Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

БНЧУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд Прага хотноо наадлаа

ikon.mn
2015 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг 2015 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, П.Шагдар захиралтай “Нико.ком” ХХК-тай хамтран "Чех, Европын хийморьтой Монголчууд - 2015" нэрийн дор Прага хотноо анх удаа зохион байгуулжээ.

Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Зүмбэрэллхам нээж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд язгуур урлагийн “Хосоо & Трансмонголия” болон “Дүнжингарав” хамтлагууд хуран цугласан олонд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьжээ.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн начин Л.Батмөнх түрүүлж, аймгийн начин Ц.Цэрэнпунцаг үзүүрлэсэн байна. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүд бүгд аймаг, цэргийн цолтой бөхчүүд шалгаран үлдсэн нь энэ жилийн бөхийн барилдааны чанар, чансаа дээшилснийг илтгэж байлаа.

Шагайн харваанд багийн дүнгээр Литомержице хотын баг түрүү байр эзэлсэн бол хувийн дүнгээр дэд мэргэн Г.Энхбаяр тэргүүн байрт шалгарч ЭСЯ-ны нэрэмжит батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Баяр наадмын үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулснаас үндэсний сайхан хувцастан шалгаруулах “Дээлтэй Монгол” уралдаан, олс таталтын багийн тэмцээнд хүрэлцэн ирсэн наадамчин олон өргөнөөр хамрагдан оролцжээ. Мөн Европын аварга М.Мөнхтайван ахлагчтай таеквондогийн баг тамирчид үзүүлэх тоглолт хийсний зэрэгцээ хоёр насны ангиллаар хүүхэд багачуудын дунд уралдаан, тэмцээн явуулж наадамд хүрэлцэн ирсэн 200 гаруй хүүхдэд “Нико.ком” ХХК-ий зүгээс гарын бэлэг гардуулсан байна. 

Энэ үеэр наадамчин олноос супер азтангуудыг тодруулж эх орондоо ирж, буцах онгоцны тийз, 42 инчийн LCD телевиз болон нөүтбүүкээр шагнаж урамшуулсан бөгөөд оройн арга хэмжээ МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тоглолтоор үргэлжилжээ. Дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа гарсны 30 жилийн ойн шоу тоглолтоо Европт ганцхан удаа Прага хотод тоглож буй нь энэ бөгөөд хүрэлцэн ирсэн Монголчуудтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүлжээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нэг хэсэг бөгөөд дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.