Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн экспорт өсч, бусад нь буурав

С.Болд-Эрдэнэ
2015 оны 4 сарын 14
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5 хувиар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7 хувиар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Алтны экспорт 0.3 тонноор нэмэгдэж 2.5 тонн болсон бөгөөд үнийн дүн нь 9 хувиар өсч 98 сая доллар болжээ. Алтны экспорт нийт экспортын 9 хувийг бүрдүүлэв.

Харин нүүрсний экспортын хэмжээ 500 мянган тонноор буурч, 3.2 сая тонн болжээ. Үнийн дүн нь 31.6 хувь буюу 65 сая доллараар буурч 141.3 сая доллар болсон байна. Нүүрсний экспорт нийт экспортын 13 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед нийт экспортын 21 хувийг бүрдүүлж байжээ.

Төмрийн хүдрийн экспорт 10 орчим хувиар өсч, нэг сая оричм тонн болжээ. Гэхдээ экспортын орлого нь 29 орчим хувиар буурч 58.1 сая доллар болсон байна. Төмрийн хүдрийн экспорт нийт экспортын 5 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед 8 хувийг бүрдүүлж байв.

Харин сүүлийн жилүүдэд экспортын орлого нь огцом өсч байсан газрын тосны экспорт буурчээ. Эхний улиралд газрын тосны экспортын хэмжээ 20 хувиар өсч 1.9 сая баррель болсон ч үнийн дүн нь 65.8 сая доллар буюу 42 хувиар буурч 91.8 сая доллар болжээ. Газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үед нийт экспортын 16 хувийг бүрдүүлж байсан бол энэ оны эхний улиралд 8 хувь орчмыг бүрдүүлж байна.
Дээрх таван бүтээгдэхүүний экспорт 901 сая доллар болж, нийт экспортын 84 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед 884 сая болж, нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байв. Харин нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны экспорт нийт экспортын 36 хувийг бүрдүүлж байна. 2014 оны 1 дүгээр улиралд 536 сая доллар болж, нийт экспортын 54 хувийг бүрдүүлж байжээ.

Эндээс харахад манай улсын экспортод ашигт малтмал, тэр дундаа зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тос гэсэн 5 бүтээгдэхүүний экспорт голлох нөлөөг үзүүлж байна.

Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулахад зэсээс бусад бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь буурч, уг бууралтыг зэс нөхөж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын экспорт ашигт малтмалын бүтээгдэхүүн, тэр дундаа ганц зэсийн баяжмалаас ихээхэн хамааралтай болж байгаа юм.

 

Зураг