Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болд: Ардчилсан оронд барьцаа, шантаажийн аргаар төрийн эрхийг барьдаггүй юм

ikon.mn
2015 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Араасаа хүчтэй маргаан, шүүмжлэл дагуулж байгаа Өршөөлийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Эрх баригчид өөрсөддөө зориулан Өршөөлийн хууль гаргаснаар авилга, албан тушаалын гэмт хэргүүдээ хэрэгсэхгүй болгож байна гэсэн яриа газар авч байна. Тэдгээрийн нэг нь таныг гэх мэдээлэл байна?

-Тиймэрхүү мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үнэн. Хариуцлагатайгаар хэлэхэд би хууль гаргаж өршөөлгөх гэмт хэрэг хийгээгүй. Харин УИХ-ын гишүүний хувьд батлагдсан хуулийн үзэл санаа, ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн дээр маань дөрөөлж бидний хэдэн гишүүдийг үл бүтэх авилгачин учраас энэ хуулийг дэмжлээ гэх мэтээр харлуулах кампанит ажил явж байгааг харж байна.

Эцсийн эцэст асуудал нэг хоёр их хурлын гишүүнийг гоочлохоосоо хальж УИХ гэдэг институци цаашлаад парламентат ёсыг үгүйсгэх чиглэлд явж байгаа нь харамсалтай. Уг нь энэ хууль хэн нэг улс төрчид гэхээсээ Монголын нийгэмд өгөх ашиг тус нь илүү юм. Саяхан баталсан эдийн засгийн ил тод байдлын хууль болон нэмүү өртгийн албан татварын хууль хэрэгжиж далд эдийн засаг ил болох, эдийн засаг, бизнесийн орчинд шинэ хэмнэл бий болгох баталгаа нь энэхүү өршөөлийн хууль гэж хэлж болно. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч лав байхгүй.

Нөгөө талаас бүлэглэж талцдаг, бие биенээ шантаажилж татаж унагах замаар төрөө тогтворгүй болгодог өнөөгийн улс төрийг өөрчилж цэвэр агаар оруулахад энэ хууль хэрэгтэй. Гэтэл өнөөдөр юу болж байна вэ гэвэл улс төрд байгаа өөрийн гэсэн байр суурьтай хүн бүрийг эсвэл тэдний төрөл садан, найз нөхдийг нь баримттай баримтгүй асуудалд холбогдуулан хэрэг үүсгэж барьцаалах замаар төрийн бодлого, шийдвэрт нөлөөлдөг, нөлөөнд нь автахгүй бол нэр төр байтугай эрх чөлөө, амь насанд нь аюул учруулахад бэлэн систем бүрэлдэн бий болсоныг сүүлийн үеийн улс төрийн үйл явц харуулж байна.

Сайнтай ч муутай ч Монгол улс бол парламентын засаглалтай ардчилсан орон гэдгээ мартаж болохгүй. Түүнээс биш барьцаа, шантаажийн аргаар төрийн эрхийг барьдаггүй юм. 

 

-Хууль батлагдсаны маргаашнаас хэд хэдэн сайтаар зэрэг гарсан нэг мэдээлэлд таныг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулж, үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шалгаж байгаад түдгэлзүүлсэн одоо тэр нь өршөөгдөх гээд байна гэж бичсэн байх юм.

-Жил гаруйн өмнө АТГ-ын нэг байцаагч намайг дуудаж уулзаад Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай холбоотой хоёр асуудлаар тайлбар тодруулга авч байна гэсэн, би бүх асуудалд нь баримт, тайлбар бичгээр гаргаж өгснөөс хойш чимээ сураггүй алга болсон. Тэгэхдээ энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал учраас задруулж болохгүй гэж үүрэгдсэн тул би юу ч ярих боломж байсангүй. Таны уншсан тэр мэдээлэлд нөгөө сүрхий нууц асуудлыг зүйл заалт бүрээр нь тодорхой бичсэн байхыг бодоход албаны эх сурвалжаас гарсан байх, тиймээс надад ийм хэрэг нээгээд тэрийгээ түдгэлзүүлчихсэн байгаа юм байна гэж ойлгогдохоор байна.

