Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт ДАНШИГ НААДАМ болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дашчойлон хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав, Мамбадацан хийдийн Тэргүүн хамба Д.Нацагдорж, Гандантэгчинлэн хийдийн Их Шанзав н.Амаржаргал тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.

Бат оршил өргөх Даншиг наадам наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт болох бөгөөд 256 хүчит бөхийн барилдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болно. Мөн аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах ажээ.

Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдах аж.

Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна. Мөн Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй гэж мэдээллээ.

Энэ Даншиг наадмын гол онцлог нь шашин номын олон үйл ажиллагаа, уламжлалт зан үйл юм. Наадмын үеэр Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм байна.

Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Нийслэлийн иргэдийн төлөө 1,000 лам ном уншина

Даншиг наадмын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд ийм буяны үйл ажиллагааг дэмжих нь хөтөлбөрийн үйл ажиллагаанд том дэмжлэг болж байна гэж бодож байна. Манай нийслэлийн иргэдэд хандаж маш том ерөөл, ном хурах учраас бид бас дэмжиж ажиллаж байгаа” гэдгийг онцлов.

Даншиг наадмын үеэр хийгдэх шашин номын зан үйлийн талаар Дашчойлон хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав “Наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт Хүрээ цам гарна. Мөн наймдугаар сарын 8-ны өглөө Чингисийн талбай дээр нийслэлийн иргэдийн төлөө 1,000 лам ном уншина. Ардчилал сэргэж хөгжөөд 25 жил болж байна. Энэ хугацаанд шашны мартагдсан зан үйлүүд сэргэж, төр засгаас ч дэмжлэг үзүүлж байгааг сүсэгтэн олон өндрөөр үнэлж байдаг.

Бат оршил гэдэг нь хуучин Богдод өргөж байсан заншил юм. Одоо бид заавал нэг хүний төлөө биш хотол олноороо жаргал цэнгэлтэй, хөгжилтэй дэвшилтэй байх үүднээс энд өргөж байгаа юм” гэв.