ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

НАЙМААЧИД Авто худалдааны цогцолбор руу НҮҮХГҮЙ гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 5
iKon.MN
 

Авто машин худалдаалдаг захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 22-ын товчооны урд байгуулагдсан Авто худалдааны цогцолбор руу нүүхийг эсэргүүцэн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Их тэнгэрийн хас “ нийгэмлэгийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ууганцэцэг “Бэлэн болоогүй байгууламж руу нүүлгэж, биднийг хохироох гэж байна. Анхнаасаа ямар ч бизнес үндэслэлгүй баригдсан газар руу бид нүүхгүй.

Анхнаасаа ямар ч бизнес үндэслэлгүй баригдсан газар руу бид нүүхгүй.

Нэг сая төгрөгийн өртөгтэй баригдах боломжтой зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр үнэлээд зогсохгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийг хүчээр нүүлгэж хохироох гэж байгааг эсэргүүцэж байна.

Тиймээс гурван захад үйл ажиллагаа явуулдаг компани, наймаачид нэгдсэн. Ченж нэртэй 6,000-8,000 иргэн, тэдний ар гэрийн нийт 20-30 мянган иргэн дээрх захуудаас хоолоо олж идэж байгаа. Эдгээр иргэдийн эрх зөрчигдөж байна. 

1,200 зогсоол зарагдсан гээд байгаа Авто худалдааны цогцолборын нээлт дээр өчигдөр 17-хон машин худалдаалахаар тавигдсан байсан. Энэ нь тус газарт бизнес хийх боломжгүй гэдгийг харуулж байгаа юм” хэмээн ярилаа.

Наймаачдын зүгээс Авто худалдааны цогцолборын байрлал буруу, хөрс нь цэвдэгтэй, хотын бохир үнэртдэг, нянгийн бохирдолтой, 130 га газарт цогцолбор байгуулна гэсэн ч дөнгөж 20 газрыг тохижуулчхаад наймаачдыг хүчээр гаргах гэж байгаа гэдгийг мөн хэлж байлаа. 

Хуульч Г.БатбаярАвто худалдааны цогцолбор нь техник эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй, зохион байгуулалтгүй эхэлсэн. Энд бол ямар нэгэн мөнгө угаах, шамшигдуулах гэмт хэргийн шинжтэй зүйлүүд болж байгаа. Тухайн авто зогсоолыг захиалсан 800 хүний шахалтад ороод, үүнийхээ үр нөлөөгөөр бусад бизнес эрхлэгчдийг дарамталж байна. Тийм учраас нүүхгүй гэж байгаа. 

Мөн тухайн авто зогсоолыг  зохион байгуулагчид Үндсэн хуулийн 4.1 дүгээр зүйлийг ярьж, орон нутгийн өөртөө удирдах ёс нь байна. Тийм учраас хүчээр гаргана гэж заналхийлэх байдлаар мэдэгдэл хийж байгаа. Нөгөө талдаа Үндсэн хуулийн 16-д зааснаар ажлын байраар хангагдах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдэлнэ. Тэгэхээр  өвлийн хүйтэн цаг болж байгаа энэ үед наймаачид явахгүй, нүүхгүй. Өнгөрсөн жил цогцолбороо бариагүй байхдаа хөөж байсан. Одоо дутуу хагас юм барьчхаад бас л хөөж байна. Хэрвээ албан тушаалын давуу байдлаа ашиглаад төрийн байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлэх байдлаар хандах  юм бол эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлах, зам хаах  гэх мэтээр арга хэмжээ авч тэмцэх болно. 

Түүнчлэн Авто худалдааны цогцолбор руу захуудыг гаргавал түгжрэл буурна гэсэн худал ухуулгыг хийж байгаа. Одоо 22-н товчоо  гарахад ямар хүндрэлтэй байгаа билээ. Тийм байхад захууд тийшээ гарчихвал бүр юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй байх” хэмээн ярилаа.