ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит компани улс төрийн сөрөг нөлөөнөөс ангид байвал үнэ цэнэтэй болно

ikon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN

Төрийн өмчийн компани байх ёстой юу? Яагаад бүх өмчийг хувийн болгож болдоггүй вэ?

Төр шууд утгаараа ард түмний эрх ашгийг төлөөлдөг. Ард түмний нэгээхэн хэсгийн өмч бол хувийн өмч бөгөөд ард түмний аль нэг хэсгийнх биш бүгдийнх нь өмч гэж байх ёстой гэсэн утгаараа төрийн нийтийн зориулттай өмч гэж байдаг. Бүх өмчийг хувийн болговол нийтийн зориулалттай өмчүүдийг ард түмэн тэгш, шударгаар ашиглах нөхцөлгүй болно. Энэ утгаараа ямарваа төрд заавал төрийн өмч гэж байх ёстой бөгөөд төрийн өмчийн компани заавал байх ёстой гэсэн үг.

Тэрхүү ард түмний өмчийн болон төрийн өөрийн өмчийн харилцааг зохицуулж байгаа ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь төрийн оролцоотойгоор байгуулдаг компанийн засаглалыг төрийн өмчийн компани гэдэг билээ.

Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” хэмээн заасан байдаг. Энэ үзэл санаагаар Монгол улсад нийтийн өмчийг төрийн өмч хэмээн ойлгож  энэхүү харилцааг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж байгаа юм.

 

Дэлхийн улс орнуудад төрийн өмчийн компани байдаг уу?

Дэлхийн бүх оронд төрийн өмчийн компани байдаг. Чөлөөт зах зээлийн системтэй бүх орнуудад төрийн өмчийн компаниуд харьцангуй цөөн бол мэдээж социалист болон авторитари засаглалтай орнуудад төрийн өмчийн компанийн хувь хэмжээ хавьгүй их байна. Жишээ нь БНХАУ-д нийт бизнесийн 45 орчим хувь нь төрийн мэдлийн компаниудынх байдаг.

Дэлхийн 43 орны төрийн эзэмшлийн компаниудын  судалгаанаас харахад ерөнхий байдлаараа дараах эд хөрөнгийг төрийн мэдлийн компаниудад эзэмшдэг байна. Гэхдээ улс орон болгон өөр өөрийн онцлогтой стратегийн ач холбогдолын үзэл баримтлалтай бөгөөд түүнээсээ хамаарч заримыг нь хувьчилсан байдаг ажээ.  

Дээрх судалгаанаас эд хөрөнгийн төрөл тус бүрээр улс орнуудын төрийн компаниуд эзэмшдэг эсэхийг тоогоор харуулвал:

Эд хөрөнгийн төрөл

Төрийн компани байдаг

Төрийн компани байдаггүй

Шуудан холбоо

42

1

Төмөр зам

39

4

Эм

12

31

Мөрийтэй тоглоом

32

11

Архи

13

30

Эрүүл мэндийн хэрэгсэл

43

0

Их сургуулиуд

43

 

Телефон утас

27

15

Өргөн нэвтрүүлэг

43

0

Газрын тос, шатахуун

30

13

Эрчим хүч

37

6

Ус

40

3

Нисэх онгоцны буудал

35

8

Хурдны зам

24

19

 

Эндээс стратегийн ач холбогдолтой гэж үзсэн харилцаа холбоо, төмөр зам, эрүүл мэндийн хэрэгсэл, их сургууль, өргөн нэвтрүүлэг, эрчим хүч, ус, нисэх онгоцны буудал зэрэг өмч хөрөнгийг төрийн мэдэлд байлгадаг нь харагдаж байна. Үүнээс өөр салбарын компаниудыг ч төрийн мэдэл байлгах нь түгээмэл ажээ.

 

Төрийн өмчийн компаниуд улс төрөөс бүрэн хараат бус байх бололцоотой юу?

Сонгодог утгаараа төрийн компаниуд улс төрийн нөлөөллөөс хараат бус байх бололцоогүй. Учир нь төрийн өмчийн компанийн эзэмшигч болох тухайн төр нь өөрөө улс төрөөр амьдарч амьсгалж байдаг. Гэхдээ тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, хөгжлийн түвшин, хууль эрх зүйн орчин, зах зээлийн ухамсар, соёлын түвшингээс хамаараад төрийн өмчийн компаниудад нөлөөлөх нөлөөлөл нь өөр өөр байдаг.

