ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын ханшийн ТОХИРГОО

Д.Мөнхчимэг
2015 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зах зээл төгрөгийг “байранд нь тавив”

“Ногоон”-ы ханш навс унах сургаар 10 мянган ам.долларын хадгаламжаа татаж, төгрөг болгосон Дорж одоо өөрийгөө зүхэж сууна. Түүнийг мөнгөө солиулахад 1860 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар ганц долоо хоногийн дотор 55 төгрөгөөр чангарчээ.

Цуу ярианд итгэснийхээ хариуд тэрбээр 550 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн хэрэг. Харамсалтай нь, Монголд өнөөдөр олон олон Дорж байгааг арилжааны банкуудын нэгдсэн тайлангаас харж болно.

Манай улс дахь валютын хадгаламжийн хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд 2.2 их наяд төгрөгт дөхөж очоод байсан нь хоёр сарын дотор 12 хувиар буюу 265 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ хугацаанд ам.долларын ханш зургаан хувиар суларсныг тооцож үзсэн ч Дорж мэтийн нөхдүүд дор хаяж 130 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын хадгаламжаа банкнаас татаж авсан байна. Төгрөгийн ханш өнгөрсөн долоо хоногийнх шиг суларсаар байвал тэдний алдагдлыг тэрбум, тэрбумаар тоолох болох нь.

Хуурамч ханш

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг удахгүй сэргээнэ. Тэгэхээр манай эдийн засагт зургаан тэрбум ам.доллар орж ирнэ. Ам.долларын ханш навс унана... Та ч мөн энэ яриаг хаа нэгтээ сонссон л биз дээ? Ор үндэслэлгүй ч юм биш. Манай Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцсоноо олон улсад зарлаж, Оюутолгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг аль болох түргэн эхлүүлэхээр тохирсон нь үнэн.

Үүнд зургаан тэрбум ам.доллар зарцуулах тойм тооцоо бий нь ч үнэн. Энэ нь манай нийт эдийн засгийн талтай дүйцэх “том тоо” учраас валютын ханшид нөлөөлөх нь ч үнэн. Гэвч далд уурхайн ажил эхэлтэл зай ч байна, лай ч байна.

Эхэллээ ч зургаан тэрбум ам.доллар пад гээд унаад ирэхгүй, зургаан жилийн турш бага багаар орж ирэх учиртай. Гэтэл Дорж мэтийн зарим хүн “ногоон”-ы ханш навс унана хэмээн айж, юу юуны туханд хүрэлгүй банк, валют арилжааны цэгүүд рүү гүйлдэж эхэлсэн нь хуурамч эрэлт бий болгожээ. Үүнийг Монголбанкнаас зарласан ам.долларын ханшийн графикаас харвал илүү ойлгомжтой болох юм.

Сүүлийн гурван сарын ханшийн мэдээлэл. Эх сурвалж Монголбанк

Бидний мэдэж байгаачлан, ам.долларын ханш сүүлийн жилүүдэд тогтмол өсөж ирсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд 1994 төгрөгт хүрч, рекорд тогтоосон. Үүний дараахан “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирсэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлыг шийдэх тал дээр нааштай мэдэгдэл хийсэн зэрэгтэй холбоотойгоор ам.доллар суларч эхэлжээ.

Тэгээд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсны дараа буюу өнгөрсөн сарын 18-наас ам.долларын уналт эрчээ авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирээгүй мөнгө, эхлээгүй бүтээн байгуулалтын сураг чимээ л төгрөгийн ханшийг 10 долоо хоногийн турш дээш чангаасан байна. Энэ хугацаанд ам.долларын албан ханш долоон хувиар буюу 132 төгрөгөөр суларч, энэ сарын 12-н гэхэд 1862 төгрөг болжээ.

Ханшийн хэлбэлзлээс ашиг олох зорилготой хүмүүс албаар, эсвэл өөрийн мэдэлгүйгээр хуурамч эрэлт бий болгож, улмаар ханшийн хуурамч савлагаа үүсгэхийг мэргэжлийн хэллэгээр бол спекуляци гэдэг. Иймэрхүү спекуляци дагасан ханшийн хөдөлгөөн тун хэврэг байх нь ойлгомжтой.

