Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бямбасүрэн: Монголчууд бол эргэн сэргэж байгаа үндэстэн

Б.Ану
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

 

Блүүмберг телевизийн Ярилцах цаг нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн гуайн ярилцлагаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу хүргэж байна.

Тэрбээр өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хамгийн ул суурьтай дүгнэлт, Монголчууд бид хэн бэ гэдэг асуултын хариуг элдэв хачиргүйгээр, улс төржилгүйгээр хэлдэг хуруу дарам цөөн эрхмийн нэг яах аргагүй мөн билээ.

Нөгөө талаасаа үндэсний баялаг ч гэж хэлж болно.

Монгол хүний тухай

Английн эрдэмтэн Арнолд “Түүхийг ухаарахуй” номондоо Монголын соёл иргэншлийг мөхсөн соёл иргэншилд оруулж тооцсон байдаг. 
Бидний хүндэтгэдэг агуу их эрдэмтэн Гумилёв гуай хэлэхдээ… "Монголчууд бол өөрөө өөрийнхөө хэлтэрхий. Түүхийн үзмэр болсон угсаатан" гэсэн байдаг.
Өөрийнхөө соёл иргэншлийг холын соёл иргэншилтэй эвцэлдүүлээд сайн талыг нь түшиж явбал тэр угсаатан сэргэдэг. Муу талыг нь түшиж явбал түүхийн хуудаснаас арчигдаж устдаг.

Монголчууд олон мянган жил нүүж сууж ирсэн болохоор орон зайнаас айна гэж байдаггүй. Аливаа зүйл рүү үсэрч орохдоо их амархан.

Монголчууд өөрсдийнхөө хүч боломжийг тооцохгүйгээр юм бүхний оргил өөд тэмүүлж байдаг. Түүнийгээ юунд ч хүргэлгүйгээр дутуу орхидог.
Германы түүхч Майкел Фрауден Монголчуудын доройтлын тухай бичихдээ "Нум сум галт зэвсэг хоёрын сөргөлдөөнд Монголчууд ялагдлаа" гэсэн байдаг. Технологийн хоцрогдол л доо… Тэрнээс хойш Монголчууд дэлхийг гүйцэж чадаагүй.

Монгол улс 1924 оны үндсэн хуулиндаа "дэлхийн бага буурай орнуудын эгнээнд явна" гээд биччихсэн. Хүний араас явах ёстой, хүнээр заалгаж явах ёстой гэсэн ойлголт бий. Их гүрний соёл, үнэт зүйлсийг даган дуурайх байдалд орсон.

Социализмын үед Оросоор ярьдаггүй хүн үндсэндээ хүн биш болж байлаа. Одоо Монголоороо ярьж чадахгүй ч байсан Англиар ярьж чаддаггүй л бол хүн биш гэж үнэлэгдэх жишээтэй. 
Нүдний хараа хүрэх газрыг өөрийнхөө орон нутгийг гэж уул устай нь, ан гөрөөтэй нь, хулгана зурамтай нь хамт амьдардаг болохоор Монгол хүний сэтгэлийн орон зай нь их уудам. 
Монгол хүн нүүдэлчин ахуйтайгаа холбоотойгоор амьдралаа цэгцтэй, системчилж харах чадвар сайтай.
Гадныхан монгол хүний сэтгэх чадварыг муугүй гэдэг юм. Юмыг хүлээж авах, харах, сурахдаа өөр өнцгөөс харахдаа сайн.
Монгол хүн олон зуун жил хүний хараа хяналтанд, эрх чөлөөгүй байсан нь эх орноо гэсэн сэтгэлийг нилээд их гүнзгий суулгаж өгсөн. Эрх чөлөөнд тэмүүлэх эрх чөлөө.
Уламжлалт соёл иргэншилтэй орнуудад байдаг эрх чөлөө гэдгийг манайхан дур зоргоороо аашлах гээд холиод ойлгочихдог. Эрх чөлөө нь хариуцлагаас салаад явчихдаг.
 
Эрх чөлөө гэдэг категорийг хуулиндаа биччихээд амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр жаахан зөрөөд байх жишээтэй.

Монголчууд нэг зууны дотор 3 удаагийн хувьсгал, нэг удаагийн соёл иргэншлийн мөргөлдөөнийг туулсан улс.
Дэлхийн аль ч үндэстэн угсаатанд нэг зууны туршид ийм олон удаагийн хүнд сорилтыг давсан угсаатан байхгүй.
Энэ чанараараа монголчууд тэвчиж туулах чадвар сайтай. Хүчээ зангидаад ухас хийх юм бол холыг шийдэх боломжтой угсаатан.