Ер нь бол намайг барьцаанд оруулах гэсэн ийм оролдлого нэлээд эрт эхэлсэн юм. Би очиж ажилласан газар бүртээ хууль, хяналтын байгууллагуудын байнгын хяналт, шалгалт дор төрийн ажлыг явуулж ирсэн. Гэтэл сүүлийн хоёр гурван жилд энэ нь хэмжээ дамжаа, утга учраа нэг мөсөн алдсан л даа. Жишээлэхэд миний Гадаад харилцааны сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагуудын нийт долоон удаагийн ээлжит болон ээлжит бус шалгалт 14 хоногоос 2 сар хүртэлх хугацаанд тус яаман дээр хийгдсэн байдаг. Дээр нь Батлан хамгаалахын сайдаар ажилласан үеийн бүх үйл ажиллагааг шалгаж яамны 2008-2012 оны санхүүгийн баримт материалыг бүгдийг нь хураагаад авчихсан гэнэлээ. Эхэндээ бол иймэрхүү шалгалт нь яамныхаа бүх шатанд цэвэр тунгалаг байдлыг хангах, хууль бус аливаа явдал гарахгүй байх сайн талтай гэдэг талаас нь дэмжиж ирсэн.

            Гэсэн хэдий ч энэ бүхний цаана Л.Болд гэдэг улс төрчийн нэр хүндэд муугаар нөлөөлж болох баримт цуглуулах гэсэн явцуу зорилго л байсан юм билээ. Тиймээс ч олон хүнийг хамруулсан эрүүгийн хэрэг нээж надтай хамт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг сүр дуулиантайгаар баривчилж байсныг та санаж байгаа байх. Түүнээс хойш бараг хоёр жил өнгөрөхөд асуудлыг мухарлаж шүүхэд шилжүүлсэн ч юмгүй ердөө л шантаажны хавтаст хэрэг байдлаар хадгалж гэм зэмгүй төрийн алба хаагчдыг эрүүл мэнд, ажил амьдралаар нь хохироож сэтгэл санааны дарамтад удаан хугацаагаар байлгаж ирсэн нь үнэн.

Тэдний заримаас Л.Болд гэдэг хүний эсрэг ямар ч хамаагүй мэдүүлэг өгөөд суллагдахыг ил цагаан шаардсан байдаг. Гэтэл өршөөлийн хууль гармагц нь тэдгээр хүмүүсийн асуудлыг прокурорт гэнэт шилжүүлэх болж тэр өдрөө “Л.Болд нарын хэрэг өршөөгдөх гээд байна” гэсэн хар пиар хийж эхэлж байгаа юм. Үнэндээ тэдгээр хүмүүсийн нэг нь ч өршөөлд хамрагдахгүй харин шүүхээр шударга үнэнээ тогтоолгоно гэж байгаа юм билээ.   

 

-Танд холбогдох хэргийн улсад учруулсан хохирол 800 гаруй сая төгрөгөөр хэмжигдэнэ гэж бас бичсэн байсан?

-Сая хэлсэнчлэн эрх ашиг нь зөрчигдөж байгаа мань мэтийгээ нууц асуудлын талаар ам нээж болохгүй шүү гэчихээд өөрсдөө нийтэд буруу ташаа мэдээлэл өгч үнэн мөнийг хэлэх боломж олголгүй гүжирдчихдэг арга барил манай зарим хуулийн ажилтнуудад байна. Нэгэнт та тодорхой тоо дурдаж асууж байгаа болохоор би нууцынх нь хүрээнд тодорхой хариулъя. Надад хамаатай 800 сая төгрөгийн асуудал гээд байгаагийн цаана хоёр төсөл байдаг юм.

Нэгдүгээрт Өмнөд Суданд цэргийн баг илгээхийн тулд, хоёрдугаарт энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийн барилгын ажлыг санхүүжүүлэхэд Батлан хамгаалах яамны харъяа Барилга захиалагчийн алба Худалдаа хөгжлийн банкнаас нийт 6.9 тэрбум төгрөгийн зээл авч зээлийн хүүд 800 гаруй сая төгрөг төлснөөрөө улсыг хохироожээ гэдэг юм билээ.

Үнэндээ энэ хоёр зээлийн үр дүнд улсад олон зуун тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж, орлогын эх үүсвэр бүхий томоохон бүтээн байгуулалт хийгдсэн болохоос улсын төсвөөс нэг ч төгрөг үрэгдүүлж шамшигдуулаагүйг баримтаар нотлох маш амархан.

