Технологийн дэвшлийг гишгүүрээ болгон Дэлхийн дэвжээнд гарах гэсэн Монгол залуусын оролдлого үргэлжилсээр…
Саяхан бид ийм том хүсэл зорилготой хэсэг залуустай уулзаж, хийж бүтээж байгаа зүйлтэй нь танилцлаа. Энэ бол STEMS-ROBOTICS компани.
Олон улсад нэр хүндтэй их сургуулиудад инженер техник, математикийн боловсрол эзэмшсэн залуус нэгэн зорилгын дор нэгджээ.
Төслийн тухай товч
Тэдний компаний гол бүтээгдэхүүн нь UAV платформ. UAV (Unmanned Aerial Vehicle) платформ нь нисгэгчгүй, зайнаас жолоодлоготой нисдэг төхөөрөмжүүдийг удирдах үүлэн (cloud) технологи дээр суурилсан систем.
Сүүлийн үед дэлхий дахинд технологийн нэг чухал салбар болоод байгаа нисгэгчгүй нисдэг тэрэг (drone)-ийг ердийн интернэт броузер ашиглан дэлхийн хаанаас ч удирдаж болно гэсэн үг.
Хэрэглээ нь маш олон салбарт ашиглагдаж болно
Жишээ нь эрэл хайгуул, аврах ажиллагаа, харуул хамгаалалт хяналт, байгаль орчны судалгаа, газар зүйн мэдээлэл цуглуулах, аялал жуулчлал, бага оврын ачаа хүргэлт гэх мэт.
Ердийн drone-ыг хүмүүс гар удирдлагаар тодорхой зайн хязгаартайгаар удирдаж нисгэдэг. Яг л цаасан шувууг нисгэж байгаа хүн шиг.
Мөн оффлайн горимд ажилдаг. Хийсэн дүрс бичлэгийг нь сүүлд drone-ы камераас хуулж авч ашиглана.
Тэгвэл эдний платформыг ашигласнаар энэ орон зай хязгааргүй болж, интернэт ашиглан газар зүйн хувьд дэлхийн хаана ч байрлалтай drone-ыг удирдан нисгэж хэрэгтэй мэдээллээ бодит цагийн горимд (real time) авч болохоор болжээ.
Цаашилбал дэлхий дахиныг хамарсан drone-ы сүлжээ бий болгон дуртай газар нутагт байгаа drone ашиглан дурын объектын зураг, дүрсийг авч үзэж болно.
Өөрөөр хэлбэл хувьдаа ямар ч drone-гүй хүн уг платформд нэвтэрснээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа drone-уудаас сонгон өөрөө удирдан нисгэж мэдээлэл авах боломжтой болох юм.
Жишээлбэл Парист байгаа хүн Улаанбаатарт байгаа drone-ыг удирдаж, урьд нь огт очиж үзээгүй хоттойгоо танилцаж болох юм. Эсрэгээрээ Улаанбаатарын оршин суугч Эйффелийн цамхгийг мөн Парист байгаа drone ашиглан тойрч үзэж харж болно.
UAV платформын бүтцийн талаар
STEMS-ROBOTICS-ынхны бүтээсэн платформын цөм нь STEMS GT програм болон техник хангамжийн систем. Drone-уудыг удирдах програм хангамж бүхий “хар хайрцаг” бүтээсэн гэсэн үг. Raspberry Pi shield board ашиглан бүтээсэн энэ “хар хайрцаг” нь төрөл бүрийн мэдрэгчүүд, GPS систем, 3G, 4G/LTE модем, видео дамжуулах өндөр хурдны модультай.
Уг “хар хайрцаг” нь ердийн drone-д суурилагдаж ажилласнаар интернэтээс удирдагдах боломж олгодог.
Интернэт броузер дээрх хэрэглэгчийн удирдлагын интерфэйсийг ч маш сайн математик тооцоолол дээр үндэслэн хийжээ. Ерөнхийдөө drone-ыг удирдах нь тийм ч амархан ажил биш байдаг. Харин STEMS-ROBOTICS үүнийг Counter Strike тоглоомын удирдлагын хэлбэр маягийг ашиглан хийснээр хэрэглэгчид хэрэглэхэд улам дөхөм болгожээ.
Ямар хэрэглээ байж болох?
Уг платформыг бизнесийн, эрдэм шинжилгээний, олон нийтийн үйлчилгээний гээд олон салбарт ашиглах боломж харагдаж байна. Тухайлбал аялал жуулчлалын компаниуд, харуул хамгаалалтынхан, онцгой байдлын албаныхан, байгаль орчин, судалгаа шинжилгээнийхэн гээд дурдаж болно.
Том талбайд хүн биечлэн явж, үзэх харах, шалгах ажлуудыг энэ системийн тусламжтай хийж, цаашилбал дүрс таних технологийн тусламжтайгаар алдаа доголдол, гэмтэл саатлыг илрүүлэх, тоо статистик, зураглал гаргах зэрэг хэрэглээ байж болохоор харагдаж байгаа юм.
Цаашдын зорилт
STEMS-ROBOTICS-ын залуучууд эхний алхмаа аялал жуулчлалын виртуал хэрэглээ болгох зорилт тавьжээ. Өөрөөр хэлбэл тэдний платформыг ашиглан урьд нь очиж байгаагүй газар орон, барилга байгууламжийг тухайн нутаг оронд байрлах drone-ыг ашиглан үзэж танилцах боломж.
Энэ төслөө санхүүжүүлэхээр тэд хэдхэн хоногийн өмнө IndieGoGo кроудфундинг сүлжээнд танилцуулгаа байршуулжээ.
Сайтад танилцуулснаар интернэт хэрэглэгчид тэдний drone-ыг ашиглан Цонжин болдог дахь Их Хааны хөшөө дурсгал, Улаанбаатар хотын төвд байрлах Гандантэгчинлэн хийд, нүүдэлчдийн ахуй амьдралыг газар дээрээс нь харж болох гэнэ.
Ингэж эхний санхүүжилтээ босгосны дараа тэд drone-ы хамрах хүрээ, сүлжээгээ гадаад зах зээлд тэлэх зорилготой.
Бас хиймэл оюун ухаан бий болгох, дүрс таних, drone-ы зай тэжээлийг автоматаар солих, саадыг мэдэрч тойрох зэрэг технологиудыг хөгжүүлэх зорилготой юм байна.
STEMS-ROBOTICS компаний вэбсайт: www.stems-robotics.com
IndieGoGo төсөлтэй танилцъя гэвэл ЭНД дараарай
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|