Монголын хэвлэлүүдийн энэ оны III улирлын захиалга эхэлсэн байна. Сонин, сэтгүүл ялгаагүй бүгдээрээ захиалгын рекламаа чадах чинээгээрээ хийж эхэллээ. Энэ “Гэрэг”-т ч хамаатай. Гэхдээ бид захиалгын рекламаа тавиад л өнгөрөхийг хүссэнгүй. Уншигчдад бид юу чаддагаа харуулахыг хүслээ.
Тиймээс хоёр долоо хоногийн турш жил гаруйн хугацаанд бэлтгэсэн 61 сэтгүүлээсээ 14 нийтлэл онцлон сонгож, өдөр бүр iKon.mn цахим хуудаснаа дэлгэж байна.
Энэ удаа “Гэрэг” сэтгүүлийн Дэлхийн шилдэг нийтлэл буланд орсон “Дэлхийн хамгийн ховор баавгайд аврал олдох болов уу?” нийтлэлийг хүргэж байна.
Дуглас Чадвик
Монголын их говь бол тус орны баруун өмнөд хэсэг, Хятадын хойд хилийн дагуу хэдэн мянган ам километр сунаж тогтсон, дэлхийд тавд орох том говь цөл юм. Энд өвөлдөө -20, зундаа бүр +70 хүртэл халдаг, жилдээ дунджаар ердөө л 39-65 мм хур тунадас ордог. Зарим жил нутгийн тодорхой хэсгээр ямар ч хур тунадас буулгүй, гантай өнжих нь бий. Байсгээд л хүчтэй шуурга дэгдэж бариатай майхныг хүртэл хуу татаад одно. Салхи намжихад аагим халуунтай нь эгээ адилхан анир гүм ноёлно.
Нар шарж, салхи хүүгсэн ертөнцийн энэ хязгаарт амьд амьтны бараа олж харвал бөөн баяр болохоос аргагүй. Хоёр нүдний дурангаараа хичээнгүйлэн дурандахад минь эхэндээ надад тэртээд дүнхийх уулсын энгэрээр барсайн хүглийх хад асгаас өөр юу ч эс харагдав. Говьд элсний хуйлраан, халууны зэрэглээ хоёроос өөр хөдөлж үзэгдэх юу ч үгүй.
Говь нутгийн хөшүүн, эл хуль байдал хөрсөн дээрээ амьдрал өрнүүлэхээс залхаж цааргалсан маягтай боловч эндхийн зэрлэг араатан, жижиг амьтан, жигүүртэн шувуу, хорхой шавьжны найрсал гайхам баялаг.
Намайг дурангаа яаж ашиглахыг аажмаар сурч эхлэхтэй зэрэгцэн энд тэндээс амьд амьтдын бараа торс торсхийх боллоо. Хатсан загийн нарийхан сүүдэрт нэгэн гүрвэл амарна. Тэртээх уулын цавчим оргилоос идлэг шонхор халин дүүлнэ. Үлийн оготнууд нүхнээсээ толгойгоо цухуйлгаад ийш тийш харна.
Гэвч барааг нь ч болох нь ээ харах гэж дэлхийн талыг туулан байж ирсэн амьтнаа олж харах гэж би маш олон өдөр хүлээсэн юм.
Говийн баавгай: Дэлхийн хөхтөн амьтнуудын арвин баялаг сан хөмрөгөөс хамгийн ховордсон, хамгийн бага танигдсан амьтан. Зэрлэг байгальдаа тэд хорь, гучханаар тоологдох тоо толгойтой үлдсэн байх. Харин гаршуулж өсгөсөн тохиолдол одоогоор нэг ч алга.
Миний анх олж үзсэн нь эр мазаалай байв. Говийн баянбүрдэд ирж ус уучихаад, хажууханд нь жаахан хэвтэж амарч буй нь тэр.
Өөрсдийнхөө азтай яваад баахан хөөрч, тэр ховор амьтныг олж харсандаа сэтгэл баяссан бид үдийн хойхноос эхлээд үдшийн бүрий унатал бараг хоёр цаг гаруй зөвхөн мөнөөх баавгайгаа л ширтэж сууцгаасан юм. Өдрийн төгсгөлөөр ихэнх баавгай тун идэвхтэй байдаг бол сайхь мазаалай тэндээ огтын хөдөлгөөнгүй хэвтсээр л байлаа. Чингээд арайхийн босч явахад нь ажвал алхаа нь нэг л зовиуртай, удаан харагдав. Усанд хүрэх гэж их хол зам туулсан болохоор ядраад, түр зууртаа ингэж лазагнаж буй биз дээ гэж би бодлоо.