2011 оны намар Өмнөд Судан улс дахь НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай ҮАБЗ–ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол гарч хэрэгжүүлэх үүргийг Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосон. Ажиллагаанд оролцоход шаардлагатай техник, материал хэрэгслийг худалдан авах зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргах эрхийг ч Засгийн газрын тогтоолоор олгосон. Гэтэл уг ажиллагаанд бэлтгэх зардал нь тухайн жилийн улсын төсөвт тусгагдаагүй, хөгжлийн санд ч тийм мөнгө байгаагүй юм. Асуудлыг Сайдын зөвлөлөөр хэлэлцэхэд тухайн үеийн зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав санал гаргаж Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь нэг талаас нэр төрийн хэрэг, нөгөө талаас өндөр ашигтай төсөл байдаг, бусад орны жишгээр яамны харьяа аж ахуйн нэгжид эрх олгосноор зээлийн журмаар санхүүжүүлж төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлснийг дэмжсэн.  Ингээд холбогдох төрийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр нэгэнт эргэн төлөгдөх эх үүсвэр нь НҮБ-аас баталгаатай орж ирэх тул ажиллагаанд бэлтгэх зардлыг банкны зээлээр санхүүжүүлж тухайн орлого ормогц хугацаанд нь зээлээ төлсөн. Уг зээлийг авсны үр дүнд Өмнөд Суданы ажиллагаа амжилттай хэрэгжиж улмаар Зэвсэгт хүчний хөгжлийн санд жилийн өмнө Батлан хамгаалах яамнаас авсан мэдээллээр 120 шахам тэрбум төгрөгийн орлого ороод байсан, одоо дор хаяж 200 тэрбум болсон байх учиртай.

Хэдэн зуун тэрбум төгрөгийн орлого олчихоод байхад 800 саяын хүү төлсөн буруутай эрүүгийн хэрэгтэн гэх  нь эрүүл явдал уу? Мөнгөн талаас нь хардаггүй юмаа гэхэд дэлхийн 10 гаруй оронтой өрсөлдөж байж олж авсан тэрхүү ажиллагааг “бэлтгэх зардал байхгүй ээ” гээд хаясан бол манай Зэвсэгт хүчин НҮБ–ын өмнө итгэл алдаж дахин энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж бүр мөсөн хязгаарлагдах төдийгүй улсын маань олон улсын нэр хүндэд үнэлж боломгүй ноцтой хор хохирол учруулах байсан даа.

Үнэндээ надад хийсэн хэрэг байхгүй учраас Өршөөлийн хууль надад бол ямар ч нөлөөгүй.

-Нөгөө нэг зээл нь ямар учиртай гэж?

-Нөгөө зээлийн тухайд Монгол Улсын олон мянган цэргийн алба хаагч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотойгоор Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг байгуулах шаардлага үүссэн. Энэ бүтээн байгуулалтыг хийх төсвийн боломж хомс байсан тул тухайн үед миний бие санаачлан төсөл боловсруулж БНХАУ–ын Батлан хамгаалах яаманд санал тавьснаар  хятадын талын зуун хувийн буцалтгүй тусламжаар  найман сая ам.доллар буюу одоогийн ханшаар 16 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр байгуулахаар болсон юм. Буцалтгүй тусламж нь бэлэн мөнгөөр бус бараа, материалаар олгогдсон тул барилгын санхүүжилтийг цаг тухайд нь хийхийн тулд эхний ээлжийн санхүүжилтийн хөрөнгийг мөн банкнаас зээлсэн. Улмаар тусламжийн бараа материалыг борлуулж зээлийн үндсэн төлбөр, хүүг төлсөн бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй тул улсад хохирол учруулсан, төрийн өмчийг үрэгдүүлсэн гэх ямар ч асуудал байхгүй. 

Харин ч шинээр иж бүрэн том цогцолбор бий болгон төрийн өмчийг арвижуулсан юм шүү дээ. Ингэж гоочлуулж байж, төсвийн нэг ч төгрөгийн зардалгүйгээр байгуулсан нөхөн сэргээх цогцолбор маань энхийг сахиулагч цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх болон нийгмийн бусад олон асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа. Дээр нь тухайн үеийн ханшаар жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олж ашигтай ажилладаг цогцолбор объект болсон доо. Багабаянд очиж үзсэн хүн бүр энэ бүтээн байгуулалтыг сайшаан магтдаг, та бүхэн ч очоод үзсэн болно.

