“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байгаа.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн гурван тэргүүлэх чиглэл, зургаан стратеги зорилго, 26 зорилтыг тодорхойлж 2015-2023 он, 2024-2030 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, үр ашиг, бүтээмж, байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!