Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 8, 9-нд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам- 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үүнээс гадна шашны маш олон арга хэмжээ болох билээ. Ингээд энэ талаар Мамбадацан хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.
-“Даншиг наадам-Хүрээ цам- 2015” наадам удахгүй болох гэж байна. Нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын иргэд энэхүү даншигт ихээхэн анхаарал хандуулж байна. Түүхэн талаасаа болон шашны уламжлал сэргэж байгаад талархаж хүлээн авч байх шиг байна?
-Улаанбаатар хотын Засаг дарга болон НИТХ, нийт бурхны шашны хот хөдөөгийн олон хийд, лам хуваргууд нийлээд Даншиг наадам болон Хүрээ цамын үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Үүгээр дамжуулан бид Монголын ард түмэнд бурхны шашны эх түүх, Өндөр гэгээн Занабазарыг таван настай байх үед эхэлсэн даншиг наадмын утга учрыг ойлгуулах юм. Цаашлаад монголчуудын өв соёлыг нийт ард түмэндээ төдийгүй дэлхийд таниулах үйлсийг эхлүүлж байна. Тийм учраас Монголын ард түмэн энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагаанд нийтээрээ идэвхтэй сайхан оролцож, буян номоо нийт олон лам хуваргуудтай хийгээрэй гэж уриалмаар байна.
Үүнийг Гандантэгчинлэн хийдийн хүрээ цамын тусгай номыг нь үзэж бэлтгэгдсэн лам хуваргууд ёсоор нь тавьж гаргах болно. Нөгөө талаас монголчууд Улаанбаатар хотоороо овоглон дэлхийд танигдан явж байна. Үүний эх үүсвэр нь Өндөр гэгээн Занабазартай холбоотой. Тийм ч учраас энэхүү санаачилсан ажлыг маань нийслэлийн удирдлагууд дэмжиж байгаа нь цаад утгаараа түүхийн улбаа холбоотой. Тиймээс Монголын ард түмэн үүнийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй.
Ташаа буруу мэдээлэл гарч байгаа ч үүнд сэтгэлээ зовоох хэрэггүй. Энэ бол олон нийтийн хүч, оюун санаагаар бүтэж байгаа учраас үүндээ эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Нөгөө талаас Монголын бурхан шашин болоод энэ их өв соёлыг гадаад, дотоодын ард түмэнд таниулж байгаа тэр хоёр өдөр монголчуудын мэдлэг нэмэгдэж цаашид зөв мэдлэг, сүжигтэй байх эх үндэс тавигдана. Мөн наймдугаар сарын 8-нд монголчуудын сайн сайхны төлөө Очирваань бурхныг тахина. Энэ үйл ажиллагааг аль болох дэмжиж, бүгдээрээ зүтгэж байна. Тиймээс сүсэгтэн олон энэ сайхан номын, дээрээс нь мэдлэгийн баярт, өв соёлоо дээдэлсэн бахархсан үйл ажиллагаанд сайхан морилоорой.
-“Хүрээ цам”-ыг сэргээн тавина гэлээ. Үүний утга учирыг та уншигч түмэнд хүргэхгүй юу. Төв гандан болон Дашчойлон хийд жил бүр хүрээ цамыг тавьдаг шүү дээ?
-1937-1938 онд Монголын бурхны шашны хийгдэж байсан бүх номын үйл ажиллагаа хаагдсан. Түүнээс хойш хийгдээгүй байж байгаад Дашчойлон хийд 10 гаруй жилийн өмнөөс хүрээ цамыг сэргээж, мөн Гандантэгчинлэн хийд буюу хоёр газар хүрээ цамыг сэргээж, номын ёсоор хийж байна.
Хүрээ цам нь нийт монголчуудын болоод дэлхийн ард түмний сайн сайхны төлөөх тусгай номоос гадна урлагтай холбогдсон дэлгэр үйл ажиллагаа. Үүнийг уншиж байгаа лам хуваргууд хийж байгаа хөдөлгөөн бүгд цаанаа ном, бясалгалтай холбогдож явдаг чухал зүйл. Цаашлаад хүрээ цамыг НҮБ-ын өв соёлд бүртгүүлэх нь чухал юм байна гэдгийг энэ чиглэлийн хүмүүс, лам хуваргууд ярьж байгаа. Энэ асуудал маань яваандаа бүтэх байх.
