Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болорчулуун: Сонгуулийн хуулийн өөрчлөлт УИХ-д шинэ агаар оруулж ирэхийг хаасан

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт чухал хуулиуд хэлэлцэх гэж байгаа учраас бие даагчдын зөвлөл байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн тогтворжилтын сан, Хүний хөгжил сантай холбоотойгоор  Засгийн газрын тусгай хууль хуулийн төсөлд өөрчлөлт орж байгаа гэлээ. Тогтворжилтын санд 500-гаад тэрбум төгрөг бий бөгөөд үүнийг Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагад ашиглах зорилгоор төв банкны тусгай санд байсан мөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансанд татаж авах аж. Ингэснээр мөнгөний удирдлага сайжирна гэж үзэж байгаатай санал нэг байна гэлээ.  

Гэхдээ энэ хуулийн нэг ноцтой зүйл нь корпораци байгуулна гэж орж ирсэн. Бусад улс оронд байгалийн баялгаар олсон орлогоо ирээдүйд ашиглах зориулалтаар хадгалдаг. Ирээдүйн өв сангийн мөнгийг хөрөнгө оруулалт болгох гэж байна. Хэрвээ ингээд алдвал дуусна гэлээ. Энэ мөнгийг юунд зарцуулахаа Сангийн яам шийддэг байх гэж үзэж байгаа аж. 

Нийслэл хотын татварын хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үзүүлсэн үйлчилгээ бүрийнхээ нэг хувийг татварт төлнө гэж оруулж ирж байгаа нь их өндөр. Тиймээс сайн хэлэлцэх ёстой гэлээ. 

Оюу толгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор 10-аад гишүүн гарын үсэг зураад байгаа” гэлээ. Анх 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж байсан боловч өнөөдөр зургаан тэрбум болсон. Энэ мөнгөний 34 хувийг Монголын Оюу толгой төлнө. Ийм хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдтай хариуцлага тооцох хэрэгтэй. Намын бүлгүүд дээр ажлын хэсэг гарсан байна билээ. Намууд ч энэ чухал асуудал дээр хариуцлагатай хандах ёстой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Гацууртын ордыг ашиглах асуудал энэ хаврын чуулганд байхгүй байсан боловч яаралтай хэлэлцэх асуудал гэж оруулж ирж байна. Ингэхдээ 34 хувийг төр эзэмших эс бол 34 хувьтайгаа тэнцэх буюу 1.7 хувийн татвар авах гэж орж ирж байна. Монголын ард түмэн, нутгийн иргэд Ноён уулаа олборлуулахгүй гэж байхад дахин оруулж ирж байгааг эрс эсэргүүцэж байна.

Мөн ирэх долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэдээ Монгол Улсыг таван бүс болгож жагсаалтаар оруулж ирдгийг хуульчилж байна. Энэ нь УИХ-д олон жил суусан хүмүүс өөрсдийн нэрээрээ гарч ирэх боломжийг бүрдүүлж байна гэлээ. 

Таван бүст нэр дэвшигчдийн нэрийг зоогоод ард нь намыг нь тавина. Ингэхээр ард иргэд өмнө нь сонсогдож байсан хүний нэрийг дугуйлахаас биш шинэ гарч ирсэн хүний нэрийг дугуйлахгүй. УИХ-д шинэ агаар орж ирэх байдлыг хаасан хууль болж байгаа учраас бие даагчдын бүлэг эсэргүүцэж байгаа аж.  Эрх барьж байгаа нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дөрвөн жил тутамд Сонгуулийн хуулиа өөрчилж байна. 2012 оны Сонгуулийн хууль өөрчлөх шаардлагагүй байсан гэв.