 

-Өмнөд хөршөөс авсан энэ тусламжтай холбоотойгоор таныг тусламжийн бараа материалыг үнэгүйдүүлж хувьдаа завшсан гэдэг мэдээлэл бас явдаг. Энэ асуудлаар таныг хуулийн байгууллага шалгасан уу?

-Зээл тусламж олж авах яриа хэлэлцээ, улс төрийн шийдлийг нь би гаргасан болохоос ороод ирсэн бараа материалыг захиран зарцуулдаг албан тушаалтан бол сайд биш. Тиймээс надтай холбоотой ийм асуудал огт байхгүй, хуулийн байгууллага ч шалгасан зүйлгүй.

Харин тухайн үед яамны ажил хариуцаж байсан зарим албан тушаалтанг тусламжаар авсан цемент, төмрийг хямдхан борлуулж улсыг хохироосон хэмээн буруутгах гэж оролдож байгааг бол сонссон. Миний хувьд тэдгээр хамтран ажиллагсаддаа хууль журмынх нь дагуу ажилласан гэж итгэж байгаа. Цемент, төмөр гэж жилийн хэдхэн сард эрэлт нь нэмэгдэж үнэ өсдөг, бусад үед хямдарч удаан хадгалбал үнэ цэн нь унадаг материалыг яг төдөөр зарах байсан, гэтэл тэдээр зарснаараа улсыг хохироожээ гэж хэлэх бол утгагүй л явдал даа.

Явж явж бидний хийсэн харин ч бахархах ёстой ажлуудыг маань гэмт хэрэг болгож гутаах гээд байгаа

 Ер нь тэгээд ганц манай батлан хамгаалах гэлтгүй олон салбарт өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд гадаадын зээл тусламж чамгүй их орсон ч үр дүнд нь юу үлдэв гээд үзэх гэхээр гарт баригдаж нүдэнд үзэгдэх юмгүй л үрэн таран болсон байдгийг та бид мэднэ. Гэтэл анх удаа хөрш орны буцалтгүй тусламжаар ийм том бүтээн байгуулалт хийгээд үлдээчихсэн хүмүүсээ урмаар тэтгэдэггүй юм гэхэд ууцыг нь хугалмааргүй л байгаа юм даа. Явж явж бидний хийсэн харин ч бахархах ёстой ажлуудыг маань гэмт хэрэг болгож гутаах гээд байгаа нь энэ хэрэг анхнаасаа улс төрийн захиалгатай болохын нэг илрэл.

 

-Бодит үнэн ийм бол таныг хөрөнгө шамшигдуулсан гэж хэрэг үүсгэх биш үржүүлсэн гэж шагнах ёстой юм биш үү?

-Намайг сэжиглэж байна гэх хэрэгтээ ийм л юмаар буруутгасан байна билээ. Би ч бас сая ярьсан бүхнээ баримттайгаар тайлбарлаж өгсөн. Шагнах тухайд бол Монгол Улсын Ерөнхийлөгч надад “Батлан хамгаалах салбар, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд оруулсан хувь нэмрийг үнэлж” Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан нь миний ажил үйлст төрөөс өгсөн үнэлэлт гэж би үздэг.

 

-Авилгатай тэмцэх газар таныг дуудаж шалгасан асуудлууд тэгээд ердөө л ийм хоёр зээлийн тухай байсан хэрэг үү?  

-Хоёр зээлийн асуудал, тэгээд нэг ажилтандаа орон сууц олгосон гээд ийм л гурван асуудлыг надад холбогдуулах гэж байгаагаа ил болгож мэдээлцгээсэн. Яам, төрийн байгууллага бүхэнд л онцгой амжилт гаргасан эсвэл төрд олон жил сайн ажилласан ажилтнууддаа боломж бололцоогоороо орон сууцны дэмжлэг тусламж өгдөг, шагнадаг асуудал байдаг биз дээ. Би ч гэсэн сайдаар ажиллахдаа “Алдар” спортын хорооныхоо тамирчин Олимпийн мөнгөн медаль авсан О.Гүндэгмаа, Улсын харцага цол хүртсэн Ө.Бат-Орших нар болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, яамны зарим ажилтан зэрэг төрийн болон цэргийн алба хаагчдыг орон сууцаар шагнаж байсан. Бас намайг Батлан хамгаалахын сайд байх үед улсаас ахмад дайчиддаа орон сууц олгох шийдвэр гарч бид хэрэгжүүлсэн. Эдгээрээс яамны нэг ажилтандаа олгосон 35 метр квадрат ганц өрөө байрыг сугалж авч эрүүгийн хэрэг болгох гээд байгаа л хүмүүс юм билээ.

