Н.Отгонбаяр: Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах нь түгээмэл байна
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, явган хүний замын засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, гадна орчны угаалга болон хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.
Ажлын явцын талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар есөн дүүрэгт хэрэгжиж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих комисс дүүргүүдэд ажиллаж байна.
Шалгалтын явцад ногоон байгууламжийн арчилгаатай холбоотой нийтлэг зөрчил илэрч, холбогдох албаныхантай газар дээр нь шийдвэрлэж байна. Мөн явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байрлуулах зөрчлийг арилгуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад анхаарч байгаа юм.
Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл гарч байна. Иймд иргэн бүр ухамсартай байж, дүүргийнхээ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
