ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

“MNSEC 2015” мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг амжилттай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2015 оны есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Corporate зочид буудлын Convention center-д  Мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2015” өдөрлөг болон “Харуул занги 2015” тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.

Тус өдөрлөгт АНУ-ын аюулгүй байдлын баг болох “Team Cymru”, Япон улсын JPCERT/CC байгууллагын мэргэжилтэн Dr. Horata, Checkpoint компаны төлөөлөгчид болон Монгол Улсын аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөлөгчид илтгэл тавьсан бөгөөд өдөрлөгийн үеэр Мэдээллийн аюулгүй байдал, файервол, аудит, криптограф, хортой кодны шинжилгээ, Unix системийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр үнэгүй сургалтууд зохион байгуулагдлаа.

“Харуул Занги 2015” тэмцээний III шатанд шалгарсан 10 багууд аваргын цомын төлөө өрсөлдсөн бөгөөд тэмцээн маш өрсөлдөөнтэй өрнөж дөрвөн цагийн турш үргэлжилсэн.

Уг тэмцээнд Алангир баг I байранд шалгарч аваргын цомын эзэн болж 1.5 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд шагналыг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Тридум ХХК-аас гардууллаа.

II байранд 0xff  баг шалгарч нэг сая төгрөг, III байранд overflow баг шалгарч 500 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

Гуравдугаар шатанд шалгарсан бүх багуудад батламж гардуулж хамтран зохион байгуулагч байгууллагуудаас өөрсдийн гарын бэлэг шагналуудыг гардуулсан бөгөөд дөрөвдүгээр байранд шалгарсан G_C багт Кибер аюулгүй байдлын газраас тус газрын бэлэг тэмдэг болсон Шонхорын дүрс бүхий мөнгөн цомоор шагнав.

Энэхүү MNSEC 2015 өдөрлөг, Харуул занги мэдээллийн аюулгүй байдлын тэмцээнүүд нь хоёр болон гурав дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдсан​ бөгөөд цаашдаа үргэлжлэн уламжлал болгон зохион байгуулагдах юм. 

Энэ жил уг өдөрлөг болон тэмцээнийг “MNCERT/CC” ТББ, “Кибер аюулгүй байдлын газар”, “Харилцаа холбооны зохицуулах хороо”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Мэдээлэл холбооны технологийн сургууль”, “Монголын залуучуудын холбоо”, “Үндэсний дата төв” УТҮГ, “Сэйфбит” ХХК, “MSTRIDE” ХХК компаниуд хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Тридум ХХК гуравдахь удаагаа ажиллаж, ивээн тэтгэгчээр “Саммит компьютер технологи”, “Сиско молл”, “Нүүдэл системс”, “HIK VISION” компаниуд ажилласан байна.   

АРГА ХЭМЖЭЭНИЙ ФОТО ЗУРГУУДЫГ ҮЗНЭ ҮҮ