Зах зээл аяндаа хуурамч ханшийг үгүй хийж, бодит ханш руу дөхүүлэх бөгөөд үүнийг тохиргоо гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, 10 долоо хоногийн турш нийт долоон хувиар суларсан ам.доллар өнгөрсөн ганц долоо хоногт гурван хувиар огцом чангарсан нь тохиргоо болжээ. Монголбанкнаас интервенц хийж, 42 сая ам.доллар зах зээлд нийлүүлээгүй бол төгрөгийн ханш үүнээс ч ихээр унаж мэдэх байв.   

Бодит ханш

Арилжааны банкууд өчигдөр ам.долларыг 1900-гаар авч, 1930 орчим төгрөгөөр зарж байлаа. Харин Монголбанкнаас зарласан ханш нь 1917 төгрөг байв. Энэ тэгээд бодит ханш мөн үү? “Ханшийн хэлбэлзэл энэ түвшиндээ аажмаар тогтоно гэж харж байна” хэмээн Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа хэлжээ. Гадаад худалдааны ашиг өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа нь валютын захын тогтвортой байдалд эергээр нөлөөлөхийг тэрбээр тэмдэглэсэн байна.

Төлбөрийн тэнцлийг манай улсад орж ирэх, мөн манай улсаас гарч явах валютын урсгалын харьцаа гэж ойлгож болно. Гадаад валютын орлого зарлагаасаа давж байвал ханш нь сул байна. Тухайлбал, 2011 онд манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ тэнгэрт хадаж, Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил цэгтээ хүрснээс ам.долларын ханш 1200 төгрөг болтлоо хямдарч байв. Харамсалтай нь, түүнээс хойш нүүрс, зэсийн үнэ тогтмол хямдарч, хөрөнгө оруулалт тасралтгүй уруудах болсон.

Ийнхүү гадаад валютын зарлага орлогоосоо давж эхэлснээр Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралд орж, улмаар ам.долларын ханш дөрвөн жилийн дотор 60 орчим хувиар чангарчээ. Ингэхдээ төлбөрийн тэнцлийн алдагдал 1.9 тэрбум ам.долларт хүрч рекорд тогоосон 2013 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг хамгийн ихээр буюу 22 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн онд алдагдал 471 сая ам.доллар (урьдчилсан гүйцэтгэлээр) болж, өмнөх жилийнхээсээ гурав дахин багассан бол ам.долларын ханш 11 хувиар дээшилжээ.

Тэгвэл энэ жил байдал бүр ч сайжрах төлөвтэй. Монголбанкны мэдээллээс үзэхэд, энэ оны эхний дөрвөн сард төлбөрийн тэнцлийн алдагдал 320 сая ам.доллар (урьдчилсан гүйцэтгэлээр) байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 100 орчим сая ам.доллараар бага үзүүлэлт юм. Энэ нь сайн хэрэг боловч алдагдал л бол алдагдал гэдгийг мартаж болохгүй. Бид одоогоор алдагдал буурч байгаа тухай л ярьж байгаагаас биш ашгийн тухай ярьж эхлээч үгүй байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сэргэж, ам.долларын ханш сулрах бодит нөхцөл бүрдээгүй байна.

Монголд орж ирэх валютын урсгал гарах урсгалаасаа илүү байж гэмээнэ төлбөрийн тэнцэл маань ашигтай гарах учиртай. Тэр сайхан цаг ойрхон ирсэн ч байж мэдэх юм.

Сүүлийн жилүүдэд гадаад валютын ханш чангарснаас монголчуудын худалдан авах чадвар доошилж, улмаар импорт буурсан. Үүний зэрэгцээ Оюутолгойн ил уурхайн ажил эрчимжиж, зэс, алтны экспорт огцом нэмэгдсэнээр гадаад худалдаа маань түүхэнд байгаагүй их ашигтай гарах болсон. Энэ оны эхний таван сард л гэхэд бид худалдаанаасаа 422 сая ам.долларын ашиг олсон бол өнгөрсөн жилийн мөн үед 200 сая ам.долларын алдагдал хүлээж байжээ.

