Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баясгалан: Бид нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө зүтгэх ёстой

ikon.mn
2015 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр “UB ART FAIR 2015” урлагийн арга хэмжээ нээлтээ хийж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд дүрслэх урлагийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, нийслэлчүүдээ соёл, урлагаар амьсгалуулж, олон улсын шагналт бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Ингээд 2012 онд болсон ARC /Art Renewal Center/ тэмцээнд оролцож, дэлхийн сонгодог урлагийн Гран при шагналыг хүртсэн Б.Баясгалантай ярилцсанаа хүргэж байна.


-Эх орондоо ирээд хэр удаж байна вэ. Таныг ССАЖЯ-нд ажиллаж байгаад Итали руу сурахаар явсан гэж сонсож байсан юм байна?

-Тийм ээ, би 2012-2013 онд ССАЖЯ-ны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж байгаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр Итали улсын Флоренц хотын “Scuola d'Arte Sacra” сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явсан.

-Таныг олон улсад үзэсгэлэнгээ дэлгэсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

- Анх АНУ-н урлагийн их сургуульд суралцаж байхдаа Сан-Франциско хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд хөрөг барималаараа оролцож Италийн урлагийн академид суралцах эрхээ авсан.

2009-2012 онд Италийн Флоренцийн урлагийн академид суралцаж төгссөн. 2014 онд Итали улсад мэргэжил дээшлүүлж байх хугацаандаа өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

2014 оны тавдугаар сард Лондон хотноо зохон байгуулагддсан Face2014 үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон. Олон улсын өндөр зэрэглэлтэй уралдаан тэмцээнд байнга оролцож өөрийн чадварыг сорьж ирсэн.

 

-“UB ART FAIR 2015” урлагийн арга хэмжээнд олон улсын шагнал хүртсэн зургаан уран бүтээлчийн бүтээл дэлгэгдэж байгаагийн нэг нь таны урласан “Цээж баримал” юм билээ. Энэхүү бүтээлээ та Италид суралцаж байхдаа бүтээсэн үү?

-Академид суралцаж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн анхны том бүтээл маань байсан. Энэ  бүтээлдээ уран бүтээлчийн техникийн ур чадвар, дотоод сэтгэл, хувь хүнийхээ онцлогийг шингээхийг зорьсон.

-Таныг бизнесийн удирдлагаар суралцаж, төгсөөд дүрслэх урлагт хөл тавьсан гэсэн. Бизнесийн салбараа гэнэт өөрчлөөд уран барималч болохоор шийдсэн нь гэнэтийнх байв уу?

-Би ХУИС-ийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Хаан банкинд маркетингийн менежерээр хоёр жил ажилласан. Энэ мэргэжилээрээ ажиллах хугацаандаа цаашид АНУ-д үргэлжлүүлэн суралцах хүсэл эрмэлзлэлийг өөртөө олж авсан юм аа.

Ингээд хүсэл эрмэлзлэлээ хэрэгжүүлэхийн тулд 2004 онд АНУ-д суралцахаар явсан. Тэнд очоод суралцах хугацаанд нийгэм, эдийн засгийн хямрал болж, нүдэн дээр олон мянган хүмүүс ажилгүй болж, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж  байгааг харсан.

Үүнээс би зөвхөн мэргэжилд тулгуурлахгүйгээр хүн өөрийн ур чадвар, авъяасыг хөгжүүлж чадах юм бол, ихийг бүтээж түүнийхээ үр шимийг хүртэж  сэтгэл хангалуун амьдрах боломжтой болохыг ойлгосон.

Хүсэл эрмэлзлэлээ хэрэгжүүлэхийн тулд 2004 онд АНУ-д суралцахаар явсан

Би  хүүхэд байхын л үзүүр нь мохсон харандаагаар зураг зурж, найман өнгийн Пластилин баримлын шавраар баримал хийдэг байлаа. Хүүхэд байхаасаа сэтгэлдээ тээсэн энэ хүслээ биелүүлэхийн тулд өөрийн сонгосон ажил мэргэжлээ өөрчлөхөд хүрсэн.

Би бүтээлч сэтгэлгээг тууштай хөгжүүлсэнээрээ л өнөөдрийн түвшинд хүрсэн дээ. Цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн олон ажлууд миний өмнө байна. 

-Монгол болон гадаадын урлагийн сургуулиуд юугаараа ялгаатай вэ?

-Итали болон Америкийн сургуульд суралцсанаар барууны орнуудын урлагийн салбартаа хэрэгжүүлж ирсэн бодлого, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх завшаан олдсон юм.

Сонгодог урлаг нь баруун европын соёл иргэншилтэй нягт холбоотой. Тэдний суурьшмал амьдралын хэв маягийг хадгалсан байдаг. Манай улсын алдартай мастерууд Орос болон зүүн европын орнуудад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн байдаг бөгөөд монголын соёл урлагийн хөгжил тэдгээр улсуудынхтай нягт холбоотой байсаар ирсэн.

