Капиталист системд баялгийг шударга бусаар хуваарилдгийг хэн ч мэднэ.
Үүнд ямар ч шинэлэг зүйл байхгүй. Бас орчин үеийн ертөнцөд капитализм нь эдийн засаг, нийгмийн цорын ганц систем хэвээр үлдсэнд ч гайхах зүйл үгүй.
Дэлхий дээр секунд тутамд шинэ саятнууд төрдөг гэх. Шинэ баячууд “мэндлэх” нь эдийн засгийн мөчлөгтэй холбоотой бөгөөд хямралын дараа санхүү, эдийн засгийн өсөлт гарч, тэдгээрийн гэрч нь бид болдог билээ.
Өнөөдөр дэлхий дээр долларын саятнууд хэд байна вэ. Тэд яаж ийнхүү баяжив. Тэдний үндэс, угсаа яаж өөрчлөгдөж байна вэ. Францын “Capgemini”, “Merrill Lynch Wealth Management” консалтинг компаниас жил бүр явуулдаг “World Wealth Report” тайлан тооцоог уншсанаар та эдгээр асуултын хариултыг багахан ч болов авч чадна.
Саятнуудын хувьсал
Дэлхий дээрх саятнуудын тоо 2008 онд эрс буурснаасаа хойш өдгөө рекорд түвшиндээ хүртэл нэмэгджээ.
2008 онд АНУ-д ипотекийн хямрал нүүрлэхэд дэлхий дээр 8.56 сая хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хэмээн тоологдож байсан. Тэгвэл дөрвөн жилийн дараа энэ тоо 11.97 сая болтлоо өсчээ. Энэ бол бараг 40 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Эдгээрийн 31 хувь буюу 3.73 сая нь АНУ-д харьяалалтай бол Хятадад 3.68, Европт 3.41 сая хүн баячуудын тоонд орж байна. Латин Америк 520 мянган саятнаар дөрөвдүгээрт, Ойрх Дорнод 490 мянгаар тавдугаарт бичигдэж байгаа бол хамгийн сүүлийн байрыг Африк тивийнхэн 140 мянган саятнаар мушгижээ.
Эндээс харахад АНУ-д хамгийн олон саятан амьдардаг, тэдний хувьцааны нийт өртөг 12.7 их наяд ам.долларт хүрч байгаа нь тус улсын ноёрхлыг дахин баталж байна. Азийнхны “алтан түрийвчтэнүүд”-ийн хөрөнгө 12.02 их наядаар үнэлэгдэж байгаа бол Европын саятнуудын нийт хөрөнгө 10.9 их наяд ам.долларын үнэд хүрэх аж.
Хэрхэн баяжих вэ
“World Wealth Report” баримтаас үзэхэд их хэмжээний мөнгө олох хамгийн хурдан арга бол хувийн бизнестэй болох гэдэг нь харагдаж байна. Дэлхийн саятнуудын 37 хувь нь хувийн үйлдвэр, компаниудтай аж.
Мөн саятнуудын 24 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, хөрөнгө мөнгө хуримтлуулсан бол 18 хувь нь Уоррен Баффетын нэрлэснээр “Азтай сперматозоидын клуб”-ийнхэн юм. Энэ бол өв залгамжилж баяжсан хүмүүс.
Түүнчлэн 10 хувь нь хөрөнгө оруулалтаар баяжсан бол ес орчим хувь нь ашигтай хувьцаа худалдан авч, хүүгээр нь амьдардаг саятнууд гэнэ. Үүнээс гадна хоёр хувь нь тодорхойгүй замаар баяжсан байдаг аж.
Эндээс үзэхэд овсгоо, самбаатай хүмүүс л дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог байх нь.
Саятнууд санхүүгийн ямар хэрэгслийг сонгодог вэ
Саятнуудын 29 хувь нь мөнгөө Засгийн газрын болон төрийн бус компанийн үнэт цаас болгон хадгалахыг илүүд үздэг. Ингэснээр орлогын тодорхой хувийг хүртээд, үрэх юм уу ашигтай бизнест хөрөнгө оруулаад суух боломж бүрддэг байна.
Тэгвэл 25 орчим хувь нь биржээр арилжаалагдаж буй хувийн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг аж. Бас хуучинсаг үзэлтэй, чинээлэг хүмүүс ч бий. Саятнуудын 21 хувийг бүрдүүлдэг тэд мөнгөө бэлнээр хадгалах буюу банкинд богино хугацаанд байршуулдаг гэнэ.
Харин саятнуудын долоон хувь нь адреналин хэрэглэдэг шиг санхүүгийн эрсдэлтэй үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар амьдардаг байна.
Бас нэгэн сонирхолтой баримт дурдахад хятадууд дэлхийн хөрөнгийг “өөртөө шингээх” нь нэмэгдэж байна. 2008 оноос хойш Ази-Номхон далайн бүсэд саятнуудын тоо 53 хувиар өссөнийг үүнийг гэрчилнэ. Энэ эрчээрээ явбал тун удахгүй АНУ-ыг гүйцэх бололтой.
Гэхдээ нөгөө талаас нь үзэхэд “алтан түрийвчтэнүүд” ихэвчлэн мөнгөө бодит эдийн засагт бус, санхүүгийн пирамид босгоход ашиглаж байгаа нь дэлхийн олон орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүний хор хохирлыг тайлбарлахын тулд АНУ-д үүссэн ипотекийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлснийг санахад л хангалттай.
Үүнээс гадна бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тэгш бус хандлага нэмэгдэж байгаа нь геополитикийн дарамтыг уламж нэмэгдүүлж байна. Ялангуяа энэ нь Ойрх Дорнод, Африкт ажиглагдаж байгаа аж. Хөгжилтэй орнууд эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэж, тэмцлийг улам гааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!