Хөвсгөл аймаг өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон билээ. Зам дагаж хөгжил ирдэг гэдгийн жишээ болж баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо эрс өсчээ.
Жуулчид амрагчдын тоо өссөнтэй холбоотойгоор Хөвсгөл аймагт хэд хэдэн асуудал үүссэн байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягаас тодруулахад "Аялагч, амрагчдын тоо өссөнтэй холбоотойгоор гол аялалын бүс болох Хатгал, Мөрөн, зам дагуух Тосон, Их-Уул зэрэг сумдад зарим банкны бэлэн мөнгөний машин мөнгөгүй болж, хэдэн цагаар иргэдийг хүлээлгэж байж цэнэглэсэн.
Мөн А92 бензин зарим шатахуун түгээгүүрээр нэгээс хоёр хоног тасарсан асуудлууд гарлаа.
Энэ жилийн хувьд аялагч , амрагчдын тоо баяр наадмын амралтаар их байлаа. Одоогийн байдлаар хэчнээн хүн ирсэн талаар тоо эцэслэн гараагүй байна. Удалгүй постуудаас авсан мэдээллээ нэгтгэн аялагч, амрагчдын тоог гаргах болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!