Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд” чиглэлийн автозамын ажил эхлэх нь

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1,000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхэлнэ. Энэ сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан юм. Уг трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатарын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр тогтоогдсон. 

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр  Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч буй зургаан аймгийн засаг дарга нарт албан бичиг илгээжээ.Тодруулбал Засгийн газрын 399 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоотыг хүргүүлсэн гэж ойлгож болно.

Нэг зүйлийг хэлэхэд хурдны авто замын трасс батлагдахдаа 97 км хэсэгт дутуу батлагдсан байдаг бөгөөд засгийн газар  тун удахгүй шийдэхээр болоод байгаа гэнэ. Ингэснээр тус хурдны автозамыг барих хөрөнгө оруулалт шуударч, ажил нь жигдрэх юм. 

Өнгөрсөн жилээс эхлэн өдий хүртэл яригдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны авто зам баригдах нь тодорхой болж байгаа нь дээрх үйл явдлуудаас харагдаж байна.

“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам барих төсөл дээр концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр 2014 оны 3-р сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлээ  боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгааны ажил хийх зэргээр чамгүй олон ажил амжуулжээ. 

Энэхүү хурдны авто зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь  хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа гэдгийг онцлон дуулгая.

Тун удахгүй буюу ирэх сарын эхээр хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болчихоод байгаа гэсэн таатай мэдээг эх сурвалж өгч байв. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдах тооцоо бий.   Уг хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд босно.  Өөрөөр хэлбэл Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах юм.

Нэмж хэлэхэд  Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1,000 км хурдны авто замын хучилтын хийцийн төлөвлөлт,  барих-арчлах-засварлах технологийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт зургаан орны 10 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлж материалаа ирүүлжээ. Франц, Турк, БНХАУ, Энэтхэг, Польш, Монгол гэсэн орнуудад үйл ажиллагаа явуулдаг зам барилгын болон зураг төслийн зөвлөх компаниуд хурдны авто замд хучилтын хийцийн “бага зардлаар хамгийн чанартай барих технологийг” санал болгож эхлээд байгааг албаны хүмүүс хэлж байв.

“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн удирдлага, инженерүүд, зөвлөхүүдийн байр суурь бол замын хучилтын хийцэд бага зардлаар барьж, урт хугацаанд эвдрэл багатай, ашиглалтын үеийн засвар арчилгаа бага байх материал болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ашиглахад анхаарч байгаа юм байна.

Хурдны замыг чанартай барьснаар өдөрт транзит тээврийн ачааны том оврын хэдэн мянган машин явахад эвдрэл гэмтэл гарахгүй гэсэн алсын хараа бий.  Иймээс зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн 10 гаруй компаниас сонгон шалгаруулалт хийж,  ирэх сарын 15-аас өмнө жагсаалт гаргахаар болсон байна.