Хэрэв энэ гэмт хэрэг юм бол улсаас төрийн алба хаагчиддаа байр өгөхөө бүр болиод өмнө өгсөн бүх байраа буцааж авах хэрэгтэй болох байх. 

 

-Би ойлгохдоо таныг сөнөөгч онгоц зарсан, 300 айлын орон сууц барих нэрээр 10 тэрбум төгрөг завшсан гэх асуудлуудад холбоотой гэж ойлгож байсан. Тийм зүйл байхгүй юу?

-Байхгүй. Онгоцны моторын гэх залилангийн хэрэг аль эрт шүүхээр шийдэгдээд буруутай этгээдүүд нь ялаа авсан. Үнэн хэрэгтээ ийм луйврын асуудал явсан байж болзошгүй байна гэдгийг гаргаж тавьж хуулийн болон тагнуулын байгууллагаар шалгуулсан хүн нь би өөрөө. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдохдоо генерал Д.Даваа “ийм асуудал огт байхгүйг баталж байна” гэснээр олон сар жил үргэлжилсэн хар пиарт цэг тавьсан байх гэж бодож байна.

            Зэвсэгт хүчний 300 айлын барилгын хувьд гүйцэтгэлийн хоног хугацаа, төлбөрийн хуваарьтай холбоотой асуудал байгаа юм шиг байна лээ. Ямартай ч метр квадрат нь ердөө 600 мянган төгрөгөөр офицер, ахлагч нараа байртай болгох төслийг би санаачилж эхлүүлсэн. Цэргийн музейн хажууд байшингууд нь босчихсон байгааг очоод үзэж болно. Манай багийн хийснийг харлуулах гэсэн тодорхой албан тушаалтнууд харин тэдгээр 300 айл өрхийн байрандаа орох хугацааг хойш татаад байгаа юм билээ.

Ер нь үүнтэй холбогдуулж хэлэхэд улсын төсвийн шударга, зүй зохистой хуваарилалтыг бий болгомоор байгаа юм. Намайг Батлан хамгаалахын сайдаар очиход батлан хамгаалах салбарын төсөв тавин тэрбум, үүнээс хөрөнгө оруулалтын зардал ердөө хоёр тэрбум төгрөг байсан гээд боддоо. Ийм мөнгөөр цэрэг дайчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, зэвсэг техникийн шинэчлэл хийх байтугай цэргийн ангиудынхаа дусаал дуссан дээврийг засаж хүрдэггүй байсан. Энэ үед би Засгийн газар, УИХ дээр албан тушаалаараа дэнчин тавьж болохоос болохгүй хүртэл зүтгэж байж батлуулсан төсөв бол энэ 300 айлын орон сууцны арван тэрбум төгрөг юм. Тухайн үед хэрэв яамны асуудал хариуцсан албан тушаалтнууд барилга бариулах гэрээгээ яаралтай байгуулж санхүүжилтээ татаж авахгүй бол арай гэж олж авсан өнөө жаахан төсөв нь он гармагц хураагдах гээд байсан юм билээ. Тиймээс тэд төсвөө Барилга захиалагчийн алба дээрээ авч үлдээд тэндээсээ гүйцэтгэгч компанидаа шилжүүлэх аргаар байраа бариулсныг буруутгаж чадахгүй.

Намайг иймэрхүү асуудлаар ам нээх бүрт маргааш нь миний эргэн тойронд ажиллаж байсан хэн нэг хүнийг дуудаж барьдаг, байцаадаг болоод удаж байгаа.

Харганы ноос түүж эсгий хийнэ гэдэг шиг арай гэж нэг жаахан төсөв олж аваад офицер ахлагчдаа хямд байртай болгохын төлөө зүтгэсэн тэр үеийн манай удирдлагын багийнхныг тэрбум тэрбумаар нь мөнгө зувчуулаад шороо ч овоолоогүй мэтээр ярьж бичээд байгаа хүмүүсийг гайхдаг юм. Гэхдээ манай зэвсэгт хүчнийхэн хэн нь юу хийснийг мэддэг байхаа. Ер нь тэгээд олон зуун тэрбум, их наядын төсөв, тендертэй яамд, салбаруудаа шалгахгүй байж төсөв, тендер гээд байх юмгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлын хоёр яамаа хянаж шалгахад хэдэн жилийн турш асар их хүч, хөрөнгө зарцуулаад байгаа нь эрүүл ухаанаар ойлгогдохгүй л байгаа юм.

