Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 суманд цахилгаан эрчим хүч түгээж, холбогдох үйлчилгээг үзүүлдэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь бүх үйлчилгээгээ цахим болгосон байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа.
-Нийслэлийн цахилгаан хэрэглээний өсөлт нэмэгдсээр байгаа. Танай компани одоогоор хичнээн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай компани одоогоор 307 мянга гаруй хэрэглэгчтэй байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 23 мянга гаруй хэрэглэгч шинээр нэмэгдсэн. Өмнөх онд 26 мянга гаруй хэрэглэгч нэмэгдэж байсан.
Энэ бол хоёр жилийн өмнөх Хан-Уул дүүргийн хүн амтай дүйх тоо. Жил бүр Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн хэмжээний хэрэглэгчид нэмэгдсээр байна гэсэн үг. Зөвхөн нийслэлд ч хэрэглэгчид нэмэгдээд байгаа биш. Төв аймгийн манай компанид харьяалагддаг сумдын 4,000 хэрэглэгч энэ оны эхний найман сарын байдлаар зургаа дахин нэмэгдсэн.
-Иргэдэд цахилгаан хэрэглээгээ хянах, төлбөрөө тушаах асуудал маш хялбар болоод байгаа гэсэн?
-Хэрэглэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд иргэд хаанаас мэдээлэл авахаа мэддэг, цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчлүүлдэг байх зорилтыг дэвшүүлж ажиллалаа. Өмнө нь ажлаа тараад цахилгааныхаа төлбөрөө хийх гэтэл банк хаачихдаг, өөр арга байдаггүй байсан.
Одоо бол http://my.tog.mn цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн. Тиймээс хэрэглэгч 24 цагийн алинд ч төлбөрөө хийж болдог, гэрээгээ шинэчилдэг, шинээр байгуулдаг, тоолуурын заалт, хэрэглээгээ хянадаг, шалгадаг болсон.
Монголд цахимаар гэрээгээ өөрчилж, шинээр байгуулдаг систем манайхаас өөр байхгүй.
Монголд цахимаар гэрээгээ өөрчилж, шинээр байгуулдаг систем манайхаас өөр байхгүй. Нийслэлийн хүн ам их төвлөрдөг 80 гаруй цэгт байрлаж байгаа ТҮЦ машинаар хийж болдог болсон. Хэрвээ цахилгааны төлбөрөө хэд гарсныг мэдэхгүй байвал 137004 дугаарт SMS-ээр хэрэглэгчийн кодоо бичиж илгээвэл хэлээд өгнө.
Мөн техникийн нөхцөлийн өргөдлийг цахим http://tno.ubedn.mn сайтаар авдаг болсон. Заавал замд түгжирч, цаг ажлаа алдан биеэр ирэх шаардлагагүй.
Мэдээлэл, лавлагаа авах шаардлагатай хэрэглэгчид 70047004 утаснаас гадна твитер, фэйсбүүк, электрон шуудан гээд долоон төрлийн сувгаар бидэнтэй холбогдон үйлчлүүлж байна. Энэ бүх шинэчлэлтүүдийн үр дүнд цахилгаантай холбоотой мэдээллийг хаанаас авахаа мэддэг болж, өглөө банк онгойж, ажил цуглахыг хүлээхээ больсон гэсэн үг.
-Хэрэглэгчдийн мэдээлэл, лавлагаа авдаг тусгай дугаарын утсанд хандалт хэр их ирдэг вэ?
-Анх байгуулагдсанаасаа хойш нийт 1.9 сая дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн. Дуудлагын 80 хувь нь мэдээлэл лавлагаа байдаг. Голдуу дансны дугаар, цахилгааны төлбөр зэрэг байдаг.
-Хэрэглэгчид тоолуурын заалтын мэдээллээ цахимаас өөр байдлаар авах боломж байгаа юу?
-Манай компани холбогдох хууль, дүрмийн дагуу хэрэглэгчдийн тоолуурыг сар бүр газар дээр нь очиж гэмтэл, зөрчил байгаа эсэхийг нь шалгаад, заалтыг нь авч тооцоо хийдэг. Хэрэглэгчид төлбөрийн нэхэмжлэлээ нягталж үздэг байх, тоолуурын өмнөх, одоо заалтууд болон суурь хураамж, НӨАТ гээд бүгдийг тодорхой бичсэн байдаг.
Эсвэл цахим http://my.tog.mn хаяг, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнээ татаж суулгаад өөрийн гэрээний мэдээлэл, төлбөр, хэрэглээний статистик, тоолуурын заалтаа хүссэн үедээ үзээд хянаад явах боломжтой. Цахим ашиглах боломжгүй, тоолуурынхаа заалтыг өөрийн биеэр хянаж тулгахыг хүсвэл харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хүсэлтээ гаргаж болдог.
-Дуудлага өгөхөөр хэзээ ирэх нь тодорхой бус байдаг. Үүнийг сайжруулах талаар ямар ажил хийж байна вэ?
-Бид гадуур ажилладаг ажилтнуудынхаа ажлын цаг ашиглалт, хийж байгаа ажлын чанарыг сайжруулах зорилгоор хяналт удирдлагын систем нэвтрүүлж байгаа. Хэд хэдэн цэгт туршилт хийхэд амжилттай болсон. Энэ системд хамрагдаж ажиллах монтёрууд бүгд зориулалтын гар утастай.
Хэрвээ хэрэглэгч хүсвэл өөрийнхөө дуудлагыг хэрэглэгчдэд үйлчлэх төвийн аль хэсэгт, ямар ажилтанд хуваарилагдаад, ямар шатанд явж байгааг цахим http://my.tog.mn сайтаас харах боломжтой. Монтёрууд дуудлагаа барагдуулчихаад зургийг нь аваад ахлах руугаа явуулснаар үйлчилгээ дуусна. Бид үүгээрээ дуудлага авах, хуваарилах, барагдуулах хугацааг хэмнэж байгаагаас гадна ажлын чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг дээшлүүлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!