Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэгчид нэгдсэн зохион байгуулалттайгаар ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД гарна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мэргэжлийн гадаад худалдааны байгууллага болох "Рояал Ресурс Монголиа" ХХК-ны хэрэгжүүлж байгаа "Монгол жинчин" экспортод чиглэсэн төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр Чингис хаан зочид буудалд зохион байгуулагдлаа. 

"Монгол жинчин" төсөл нь Уул уурхайн бус үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж байгаа экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл юм.

"Үндэстэн дамнасан үндэсний брэнд" нэрийн дор нэгдэн зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтанд баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид болоод аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож өөрсдийн санаа бодол болоод төсөлтэй хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан юм.

Мөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш доктор Л.Оюун “Хамтдаа хөгжье” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр төслийн эдийн засгийн үр ашгийг өндрөөр үнэлээд, “Өөртөө итгэх итгэл маш чухал байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид хамтдаа нэгдвэл чадна” гэдэг санааг чуулганд оролцогчдод сануулсан юм. 

Баруун гар талаас Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн, "Монгол жинчин" төслийг хэрэгжүүлэгч Рояал ресурс Монголиа ХХК-ны захирал С.Ариунболд

Аж Үйлдвэрийн Яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн “Манай яаман дээр нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг асуудал яригдаж байгаа. Монголд үйлдвэрлэв гэдэг шошгийг хэн эзэмшдэг юм бэ гэдэг асуудал тавигдаж байна.

Үүнийг хэн ч эзэмшдэггүй нь манай үйлдвэр эрхлэгчдийн эмгэнэл болчихсон байдаг юм байна. Бид үйлдвэрлэж чадаж байна, бүтээгдэхүүнээ нийлүүлье гэхээр урдаас хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлээд Монголд үйлдвэрлэв гэдэг шошго дараад, түүнийгээ төрийн худалдан авалтад нийлүүлээд байдаг. Монголд үйлдвэрлэв гэдэг шошгыг АҮЯ дээр авъя.

Гаднаас хуурамч бүтээгдэхүүн оруулж ирж шошго дардгийг болиулъя. Нэг нэрийн бүтээгдэхүүнийг бүгдээрээ бий болгоё. Нэрийн бүтээгдэхүүний дор манай жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэх ёстой” хэмээн мэдэгдлээ. 

“МОНГОЛ ЖИНЧИН” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСАД МОНГОЛ ХУДАЛДААНЫ САЛБАР ДЭЛГҮҮРҮҮД БАЙГУУЛАГДАНА

"Монгол Жинчин" төслийн хүрээнд төлөвлөж буй худалдааны төвийн экстрьер дизайн

"Монгол жинчин" төсөл нь Орчин үеийн online to offline худалдааны бизнес загварчлалыг ашиглах бөгөөд "Монгол жинчин" худалдааны сүлжээ төвүүдийг гадаад зах зээлд үе шаттайгаар байгуулж улмаар тогтвортой нийлүүлэлтийн цогц системийг бий болгох ажээ.

Уг төсөл нь Үндэсний үйлдвэрлэгчидээ нэгтгэн дэмжиж энэхүү арга барилаа ашиглан БНХАУ, цаашлаад ОХУ, Япон, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөлдөх гарцыг нээхээр ажиллаж байгаа юм байна. 

ГАДААД ХУДАЛДААНЫ ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Гэрэл зургийг MPA.mn

“Монгол жинчин” төслийн Ерөнхий зохицуулагч Ц.Ганчимэгтэй товч ярилцлаа.

-Төслийн эдийн засгийн үр ашиг нь ямар байх вэ. Судалгаа хийсэн гэсэн. Таамаглал, тооцооллоо танилцуулаач?

-Эхний хагас жилд БНХАУ-ын Эрээн хотод долоодугаар сард нээгдэх худалдааны төв болон онлайн худалдааны борлуулалтыг Хятадын зах зээлд хийх таамаглал гаргасан. 2018 оныг хүртэл тасралтгүй өсөн нэмэгдэх бөгөөд зуу гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломжтой. 

-Манайд томоохон орны зах зээлд амжилттай борлогдох брэндийг бий болгосон үйлдвэрлэгчид бий юу?

-Үндэсний үйлвэрлэгчийн бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл яагаад олон улсын зах зээлд гараагүй вэ гэхээр дангаараа өрсөлдөх чадвар төдийлөн сайн биш гэж үзсэн байгаа.

Тэгэхээр Монгол үндэстний ахуй соёл гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн дор борлуулалтаа хийнэ. Монгол худалдааны төвүүд маань дэлхийн хаана ч байсан гадаад, дотоод дизайны шийдэл нь үндэсний өв соёлыг тусгасан байх юм.

Тухайн худалдааны төвийн худалдан авагчид Монгол Улсад ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ маань Монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрүүлэх маркетингийн чухал ач холбогдолтой шийдэл юм. 

-Эхний ээлжинд ашиглалтад орох Эрээн хотын худалдааны төвөөр хэдэн хүн үйлчлүүлэх тал дээр судалгаа хийсэн байсан. Монгол брэндийн бүтээгдэхүүнийг хэр их сонирхоно гэж тооцоолсон бэ?

-"Монгол жинчин" төслийн судалгааны багийнхан томоохон судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд Монгол худалдааны төв байгуулагдвал үйлчлүүлэх үү гэсэн асуултад нийт судалгаанд хамрагдагсдын 55 хувь нь үйлчлүүлнэ гэсэн үр дүн гарсан. Харин 40 хувь нь сонирхож үйлчлүүлнэ, таалагдах юм бол ахин үйлчлүүлнэ гэж хариулсан.

Тэгэхээр Хятад улсын зэх зээлд Монгол худалдааны төв байгуулагдлаа гэхэд үйлчлүүлэх худалдан авагчдын тоо, зах зээлийн багтаамж сайн гэж төслийн багийнхан үзэж байгаа. Гагцхүү Монгол үйлдвэрлэгчдийн маань бараа бүтээгдэхүүн тэдний чанарын шаардлагыг хангахуйц байх ёстой. 

-Үндэсний үйлдвэрлэгчид нэг зохион байгуулалтад орж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар экспортолж байгаа анхны томоохон төсөл гэж ойлгож болно.

Өмнө нь бол ААН дангаараа биеэ дааж гарч байсан, ганзагаар гаргаж байсан тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ албан ёсны эх сурвалжтай, хоёр улсын зүгээс дэмжлэгтэй, нэгдсэн байдлаар экспортолж байсан түүх хараахан байхгүй гэж бодож байна. 

-Олон Улсад ийм чиг хандлага бий юу?

-Мэдээж байгаа. Олон улсын чиг хандлагыг бид нэвтрүүлж байна. Гадны хандлага бол үйлдвэрлэл, худалдаа гэдэг бол хоёр тусдаа ойлголт. Харин Монголд бол үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ, мөн яаж борлуулах вэ гэдэг дээрээ давхар санаа зовдог. Энэ бол дэлхийн чиг хандлага биш.

Дэлхий дээр үйлдвэрлэгч бол зөвхөн дизайн, бараа бүтээгдэхүүний чанартаа анхаарна. Мэргэжлийн худалдааны байгууллага үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд шинэ суваг, шинэ зах зээл нээж, борлуулалтынх нь ажлыг хариуцаж хийдэг. Энэ чиг хандлагыг Монгол Улсад нэврүүлж байгаа гэж ойлгож болно.