 

-Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болох гээд байгаа Л.Болд нарын хэрэг гэдгийн цаана гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл байхгүй юм шиг санагдлаа. Гэтэл та яагаад үнэн зөвөө ярихгүй нэг л их хэрэг хийчихсэн мэт гөвүүлээд чимээгүй яваад байдаг юм бэ?

-Яривал мөрдөн байцаалтын нууц задруулсан гээд жинхэнээсээ хууль зөрчсөн хэрэгт унах тул таны хэлснээр гэмт хэрэгтэн мэт гөвүүлээд дуугүй суух нөхцлийг л тулгадаг юм байна. Үнэндээ надад хийсэн хэрэг байхгүй учраас Өршөөлийн хууль надад бол ямар ч нөлөөгүй. Хэрэв хийсэн ажлын минь төлөө надад хэрэг үүсгэж байгаа бол би тэртэй тэргүй Өршөөлийн хуулиас үл хамааран шүүхээр үнэн зөвөө тогтоолгох болно. Тиймээс ч намайг болон их хурлын бусад гишүүдийг хэнийг нь ямар асуудалд шалгаж байгаа, баримт нотолгоо юу байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нээлттэй сонсъё гэсэн санал гаргаж байгаа. Тэгж байж хэн нь хэн болох талаар үнэн бодит мэдээллийг олон нийт төдийгүй гишүүд өөрсдөө авах боломж бүрдэнэ.

 

-Ер нь яагаад таныг ингэж гоочлоод үндэсгүй асуудлаар хэрэг үүсгэж уул овоо мэтээр сурталчлаад байна гэж та бодож байна?   

-Манай зарим төрийн байгууллагын хууль хяналтын үйл ажиллагаа ихээхэн буруу явагдаад байна. Хуучин цагийн НАХЯ шиг арга барилаар зарим нь ажиллаж байна, хүний эрх зөрчиж хэлмэгдүүлж байна, тэр байтугай шалгагдаж байсан сэжигтэн нь шоронд нас барлаа гэх мэт асуудлыг би нэлээд дээрээс ярьж тэмцэж ирснийг уншигчид мэдэх байх. Би авилга, хээл хахуультай тэмцэх талаар төрөөс явуулж буй бодлого, зорилтыг эсэргүүцсэндээ биш харин хэрэгжүүлэх шатанд нь гарч байгаа нугалаа завхралыг хүлээн зөвшөөрч чадахгүйдээ ингэж тэмцсэн. Ардчиллын төлөө эхний өдрүүдээс нь явсан хүний хувьд цаашид ч тэмцэх болно. Харин үүнийг ойлгоогүй зарим хүн яаж ийгээд Л.Болдыг захиалгат хэрэгт холбогдуулж харлуулж гутаагаад байвал дуугүй болно, аялдан дагана гэж бодсон юм шиг байна лээ. Намайг иймэрхүү асуудлаар ам нээх бүрт маргааш нь миний эргэн тойронд ажиллаж байсан хэн нэг хүнийг дуудаж барьдаг, байцаадаг болоод удаж байгаа.

Нөгөөтэйгүүр ярилцлагын эхэнд хэлсэнчлэн барьцаа, шантаажийн аргаар төрд нөлөөлөх гэсэн сонирхолтой хэсэг бүлэг этгээд мань мэтийгээ улс төрөөс шахан зайлуулах хүсэлтэй байгаа бололтой. Үндэслэлтэй нотлох баримттай хэрэг байсан бол шалгаад шүүгээд нэг тийш болгох хугацаа хангалттай өнгөрчихлөө. Гэтэл “хэрэг нээв, нууц, түдгэлзүүлэв” гэж тэмдэглээд л хоёр жил хадгалчихаж байгаагийн цаад зорилго нь үнэн зөвийг олохдоо биш сонгууль болох үеэр “энэ бол хэрэгт шалгагдаж байгаа хүн” гэж зарлах л явдал юм билээ. 

Эх сурвалж: Өдрийн сонин