Гэвч үнэндээ тэр үхэж байсан юмсанж. Нутгийн байгаль хамгаалагч долоо хоногийн хойно түүний зэмийг өнөөх баянбүрдийн ойролцоогоос олсон юм. Нялх ногоо дөнгөж цухуйж байх үеэр тэр тэнхэл муутай хөгшин мазаалай ичээнээсээ гарч ирээд сажилж явсан нь тэр аж.
Мазаалайг төрөл зүйлээр нь аварч үлдэх гэж хичээн зүтгэж буй хүмүүсийн хувьд ганц баавгайн үхэл ч зорилгодоо аль болох хурдан хүрэхгүй бол болохгүйг сануулсан аюулын харанга дэлдэж буй хэрэг билээ. Үүнтэй зэрэгцээд Монголын хувьд үнэд орох, оргил цаг нь ирж байна. Эрдэс баялаг, үнэт металл, нефтийн асар том орд газрууд ихэнхдээ тус орны говь, цөл нутгаас илэрдэг. Удахгүй улсынх нь нийт орлогын 30 хувийг бас л говиос олдсон, алт, зэсийн асар том уурхайгаас бүрдүүлэх болно. Нэг л цагт дэлхийн чулуун нүүрсний хамгийн том олборлолт болох орд ч гагцхүү говийн хөрснөөс анхны шангаа татаж байна. Аж үйлдвэрлэгчдийн овоо хараанд онилогдсон баялаг үлэмж их тул энэ улсыг тэд “Minegolia” гэж нэрлэх болж.
Говийн баавгайн хувь заяаг хар шуурга нөмрөн буй энэ цагт бас ч гэж итгэл найдварын оч зурсхийлээ. Монгол Улсын Засгийн газар 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгон зарлаж, хамгаалах ажилд зориулж илүү мөнгө төсөвлөхөө амласан юм. Олон нийт нь ч мазаалайг үндэсний баялаг хэмээн хүлээн зөвшөөрч, устаж үгүй болоход тулсан нэн ховор амьтных нь хувьд хайрлаж хамгаалах ёстойг ойлгож эхлэв. Алтны уурхайн нэгэн компани мазаалайн нутагладаг гол бүс нутагт олборлолт эрхлэх зөвшөөрөл эрж явсан нь саяхан. Харин Засгийн газар тэдний хүсэлтийг буцаасан билээ.
Монголын баруун урд нутгийнхан мазаалай гэж дууддаг нууцлаг амьтныхаа талаар эртнээс мэднэ. Гэвч мазаалайн тухай анхны мэдээллүүд хүн шиг байдалтай, сэгсгэр амьтан говь нутгаар архирч хүрхрэн яваа тухай дэгс голдуу яриатай холилдсон зүйлс байдаг.
Оросын шинжээчид 1943 онд ирэхдээ энэ амьтны тухай гадаад ертөнцөд анх мэдэгдсэнээр мазаалай хэмээх баавгай төрөл зүйлийн хувьд албан ёсоор оршиж эхэлсэн билээ. Хэдийгээр мазаалай шинжлэх ухааны хувьд “Урсус арктос” хэмээх бор, саарал баавгайн төрөлд хамаарах боловч онцлог нь тэдний зүс бор гэхээсээ илүү бор шаргал, урт хөл болон өвчүү хэсгээрээ цайвар билээ. Бас тэд Хойд Америкийн бор баавгайг бодоход биеэр хамаагүй жижиг. Амьдардаг нөхцөлийг нь харьцуулахад ч Хойд Америкийн бор баавгайнууд тэднээс хамаагүй “тансаг” орчинд амьдардаг гэж болно.
Генетикийн судалгаанаас үзэхэд говийн баавгайн удамшлын төлөв Азиас тархан нутагшсан бор баавгайн өвөгтэй хамгийн ойр байжээ. Эхэндээ эрдэмтэд говийн баавгайг “Gobiensis” гэсэн дэд төрөл зүйл үүсгэн судалж байж. Гэвч мазаалайг Хятадын Тяншань уул, Хималайн бүс нутгаар амьдардаг “isabellinus”-ийн төрөл зүйлд ч хамруулан судалж болох юм.
Говийн баавгайн мэргэжилтэн, зэрлэг амьтдын биологич Харри Рэйнолдсын хувьд төрөл зүйлийн ангилалд найдах зүйл үгүй гэнэ. “Тэднийг ямар ангилалд хамруулахаас үл хамааран говийн баавгай бусдаасаа онцгой амьтан. Тэдэн шиг говь цөлийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож амьдардаг баавгай дэлхийд өөр байхгүй. Дасан зохицол, шинийг сурах чадвараараа тэд энэ гаригийн хамгийн хүнд хүчир нөхцөл дунд амьдрах аргаа олж чадсан амьтан” гэж тэрбээр онцолж байна. Багаасаа л баавгай хэмээх амьтныг шохоорхон судлах болсон Рэйнолдс бор баавгайн судалгааны загалмайлсан эцгүүд болох ах дүү Жон Крэйгхэд, Фрэнк Крэйгхэд нарын дагалдан судлаач болж чаджээ. Тэр Альяскийн Загас, ан агнуурын газарт ажиллаж буй 33 жилийнхээ турш ойролцоогоор 1800 бор баавгай дээр судалгаа, шинжилгээ хийжээ.
