгө байхгүй. Бодлогын хувьд дэмжинэ гэдэг том бодлогыг барьж авахыг л хэлж байгаа юм. Одоо улс мөнгө муутай гэдгээр эрүүл мэндийн салбар хямралтай л байх шиг байна.  Дөрөвдүгээр улирлынхаа эмийн зардлыг урьдчилаад идчихсэн байгаа. Дөрөвдүгээр улиралд яаж эм тариагаа хангах бол гэж хөндлөнгөөс санаа зовж л сууна. 2012 онд суурийг нь тавьсан Баянзүрх дүүрэг дэх  “Амгалан” амаржих газар долоо хоногийн өмнө ашиглалтад орлоо. Энэ төрөх маш эрт ашиглалтад орох байсан. Бодлого гэдэг бодлого л байх ёстой. 

Өмнөх бодлогыг залгамжилж авч явах нь маш чухал. Яармагын эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хар. Солонгосын зээлээр барих оношлогоо эмчилгээний төвийг хар. Би мөнгий нь батлуулаад, зээлийг нь аваад л өгсөн. Одоо болтол алга. Эх хүн очиж төрөх нь байтугай очихын хооронд машиндаа үхэж мэдэх ийм газар төрөх эмнэлэг барилаа гээд л манийгаа муу хэлээд түмэнд зарлаад байсан. Гэтэл  Яармагийн дэнжид  өнөөдөр хэдэн зуун айлын орон сууц баригдаад хурдны хоёр урсгалтай замтай болчихсон байна.

Үнэхээр бодохоос харамсах, гомдох үе байдаг л юм. Энэ салбарт маш муу анхаарч байна. Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яаманд албан үүргээ гүйцэтгэх эрхзүйн хувьд баталгаажсан газар, хэлтсийн дарга алга. Бүгд түр орлон гүйцэтгэгч нар.

Энэ бас л улс төржилттэй л холбоотой. Дарга нар нь үндсэндээ хоёр удаа өөрчлөгдөөд байна. Дарга нар гэлтгүй миний сайд байхад ажиллаж байсан 60 гаруй хүнээс дөнгөж 10 гаруйхан мэргэжилтэн үлдсэн гэсэн. Мэргэжлийн боловсон хүчнийг ингэж халж сольж болохгүй л дээ. 

-Салбар бүрт мэдлэгтэй, чадвартай хүн байхгүй болчихсон юм биш үү. Хуульчид гэхэд л бүгдээрээ өөр өөр зүйл ярьдаг. Эмч нар би мундаг гээд л салбарынхаа талаар өөр өөр зүйл ярина. Бусдыгаа үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, үгийг нь сонсдог тийм лидер төрөхгүй байна гэх юм? 

-Хууччуул мөнхийн биш шүү дээ. Төрд гарч байгаа хүмүүс нь сэтгэл, зүтгэлтэй, оюунлаг, өөрийн эрх ашгийг гэхээс илүү улсынхаа эрх ашгийг бодож ажилладаг байхад лидер болж л таараа. Тэгж ажиллах хүн ховордчихсон учраас л лидер алга гэж буруу талаас нь тайлбарлаад байгаа юм.

Оюун ухаан нь суларчихсан, бүгдээрээ чадваргүй, бүдүүлэг хүмүүс гэвэл өрөөсгөл болно. Мундаг чадвартай боловсон хүчин монголоор дүүрэн байна. Гаднаас зөвлөхүүд аваад, өндөр цалин өгөөд өөрсдийгөө дорд үзээд, гараад ирсэндээ гадныхнаас хэд дахин бага цалин урамшуулал өгөөд байхаар  байхаар яаж тэд чинь ажиллах сонирхол байхав дээ. Бид чадвартай хүмүүсээ л үнэлж чадахгүй яваад байгаа юм. 

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. 

x