Чөлөөлөх дайн ялалтын 75 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан ойг угтсан арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Уг ойг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу хоёр үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.
Нэгдүгээр үе шат Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлигаа гаргаж манай ахмад дайчдад ойн медаль өгч, монгол цэргүүд Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал алхсан.
Хоёрдугаар үе шат нь 6-8 дугаар саруудад болж байгаа ажээ. Энэ хугацаанд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Сүхбаатар аймагт энэ сарын 19-нд, Дорноговь аймагт энэ сарын 21-нд, нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 28-нд баярын хурал, тусгайлсан арга хэмжээ болох аж.
Түүнчлэн Монголын 76 цэрэг эрс БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцоно. Уг бүрэлдэхүүн энэ ням гаригт БНХАУ-ыг зорих гэж байна.
БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд “Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явц юм.
Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан.
1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болно”
1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцсон бөгөөд өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна.
БНХАУ-ын (Өвөр Монголын) ард түмнийг чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэг (МАХЦ) 1945 оны 5 дугаар сарын дунд үеэс бэлдэж эхэлсэн. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын Цэргийн явдпын яамны сайд, Бүх Цэргийн жанжин маршал Х.Чойбалсан удирдан оролцсон МАХЦ-ийн Өмнөд бүлгийн командлагч бөгөөд маршал Х.Чойбалсангийн орлогчоор дэслэгч генерал ИА.Плиев, Өмнөд бүлгийн командлагчийн монгол цэрэг хариуцсан орлогчоор дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар тус тус ажиллажээ.
1945 оны 2 дугаар сард холбоотон гүрнүүдийнг Яалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 дугаар сарын 9-нд Япон Улсад дайн зарлав. БНМАУ-ын Бага хурал, Засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 10-нд Япон Улсад дайн зарлах тухай тунхаглах бичиг гаргав.
Хоёр дахь томоохон хүчний давшилт нь Чуулалт хаалга-Жанчхүүгийн давааны чиглэлд байсан бөгөөд хурандаа И.С.Доржинскийн удирдлага дор явагдсан байна. Энэ чиглэлд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиц газар бол Жанчхүүгийн даваа байжээ.
Жанчхүүгийн даваанд япончууд 1935-1940 онд 40 мянган хятад иргэн дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхэлсэн район байгуулж 20 шахам тулгуурт байр, их буу, пулемётын галын цэг 36-г байгуулсан. Бэхлэлтийн энэ районд цемент, тоосго, чулуу мод, шавраар барьж бэхэлсэн хугацааны галын цэг 40, удаан хугацааны галын цэг 22, их буу, пулемётын галын цэг 24, батальон, ротын тулгуурт байр 12 байв. Давааны орой, ар талд цемент, төмөр бетоноор хийсэн дээд дарга нарын командын байр 3, ротын даргын хянах байр 3, их бууны командын байр 3 тус тус байжээ.
Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан наймдугаар сарын 19-21-нд болжээ. 1945 оны дайнд МАХЦ-ээс нас барсан, шавхадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан Жанчхүүгийн даваанд хөшөө босгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!