Энэ бол Монголын бурхан шашны асар том өв соёл. Тийм учраас үүнийг дэлхийд бүртгэлтэй, данстай болгох нь чухал. Үүнээс гадна нэг чухал зүйл нь бид даншиг наадам гэдэг үүднээс “Даншиг” гэдэг нэрийг ч гэсэн өөрийн ёс журмаар хадгалж явах нь зөв зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр 2-3 сум нийлээд даншиг наадам хийж байгаа нь явж ирсэн түүх уламжлал номын ёстой төдийлөн тохирохгүй байгаа.
-Монголыг даасан Очирваань бурхныг даншиг наадмын үеэр тахина. Сүсэгтэн олонд Очирваань бурхныг шүтэхийн ач тусынг талаар дуулгавал?
-Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлгэдэл болсон бурхан Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэдгийг шашны судар номуудад олонтаа зарлигдсан байдаг. Ер нь хүн хувь тавилангаараа нэгэнтэйгээ учирч уулздаг. Тэгвэл бид ч гэсэн хувь тавилангийн эрхээр Очирваань бурхантай хамгийн ойр дотно барилдлага үүсгэсэн. Очирваань бурхан маань сайн цагийн 1000 бурхан залрахад тэдний бүгдийн хажууд заларч байдаг бурхан юм.
-Төр нь шашнаа хүндэлнэ. Шашин нь төрөө дээдэлнэ гэдэг. Гэтэл төр шашин хоёр хосолж даншиг нэрийн дор наадам хийх гээд байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн сөрөг хандлага яваад байгаа. Та үүн дээр зөв ойлголт өгөхгүй юу?
-Ер нь монголчууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн 1000 гаруй сүм хийдийг устгасан. Гэтэл тухайн сүм хийдэд байсан нэг бурхан дэлхийд хэдий хэр хэмжээний мөнгөөр үнэлэгдэж байгааг та бүхэн мэдэж л байгаа байх. Тэгэхэд Монгол Улс бурхны шашинд нэг удаа тусалж чадсан уу. Чадаагүй. Та бүхэн ч гэсэн үүнийг мэдэж байгаа. Тийм учраас ийм сөрөг, шальдар булдир зүйл ярьж хэрэггүй.
Эцсийн эцэст бусад үндэстэн ястнууд бүгд бурхны шашинд хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл монголчууд тэгж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, устгаж үгүй болгосон болохоос биш хөрөнгө оруулж чадаагүй. Тийм учраас олон таван зүйл ярихаа больж, буянд оролцоорой гэж хэлмээр байна. Нөгөө талаас бурхны шашныг буруу өнцгөөс харж болохгүй. Цаашид ч гэсэн төр Монголын бурхны шашин төдийгүй энэ бурхны шашинд зүтгэж байгаа хүмүүсийг харж хандах үүрэгтэй. Харин өнөөдөр хотын захиргаа үүнийг дэмжиж байгаад үнэхээр их талархаж байна.
-Та бүхний зүгээс бурхан шашныг буруу өнцгөөс харж болохгүй гэж хэлээд байгаа ч зарим нь зориудаар даншиг гэдэг бол “Тусгаар тогтнолоо алдсаны баяр” хэмээн иргэдэд буруу ойлголт өгсөөр байгаа шүү дээ?
-Тэртээ 200 жил монголчууд хүүхдээс эхлүүлээд хөгшид бүгд тусгаар тогтнолыг хүсч байсан. Харин ч даншиг наадам бол Монголын олон хошуу ноёдын үзэл бодлын зөрчлийг нэгтгэж байсан ирээдүйг харсан буяны үйл ажиллагаа шүү дээ. Тиймээс үүнийг урвуулж болохгүй. Энэ бол жижиг өчүүхэн ухаантнуудын хийх зүйл.
Гэтэл өчүүхэн ухаантуудыг их ухаантнууд нь даган баясаад ялгаж чадахгүй бол мунхралын дээд мунхрал болно. Тийм учраас үүнийг салгаж, ялгаж ойлгох хэрэгтэй. Ер нь нэгдүгээрт ард түмэн эрх чөлөөтэй байгаадаа баярлах хэрэгтэй. Хоёрдугаарт, шүтэн бишрэх эрхтэй байгаадаа баярлах хэрэгтэй. Гуравдугаарт, сайн үйлсийг дэмждэг байх хэрэгтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|