Монгол бол дэлхийд нэртэй, гадаад талдаа нэр төр нь өөдөлж, сэргэж яваа угсаатан.
Америкт ямар ч мэргэжлээр Докторантурт сурахад 60 кредит цаг байдаг юм байна лээ. Тэрний 12 цаг нь Америкийн түүх. Тэд Америк хүнийг, Америкийг ойлгодог хүнийг бэлдэж байна. 

Боловсролын хүрээндээ бид ихээхэн анхаарах, Монгол хүн, Монгол чанарыг нь хадгалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй.

Бид эх орноо гэх, ачлал хүндлэл гэх сэтгэлийнхээ үнэт зүйлсийг хойш нь тавиад мөнгө гэдэг зүйлийг шүтэх тал руу их хэвийж байна.

Монгол хэл соёл, эх орон, үндэс угсаа энэ бүхнийгээ хадгалж, сэтгэлдээ тээж явна гэдэг хүнд маш том боловсрол шаардах зүйл. 

Монголчуудын хувьд хуучин уламжлалт соёл иргэншлийн үед хөрөнгө чинээ хураах нь туйлын зорилго байгаагүй.
Нийгэмд том хөрөнгийн дангаар ноёрхол (олигарх ноёрхол) голлоод ирэхээр тухайн үндэстэн угсаатанд ямар их аюул болдгийг одоогийн Украинаас харж байна шүү дээ.

 

Хувьсгалын талаар... 

 

Нийгмийн хувьсгал гэдэг бол асар их том үйл явдал. Заавал тэнд их буу буудаад онгоц бөмбөг дэлбэлээд байх албагүй. 

1921 оны хувьсгал хэдийгээр нийгмийн байгуулал социализмыг сонгож хатуу дэглэм явсан ч гэлээ нийгэмд асар том эерэг үр дүн авчирсан. Сөрөг үр дүн ч авчирсан. 

1921 оны хувьсгалаар Монголчууд Оросоор дамжаад европын соёл иргэншилтэй харьцсан. Бидэнд хот тосгон орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэр, эмнэлгийн үр соёолж эхэлсэн.

Хатуу дэглэм сонгож авах гэдэг бол хорвоод байдаг л асуудал.   

Монголчууд хатуу дэглэмийн орчинд ЗХУ-г дагаж явахдаа их юм амжуулсан. 

Коммунист дэглэмийн үед байдаг л тэр гашууныг бид нар бүгдийг нь амссан. Гэхдээ бид юмтайгаа хоцорсон. 

Бид нар 90 оны сонголтыг зөв ойлгох хэрэгтэй. Дэлхийн социализм биднээс болж нураагүй. 
Дэлхийн социализм өрсөлдөх чадвараа алдаад шинжлэх ухаан техникийн дэвшил бүх чиглэлээр хоцрогдоод өөрөө нураад уначихсан шүү дээ. 
90 оны хувьсгал нэг талаасаа манай зоригтой, ухаантай залуусын бодож санаж явсан зүйл, нөгөө талаасаа түүхэн зайлшгүй тулгалт, шаардлага болчихсон зүйл.
Тэр үед намайг Ерөнхий сайд байхад улс төрийн өөрчлөлтөө хүлээе. Эдийн засгаа зах зээлд шилжүүлчихвэл болоо юм биш үү гэсэн санал их гардаг байсан.

Би 1989 оны 6 сарын 12-нд Батмөнх гуайтай уулзаад ер нь социализмыг сайжруулах гэж цаашдаа яриад хэрэггүй юм байна.  Өөр замаа сонгоё гэж хэлж байсан.

Сүүлд нь 1989 оны 12 сараас Ардчилсан холбоо байгуулагдлаа. 90 он гэхэд хувьсгал эхэллээ.

Гэхдээ бид жил гаруй хугацаанд бодож төлөвлөснийхөө ачаар Монголчуудаа хооронд нь сөргөлдүүлэлгүй зөвшлийн замаар тайван хувьсгалд шилжүүлж чадсан.

90 оноос хойш бидэнд олсон юм их боловч алдсан юм, нийгэмд илэрч байгаа дефектүүд, гажуудал их байна. 

Бид төрийн жолоогоо эргээд алдчихлаа.

Төр маань баян чинээлэг хөрөнгөтэй хүмүүсийн гарт ороод. Хөрөнгөтэй л бол тэр намд тэрбум төгрөгийн хандив өргөөд УИХ-ын гишүүн болж болно. Ер нь төрийн албадууд наймаанд орчихлоо. Энэ бол их том гажуудал.

