Б.Даваабаяр: Хүүхдийн тоглоомын талбайнуудын засвар, цэвэрлэгээг СӨХ-уудтай хамтран гүйцэтгэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд 1,830 орчим хүүхдийн тоглоомын болон спорт талбайтай байна. Эдгээр талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн зүгээс дүүргүүдэд бүх нийтээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүд болон СӨХ-уудтай хамтран ажиллаж байна” гэж мэдээлэв.

СӨХ-ны даргын төлөөлөл “Элизабет хотхоны дунд хэсэгт 3,000 ам метр бүхий хүүхдийн тоглоомын талбай байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар төлөвлөгдсөн.

Бид нийслэл, дүүргээс өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн бол өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж байна.

Мөн хүүхдийн тоглоомын талбайд эвдрэл гэмтэл гарвал тухай бүрд нь тогтмол засварладаг” гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.