Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр наадмын өдрүүдэд 56 иргэний амь биеийг авран хамгаалжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Төр засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангажээ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулахад цахилгаан хэрэгсэл, хийн баллоны хоорондын зай хэмжээ алдагдсан 187, цахилгааны уртасгагч разетканы зөрчилтэй 87, нарны шууд тусгалд хийн баллоныг байрлуулсан 403, гал унтраагуур байхгүй 136 зөрчлийг илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгуулсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 76 дуудлагаар ажиллалаа. Үүнээс объектын гал түймрийн 51 удаа, Эрэн хайх, аврах ажиллагааны 25 удаа  дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Голын усанд осолдож 6 хүн нас барж, 58 иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалжээ. 

Тухайлбал: 

  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний доод талд 2 согтуу иргэн усанд уналаа гэсэн дуудлагыг 17:30 цагт өгснөөр Аврах ангийн эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг гаргахад иргэн Ж 68 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 62 настай эрэгтэй нар усанд унасан байсныг амь насыг нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.   
     
  • Аврах ангийн усны завьт эргүүлийн бүлгийн албан хаагчид эргүүл хийх явцад Адам, Эвагийн хөшөөний орчим Туул голын салаа хэсэгт  21 настай, эрэгтэй усанд живж байсныг аврагчид амийг нь аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.
     
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Гачууртын шинэ замын хажууд Туул голд машин суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход иргэн Б гэр бүлийн хамт гарамгүй газраар голыг гаталж байгаад, усанд живж байсныг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна. 
     
  • Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт Туул голд автомашин усанд суусан дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн бүрэлдэхүүнийг шөнийн 03.00 цагт очиж автомашиныг гаргаж, жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх үйлдлийг гаргасан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.