Эдийн засгийн тусгаар тогтнолоо эргээд алдаж эхэллээ.
Эдийн засгийн тусгаар тогтнолыг өнөөдөр би төр түшилцэж явсны хувьд бүтэн байна гэж хэлж чадахгүй.
Хэдийгээр улс төрийн талаар дэлхийд нэртэй төртэй яваа ч гэсэн эдийн засгийн талаар тусгаар тогтнолоо алдах байдалд хүрээд байна. Энэ бол Монголчуудын сэтгэл зовоох асуудал.
Монголын нийгэмд шударга ёс алдагдлаа. Монголын ард түмэн монгол орны эзэд нь. Гэтэл баялгийн 7-8 хувь нь зөвхөн эрх мэдэлтнүүдийн гарт байна. Америкд бол нэг хувьд ч хүрдэггүй.  
Монголын баялаг цөөхөн гэр бүлийн, бизнесийн бүлэглэлийн гарт төвлөрч байна. Гэтэл ядуу амьдарч байгаа хүн - Хүн амын 40 хувь байна.
Баялгийн хуваарилалт тэгш биш байна. Баялгийн тэгш хуваарилалт төрийн, татварын бодлогоор шийдэгдэхээс биш хөрөнгө хураах гэдэг ч юм уу хуучин аргаар явахгүй. 
Манайхны төрийн бодлого явуулах чадвар сул байна гэсэн үг.

Популизмын талаар…

Сонгуулиар намуудын дэвшүүлсэн зорилт нэг нь ч биелсэнгүй. Тэр чигээрээ улс төрийн намууд популизмаар ажиллаа. Худлаа амлалт өглөө. Монголчууддаа молиго үмхүүллээ.
Хэн сайхан ярьж чадаж байна хэн сайхан жиргэж чадаж байна тэр нь олны өмнө гоё харагдах байдалд хүргэлээ.
Улс төрийн нам гэдэг бол төрийн эрхийг авах, даргын ажил хийх, амьдралаа сайжруулах сонирхолтой 800 хүний асуудал биш.

Намын хөтөлбөр, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа нь зөрж байгаа бол асуудал! Бүр тэр намыг тараах хүртэл ярих хэрэгтэй. Ингэж чадвал популизм нийгэмд бага болно.

Намуудын хуулийг өөрчлөх нь монголын нийгмийн түлхүүр асуудал болж.

 

Нийгмийн үзэл бодлын талаар…

Нийгмийн үзэл бодлыг цэгцэлж явах гол бүтэц маань улс төрийн намууд.
Улс төрийн нам гэдэг бол жинхэнэ орчин үеийнхээ утгаар улс эх орныхоо зам мөрийн талаар үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн л бүлэг. Энийг л бид нам гэж хэлэх ёстой юм.
Эрх чөлөөг барууныхан философийн түвшинд, улс төрийн түвшинд ухамсарласан хариуцлага гэж ойлгодог юм.
Манайхан эрх чөлөөг ойлгохдоо дур зоргоороо аашлах гэж ойлгоод үүнд түшиглэсэн улс төрийн тогтолцоо маань нилээд гажуудаад явчихсан.
Монголын өөрийн төрт ёс нийгмээ авч явсан үзэл номлолоо бид нар аваад үзэх юм бол Одоогийн Кембриджийн их сургуулийнхны номлоод байгаа сайн засаглал, Амартосын номлоод байгаа гурав дахь замын үзлийн үндэс юм шүү дээ.
Хятад улс яагаад ийм эрчимтэй хөгжив? Күнзийн соёлоо түшиж, нийгмийнхээ байгууллыг төв үзэл рүү чиглүүлэх болсноор Хятадын нийгэм цэгцэнд ороод Хятадын төр, соёл бол нэг амьсгаатай боллоо.
Өөрийнхөө үндэстний оршихуйн орон зайг оноож, дорнын философиор бол “Тэнгэрээ таньсан” үндэстэн л зөв замаа олж чадна. Хятад улс хятадынхаа тэнгэрийг таньчихаж. 
Үзэл бодлоор өндөр түвшинд очсон нам өнөөдөр монголд байхгүй.
Германы Ардчилсан холбоо намын дүрэм эхлэхдээ эхний өгүүлбэр нь "Бид Герман хүмүүс, Бид Христийн соёлт үндэстэн" гэж эхэлдэг юм.
Энэ бол өөрийнхөө үндэс, язгуураа таньсан улс төрийн хүчний дүрэм, мөрийн хөтөлбөр. Ийм улс төрийн хүчин өнөөдөр монголд байна уу?
Өнөөдөр монгол хүмүүсээс ургуулсан үзлийн томьёолол гаргах чадалтай улс төрийн хүчин л монголд дутаад байна.
Манай улс төрийн намуудад үзэл бодлын ялгаа огт байхгүй. Нэг кассаас очоод мөнгөө тоолоод бизнес төлөвлөгөөгөө хамтарч хийгээд сууж байдаг улс байхгүй юу.
Төрийн удирдагч хүний хамгийн хүнд том зорилт нь тэр нийгмийнхээ зам мөрийн үзлийг тээж явах юм.
Ер нь нийгэм төлөвшүүлэх гол оюун санааны төвүүд бол иргэний нийгмийн байгууллагууд байдаг. Эд нар судалгаа шинжилгээ, дүгнэлт, эрдэмтдийн санаачлагад тулгуурлах ёстой.
Монголд нийгмийнхээ зам мөрийн талаар судалгаа шинжилгээ хийдэг, Монгол хүнээ таних, нийгмээ таних чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судалгааны төвүүд ховор байна. 
Би Монголын ирээдүйд итгэдэг. Итгэл байгаа бол өөртөө хатуу хандах хэрэгтэй. 
Зөвхөн хүчирхэг үндэстэн, зөвхөн хүчирхэг улс төрч өөртөө хатуу шүүмжлэлтэй хандаж чадна.