Дэлхийн олон тооны улс орнууд туйлын утгаараа улс төрөөс хамааралгүй байх бололцоогүй ч харьцангуй утгаараа улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах, бизнесийн энгийн эрх зүйн зохицуулалттай болохыг чармайж ажилласаар байгаа бөгөөд өөр өөрийн орны онцлогоос үүдсэн ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Япон, АНУ, Cингапур зэрэг орнууд төрийн компаниудын үйл ажиллагааг төрийн хамааралгүй байлгах тэрхүү дээд хэмжээнд хүргэж чадсан гэж судлаачид үздэг. Малайзын “Казанах”, Норвегийн “Статойл” зэрэг компаниудын төрийн оролцоог хамгийн бага болгож чадсан туршлага ч байна. Манай зарим улс төрчид “Сингапурын Темасек корпорацийн загвар монгол таарч тохирно” гээд яриад байдаг болсон байна лээ сүүлийн үед, бодвол өөрчлөлт хийх хэрэгтэйг  мэдэрч эхэлж байгаа бололтой.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

Монголын төрийн өмчийн компаниудын эрх зүйн орчин 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалттай хэвээрээ байгаа. Энэ хуулиар төрийн өмчийн үндсэн зохицуулалтыг Төрийн өмчийн хороо хийх ба Засгийн газрын бүтцийн байгууллага тул энэхүү хороо улс төрөөс шууд хамааралтай нь ил тод байсаар ирлээ.  Үүнийг Төрийн өмчийн хорооны дарга нарын томилгооноос шууд харчихаж болдог. Хамгийн сүүлийн томилгоо л гэхэд Шийдлийн засгийн газар 2015 оны 1 сарын 19-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатрыг чөлөөлж Ц.Нанзаддоржийг томилсон явдал байна. Д.Цогтбаатарыг өмнөх Засгийн газрын хүн гэсэн үндэслэлээр ийнхүү сольсон нь юм.

Төрийн өмчийн хороо байгуулагдаад 19 жил ажиллахад МАН-ийн төлөөлөл 10 жил, АН-ын төлөөлөл 9 жилийг нь удирдсан ажээ. Засгийн газар солигдох бүрт шахам Төрийн өмчийн хорооны дарга нарыг сольж өөрийн намын болон фракцийн хүмүүсийг томилох ба томилогдсон дарга нь өөрийн нам, фракцийн хүмүүсийг өөрийн хороондоо татаж ажиллуулна. Улмаар өөрийн хүмүүсийг  төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд томилон ажиллуулж байна. Ийм замаар төрийн өмчийг ашигласан намын болон бүлэг фракцийн бизнесийг төрийн өмчийн компаниудад хийдэг жишиг болсон зүйл гэхэд бараг болно. Үр дүн нь ашигтай ажилладаг компаниудын ашгийг бууруулж, зарим нэгийг нь ашиггүй ажилуулж өөртөө болон бүлэг, фракци, намдаа хувь хүртээж улс төрийн үүргээ гүйцэлдүүлж хувийн амьдралаа сайжруулахын зэрэгцээ дараагийн сонгуулиар ард түмнийг худалдаж авах, сонгуульд зарцуулах хөрөнгө мөнгийг босгодог нь нууц биш болжээ.

Төрийн өмчийн хорооны ийм улс төрийн зохион байгуулалтаас шууд хамааралтайгаар төрийн өмчийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл улс төржсөн байдалтай бүрэлдэж гүйцэтгэх удирдлагыг томилон ажиллуулж, удирдан чиглүүлж ирлээ. Төрийн өмчийн хорооноос 2014 оны 11 сард гаргасан  төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн жагсаалтыг үндэслэн хийсэн баримт бичгийн анализаас харахад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 75 хувь төрийн албанд ажилладаг дарга нар, яам, агентлагийн түшмэлүүд байна. Тэдний дийлэнхи олонхи бизнесийн ямар ч туршлагагүй төдийгүй амьдралдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй хүмүүс байдаг.

Төрийн өмчийн удирдлагын  ийм улс төрийн тогтолцоог өөрчлөөгүй цагт Монголын төрийн өмчийн компаниудын удирдлага, зохион байгуулалт хэзээ ч бизнесийн зарчмаар явахгүй, өгөөж нь дээшлэхгүй бөгөөд ихэнхи төрийн өмчийн компаниуд алдагдалтай хэвээрээ, цөөн тооны компаниудын олсон ашгаар тэрхүү алдагдлыг хаадаг зохицуулалт хэвээрээ байх билээ. 

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгахын тулд одоо үйлчилж буй эрх зүйн орчин, удирдлагын тогтолцоо улс төрөөс шууд хамааралтай байгаа байдлыг өөрчлөх хэрэгтэй юм. Ингэснээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхи олонхийг төрийн өмчийн хорооны болон төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөлөөс сонгож буй байдлыг болиулах, гүйцэтгэх удирдлагыг бизнесийн мэдлэг, боловсрол, туршлагаар нь томилдог болгох, хяналтын тогтолцоог боловсронгуй бий болгож чадна.  

Ийм ажлыг нэн даруй хийвэл төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын улс төрөөс хараат байдал нь багасаж өгөөж нэмэгдэнэ, үнэ цэнэ нь өсөх билээ.

Судлаач Ё.ЭНХБАЯР