Харин сүүлийн жилүүдэд Рэйнолдс Фрэнк Крэйгхэдийн хүү Деректэй баг болон Монголд ирж, монгол судлаачидтай хамтран говийн баавгайн тухай шаардлагатай хэдэн асуултад хариу олохоор ажиллаж байна. Үүнд нь: Мазаалай баавгай яг одоогоор хэд хэчнээн үлдсэн? Нутагшлын аль хэсэг тэдний амьд үлдэхэд илүү аюул учруулж байна? Тэднийг гаршуулан өсгөх, үржүүлэх шаардлагатай юу?” гэх мэт асуултууд багтаж байна.
Нэгдэлжих хөдөлгөөнийг дагаад малынхаа тоо толгойг аль болох өсгөх буруу бодлого XX зууны эхэн хагас үед Монголд нэн эрчимжсэн явдал бий. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улсын дагуул шахуу байсан тус улсын хүн ам тус хөдөлгөөний аясаар говь цөл нутаг руугаа ч тархан суурьшиж, айлын тоогоор шахуу буу зэвсэг эзгүй говь нутаг руу бас орж ирсэн юм. Бэлчээрийн даац хэтэрсэн нь говийн бүс нутгийн ургамал, ногооны гарцад муугаар нөлөөлөөд зогсохгүй, ан ав ч хяналтгүй нэмэгдсэний улмаас 1980-аад оны үеэс говийн баавгайн тоо толгой эрс цөөрсөн гэхэд болно. Зөвлөлт засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн ганц нааштай бодлого нь 1976 онд Их говийн дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоон, хамгаалалтад авч эхэлсэн явдал юм. Эдүгээ эл дархан газар говийн баавгайн ганц орогнол болж байна.
2005 оноос эхэлсэн томоохон судалгааны багт орж ажиллах урилга авсан Рэйнолдс дархан цаазат газрын мэргэжилтнүүд болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хамтаар говийн баавгайнуудыг барин авч, нутагшил, байршлыг нь тогтоон ажиглаж байх GPS-тэй хүзүүвч зүүж өгөх ажилд шамджээ. Өнгөрсөн таван жилд тэд арван баавгайд GPS зүүж чадсан бөгөөд уг төхөөрөмж жилийн дараа өөрөө унах горимтой тул заримд нь нэгээс дээш удаа зүүжээ.
Хэдийгээр Монголын залуу ардчилагчид эх орныхоо нийт газар нутгийн 12%-ийг дархан болгож, хамгаалалтад авсан хэмээн бахархалтайяа зарлаж буй боловч, баялгийн араас хэт шунасан уул уурхайн олборлогчид, хулгайн аргаар олборлолт хийгч нинжа нар Их говийн дархан цаазат газрын ай сав руу халдах, халдах гэж дайрцгаах нь бага биш байна. Тэндхийн байгаль хамгаалагч П.Нарангэрэл долоо хоногт бараг 800 км газрыг мотоциклоороо ганцаархнаа туулж, ажлаа хийдэг хүн. Тэрбээр “Зургаахан жилийн өмнө энд нэг ч нинжа үзэгддэггүй байлаа. Харин ноднин би бараг 100 нинжа барьсан” хэмээх ярьж байна. Нинжа нарын хажуугаар бас зэрлэг амьтдын ус ундандаа хүрдэг баянбүрдүүдэд явуулын хүмүүс саатаж, хоноглох нь их гэнэ. Ялангуяа зуны цагт хөл хөгсөөн тасрахаа болиход баян бүрдээсээ зэрлэг амьтад ус ундаа ууж чадахгүйд хүрэх нь элбэг.
Энэ бүхнээс дүгнэхэд мазаалай хэмээх устах аюулд тулсан нэн ховор эрдэнийг зол заяанд нь найдаад зэрлэг байгальд нь орхих, эсвэл гаршуулан тэжээж, удам судрыг нь хамгаалж үлдэх хоёр шийдлийн аль нэгийг яаралтай сонгох цаг болжээ. Гэвч тэднийг эргээд байгальд нь тавихад хоол хүнс, ус унднаасаа даанч хол говьд шинэ төрсөн зулзагууд дасан зохицох, эргэн нутагшиж чадах, эсэх нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байна.
Дуглас Чадвик
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!