Гагцхүү тэнэг хүн зөвхөн өөрийнхөө алдаанаас суралцдаг юм. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцана. Өөрөө алдаа хийхгүй.

Харин өөрийнхөө алдаанаас сурахгүй байгаа тэр хүнийг хэн гэх вэ? Алдсанаа мэддэггүйг хэн гэх вэ? Алдаагаараа бахархдагийг хэн гэх вэ? Тэгэхээр бид нар тийм замаар явж болохгүй. Бид нар алдсан дээрээ маш хатуу дүгнэлт хийх хэрэгтэй.

Ц.Элбэгдоржийг улс төрөөс гарах тухай… 

Элбэгдорж Ерөнхийлөгчийн 90 онд л Монголчуудаа мориндоо гэж эхэлсэн. Тэрнээс хойш үзэл бодлоосоо ухраагүй цуцаагүй, ардчиллынхаа төлөө гэж яваагийнх нь хувьд хүндэтгэдэг, дэмждэг.
Энэ хүн төрийн хариуцлагын тухай асуудлыг босгож тавих ёстой. Хариуцлагын тухай хуулийг УИХ-р батлуулах хэрэгтэй. 
Намууд “Улс төрийн намуудын тухай” хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д оруулна гэж байна. Хэзээ ч өөдтэй юм гарахгүй. Энийг би 99.99%-ийн баталгаатай хэлж болно. 
Эд нар өөрсдийгөө устгах юм хийхгүй. Бэхжүүлэх л юм хийнэ. Гагцхүү ерөнхийлөгч - Хууль санаачлах эрхтэй субъект хийж чадна.
Элбэгдорж гэдэг хувь хүн өөрийнхөө хувь заяаг шийдэх эрхтэй. Гэхдээ энэ хүн өөрийнхөө мэдлээс жаахан гарчихсан байж болох юм.
Элбэгдорж гэдэг хүн Монголын өөрийнх нь үндэсний баялаг болчихсон хүн байх. Төрийн удирдагч гэдэг бол маш хариуцлагатай мөртлөө үнэтэй субъект.
Могойг алъя гэвэл толгойг нь цохь гэдэг. Монголыг доройтуулъя гэвэл удирдагчийг нь унагах хэрэгтэй. 
20-р зууны түүхийг аваад үзье. Цэрэнчимэд гуай алууллаа. Ханддорж гуай алууллаа. Сайн ноён хан Намнансүрэн гуай алууллаа. Чагдаржав гуай алууллаа. Бодоо алууллаа. Жалханз хутагт алууллаа. Жигжиджав гуай алууллаа.  Амар гуай алууллаа. Гэндэн гуай алууллаа. Чойбалсан алууллаа. Цэдэнбал алууллаа. Бид ямар их зовлон туулж, ямар их золиос хийж энэ замыг туулсан бэ?
Миний бодоход бид төрөө барьж байгаа хүмүүсээ, ард түмнийхээ сонгож гаргасан хүмүүстээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэлгүй хандана гэсэн үг биш.

Чингис хааныг магтсан есөн өрлөгийн магтаал гэж бий. Гаднаас нь харахад Чингисийгээ магтсан Боорчийн үг, Мухулайн үг гээд л…Дотор нь задлаад утгыг нь авах юм бол Чингисийгээ мөн ч хөлс усыг нь гоожтол шүүмжилж байгаа юм шүү дээ...

Ухаантай хүн бол тийм шүүмжлэлээс өөрийгөө ойлгож авах хэрэгтэй. 
Төр маань ухаалаг, байгаа баялгаа зөв шударга хуваарилаад явах юм бол цаашдаа Монгол улс хэнд ч дийлдэхгүй, босоод явчихна.  

Бие биедээ л итгэх хэрэгтэй…