Мөн Монголбанкны Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн эх үүсвэрийн хэмжээ тэлж, илүү их юань зээлэх боломж бүрдсэн. Засгийн газар маань нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргах эрхтэй болсон. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх тал дээр хичээж ажиллаж эхэлсэн. Энэ бүхний үр дүнд манай гадаад өр улам ихсэж, дарамт нэмэгдэх муу тал бий. Нөгөө талаас нь харвал энэ бүхний эцэст Монголыг чиглэх валютын орох урсгал эрчимжиж, төлбөрийн тэнцэл илүү сайжрах нь гарцаагүй юм. 

 

Өгүүллийг

Даваашаравын Мөнхчимэг

 

 
 
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.21.116] 2015/6/23
Доллар юань чинь өсөж байгааг мэдэж байна уу? Юань бол одоо бүүр өсөх байх учир нь 9 сард маш олон оюутан залуус болоод наймаа арилжаа хийж байгаа хүмүүс хятад улсыг зорьдог учираас өшөө ч өсөх байх. Доллар ч бага зэрэг өсөх нь тод
0 | 0 Хариулах
Зочин [49.0.160.173] 2015/6/23
Нөгөө доллар чинь өссөөр л байнашд
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.146] 2015/6/22
Сонирхож буй сэдвээр бичдэгт баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.199] 2015/6/22
Долларын ханш чангарч байгаад МАН буруутай. АН-д ямар ч буруу байхгүй, тэд тун ажиллаж байгаа.
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2015/6/22
Оюу толгойн 6 тэрбум нэг дор ороод ирэхгүй нь үнэн. Гэхдээ энэ жил орж ирэх 1 тэрбум долларыг ЯАГААД дурьдсангүй вэ? Гэрээн дээр нь байгаа шд. Бас олон мянган хүн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд шинээр ажилтай болохыг дурьдаж болсонгүй юу? Удахгүй хүнээ аваад эхэлнэ шд.
1 | 1 Хариулах
би [202.179.20.71] 2015/6/22
анхнаасаа яах гэж долларын авсын. хэхэ
1 | 0 Хариулах
2 asuult [202.131.225.147] 2015/6/22
2 асуулт байна: 1.OT-н экспортын орлого валют болж монголд орж ирээд долларын ханшинд бодитой нөлөөлдөг үү? Төлбөрйн тэнцэл дээр экспорт болж харагддаг ч мөнгө нь хилийн гаднах банкны дансанд ороод, Монголд бодитоор валют болж орж ирдэг нь хэдэн хувь нь байдаг вэ? 2. Спекуляцийг зогсоох ч юм уу ханшийн огцом савалгааг зөөллөх гэж төв банк интервенци хийсэн байх. Гэхдээ ер нь Монголбанкн дунд урт хугацаандаа төгрөгийн бодит ханшийг унагаах бодлого барина гээд байгаа биш үү?
1 | 0 Хариулах
Hariult [49.0.128.157] 2015/6/22
Ер нь бол ОТ-н орлого нь гадаад дахь Нидерландын дансруу нь бүгд орж байгаа. Харин үйл ажиллагааны зардал, цалин хөлс, зарим нэг урсгал засвар гэх мэт зардлуудыг Монголд явуулахдаа шаардлагатай валютыг оруулж ирж байгаа даа. Тэгэхээр ер нь бол нээх том хувийг нь эзлэхгүй гэсэн үг. Нэгэнт ОТ ярьсан юм чинь тэр ноогдол ашиг энэ тэр гэсэн үлгэрт хүмүүс эртхэн итгэхээ байсан нь дээр шүү. 2040 он хүртэл л лав ямар ч ноогдол ашиг Монгол улсад байхгүй байгаа. Хоёрт. Монголбанк дунд хугацаанд ч бай урт хугацаанд ч бай төгрөгийн ханшин дээр бодитойгоор нөлөөлөх зүйл хийж чадах хэдхэн боломж л бий. Тэдний гол зорилго нь ерөнхийдөө инфляцийг тогтвортой барихад л байгаа, тиймээс хэрвээ манай улсын төлбөрийн тэнцэл удаа дараалан муу гараад байвал ямар ч тохиолдолд төргөрийн ханш унах л болно доо.
3 | 0 Хариулах
Zuvulguu [202.131.248.198] 2015/6/22
Munkhchimegee arai l ih yum medeed bhin, jaahan hureetei bichij baildaa
0 | 0 Хариулах