Өвөр Байгалын газар нутгийг түрээслэх юм бол ирээдүйд Хятадын мэдэлд орно хэмээн үзэж нутгийн иргэд ерөнхийлөгч В.Путинд ханджээ.
Орон нутгийн захиргаа Хятадын “Хуаэ Синбан” компанид 115 мянган гектар ашиглагдаагүй газрыг түрээслэхээр тохиролцсон юм.
Харин нутгийн иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд гарын үсэг цуглуулан захидал бичжээ.
Одоогоор яг аль газрыг түрээслэхээр болсон нь тодорхойгүй байгаа ч Агийн Буриадын тойрог дахь Нерчинско-Заводск, Улетовск, Сретенск, Шилкинскийн дүүргүүдийн газар нутаг хамрагдах нь тодорхой байгаа гэнэ.
Орон нутгийн захиргаа Хятадын компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийн, байгальд ээлтэй технологи нэвтрүүлж хөдөө аж ахуйн фермер байгуулна гэж тооцоолж байгаа.
Харин оршин суугчид бүс нутагт Хятадуудын тоо нэмэгдэх, байгальд хортой химийн бордоо ашиглах вий гэхээс санаа зовж байна.
Үүнээс гадна Новосибирск хотын иргэн Константин Солодков ерөнхийлөгч В.Путинд энэ талаар ил захидал илгээжээ.
Түүний захидалд “Би хувьдаа Өвөр Байгалын газар Аляска мэтийн бусад бүс нутгийн хувь заяаг бүү давтаасай гэж хүсч байна. Хятадууд 50 жил Оросын газарт тариа тарьж, харин бид энэ газраа зүгээр л алдах болно. Сүүлд түрээслэгдсэн газар гэдгийг хэн ч батлахгүй. Хэн ч үүнийг сонирхохгүй. Газрыг ч буцааж өгөхгүй. Хятадууд энэ бол манай газар нутаг гэж хэлэх нь тодорхой. Харин дэлхий нийт тэр үед Хятадыг дэмжиж Оросын эсрэг зогсох болно” гэжээ.
Оросын Либерал Ардчилсан Намын Дум дэх фракц энэ асуудлаар ерөнхий сайд Дмитрий Медведевт хандаж орон нутгийн захиргаанд түрээсийн гэрээ байгуулах эрх өгөхгүй байхыг хүссэн байна.
Думын орлогч дарга Игорь Лебедев “Тэр байтугай 20 жилийн дараа Өвөр Байгалын захирагч Хятад хүн болсон байх вий” гэж ярьсныг “Коммерсант” сонинд эш татжээ.
Эх сурвалж: Русская Планета
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!