Харин Баруун Европын орнууд соёл урлагийн хөгжлөөрөө Зүүн Европын орнуудыг байлдан дагуулж байсан нь илэрхий. Энэ олон дамжлагыг дамжилгүйгээр, эх оронд нь суралцах боломж олдсон нь миний хувьд том аз завшаан болсон.

 

-Дүрслэх урлагийн салбарт ямар нэгэн шинэчлэл хийх бодол байна уу?

-Өнөөдөр бид зөвхөн Азийн хэмжээнд хязгаарлагдахгүй Европ болон Америкийн олон улсын дүрслэх урлагийн зэрэглэл өндөртэй тэмцээнд амжилтай оролцож Монгол гэдэг нэрийг гаргахыг хүсч байна.

Энэ цаг үеийн залуучууд бид нар гадаадад сурч мэдсэн зүйлээ эх орондоо нутагшуулж, хойч үедээ уламжлуулан үлдээх үүрэгтэй билээ. Ингэхийн тулд уран бүтээлчид илүү боловсорч, судалгаа шинжилгээ хийж  уран бүтээлээрээ Монгол улсын соёл урлагийн салбарт өөрийн хувь нэмэрээ оруулахыг эрмэлзэх хэрэгтэй.

Энэ эрмэлзэл нь соёл, урлагийн салбарт оногддог бөгөөд бид энэ нийгмийг соён гэгээрүүлэхийн төлөө зүтгэх ёстой.

-Та 2012 онд болсон ARC /Art Renewal Center/ тэмцээнд оролцож, дэлхийн сонгодог урлагийн Гран при шагналыг хүртсэн шүү дээ. Энэхүү тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Урлагийн томоохон 70 гаруй сургуулийг хамруулсан ARC /Art Renewal Center/ нь реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээлийг шалгаруулдаг тэмцээн юм.

Энэ тэмцээнд АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг сургуулиудад суралцаж байгаа болон төгссөн уран бүтээлчид оролцдог. Тэмцээний шүүгчээр реализмын чиглэлийн таван том сургуулийн захирлууд оролцон ялагчийг тодруулж, нээлттэй заралдаг.

Тус тэмцээнд 15 бүтээлээ оролцуулан шагнал авсан нь миний хувьд цаашид уран бүтээлээ илүү сайн туурвих урам, дэм болсон.

-Гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ манай улсын уран бүтээлчдийнхтэй харьцуулахад ямар байдаг вэ. Ямар нэгэн ялгаа ажиглагддаг уу?

-Европд урлагийг соёл иргэншил, шашинтайгаа нягт холбоотойгоор хөгжүүлж ирсэн байдаг. Тиймээс тэдний бүтээлч сэтгэлгээнээс суралцах зүйл их байдаг.

Манай уран бүтээлчдэд чадвар их бий. тиймээс тэр чадвараа хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн гадны уран бүтээлчдээс суралцаж, сурсан мэдсэн зүйлээ эх орондоо түгээж, урлагийн салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах нь уран бүүтэлч бидний тудгамдсан асуудал болоод байна.

 

-Итали улсад суралцаж, төгссөн уран бүтээлч хүнээс нэг зүйлийг асууя гэж бодож байна. Итали, Франц зэрэг Европын улсуудын хотууд дахь гудамж талбайд уран баримал олноор сүндэрлэсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, тэр чигээрээ музей. Харин манай нийслэлийн хувьд Сүхбаатар жанжин, Чингис хааны гээд цөөн хэдэн хөшөө, дурсгал л бий. Үүнийг хөгжүүлж, Венец, Парис шиг болгох боломж хэр байгаа бол. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Миний харж байгаагаар Улаанбаатар хотын дүр төрх, өнгө үзэмжийг сайжруулах талаар НЗДТГ-аас олон ажлуудыг хийж байгаа бөгөөд эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.

Нийслэлээс жил бүр уран бүтээлчдийн дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулан хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотод маань ахмад үеийн уран бүтээлчдийн олон сайхан уран барималууд сүндэрлэсэн байдаг. Жишээ нь Энхтайвны өргөн чөлөөнд сүндэрлэдэг тагтаа барьсан эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэгээлэг баримал байдаг шүү дээ.

-Таныг хаа нэгтээ ямар нэгэн бүтээл сүндэрлүүлээч гэвэл та ямар бүтээлээ хаана сүндэрлүүлэх вэ?

-Их гоё асуулт байна. Уран бүтээлч хүний хувьд бүтээлээ хаа нэгтээ сүндэрлүүлэхээс илүүтэй бүтээлд нь агуулагдсан өгүүлэмжээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход оролцох явдал нь үнэн цэнэтэй юмаа. Түүнээс биш тэрхүү бүтээл хаана байрлах вэ гэдэг нь чухал биш.

 

Ярилцсан Э.Гэрэл