"П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ"
Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны гэгээн дурсгалыг мөнхлөх зорилго бүхий “Тэмээн дээрээс Наран ойрхон” тоглолт зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
"Сум, аймаг болгон нэг "Адраа"-тай байна"
Ардын жүжигчин, дуучин С.Батсүх "П.Адарсүрэнгийн сайхан дуунуудыг одоогийн залуус дуулсаар байна. Сум, аймаг болгон нэг "Адраа"-тай байна. Тэр чин сэтгэлээ дуугаараа дамжуулан гаргадаг. Дуун дотроо жаргаж, урлагаа нэгт өөрийнхөө амьдралыг хоёрт тавиад зүтгэж явсан юм. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл амьд мэт дуунууд нь эгшиглэсээр байна. Тэр сэтгэлдээ хэлтэй, өөрийн гэсэн мөн чанартай. Дуулахаас гадна шүлгээ бичнэ, хөгжмөө тоглоно төрмөл авьяастай нэгэн байсан юм.
Монголын ард түмэн П.Адарсүрэнгийн сургийг нь сонссон даруй л ирээд үздэг байв. Хүний сэтгэлийн хандив багаддаггүй. Монголчууд хайртай дуучнаа очиж хардаг хөшөөтэй болъё" гэв.
Дуучин О.Энх-Эрдэнэ "Миний үеийнхэн энэ хүнийг бодитоор нь харж байгаагүй ч үлгэр домог шиг түүх, дууг нь сонссон байдаг. Миний хувьд энэ хүний дууг үргэлж сонсож, суралцаж явдаг. Хөшөө нь сүндэрлэх гэж байгаад баяртай байна. Бүгд сэтгэлээсээ дэмжээсэй" гэв.
"Түүний дуунуудыг хол замын уртад сонсож аав ээж, ах дүүгээ дурсан хүүхэд насаа нөхөн санах шиг сайхан хань бараа гэж байхгүй"
Сэтгүүлч Б.Энхцэцэг "Гурван жилийн өмнө Амартайвантай аавынх нь тухай хөргийг бичих гэсэн юмаа гэж ярилцсанаас хойш П.Адарсүрэн гэдэг хүний ах дүү ч юм шиг, нэг газар нутаглаж байсан айл саахалт ч юм шиг сэтгэгдэл төрдөг болжээ. Түүний дуунуудыг хол замын уртад сонсож аав ээж, ах дүүгээ дурсан хүүхэд насаа нөхөн санах шиг сайхан хань бараа гэж байхгүй.
П.Адарсүрэнгийн хүү Амартайван зүгээр нэг аавыгаа хайрлахаас гадна ардын дуу болон ард түмний өмнө түүний аавыг санан дурссан хүмүүсийн өмнө ямар их хүндэтгэлтэй амьдарч байна вэ. Ямар азаар би түүн рүү ярьж хөрөг найруулгаа бичсэн юм бэ гэж баярладаг.
П.Адарсүрэн бүх алдар гавьяаг авч, бидний төсөөлдөг шиг амьдралаар амьдарсан бол бид ингээд тойроод сууж байхгүй байсан. Бүх юм дутсан, халгиж цалгиад асгарсан, ямар нэгэн байдлаар хонхойгоод үлдчихсэн болохоор үүнийг дүүргэх гэсэн ард түмний сэтгэл нь энэ хүнийг үргэлжийн мөнхөд Ардын дуучин байлгах юм байна. Эгэл хэрнээ эгэлгүй хүний амьдрал ийм байдаг аж. Зүлгээгүй алмаз чадлынхаа хэрээр гялалзсаар байгаад хамгийн сүүлд нь ард түмнийхээ дунд өнгөрсөн. Тэр бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм.
Тиймдээ ч хөшөө дурсгалыг нь босгох эв нэгдэл, хайр, хүндэтгэл гарах хэрэгтэй юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






