Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

И.М.МАЙСКИЙ: Монголчуудын бие махбод, оюун санааны төрх байдал

ikon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
1913 онд Францын баян Алберт Каны дэмжлэгээр Монгол нутагт ирж анхны өнгөт зургийг авсан Степан Пассегийн авсан зураг.

Гадаад байдал

Халх угсаатан монголчууд гол төлөв дунд зэргийн нуруутай, бахим чийрэг бие цогцостой. Товгор шанаа, навтгар хамартай өргөн палигар нүүртэй, арьсны нь өнгө боровтор (европчуудынхаас арай бараандуу); жаахан хазгай суулгачихсан нарийхан завсар мэт онигор, гялалзсан хар нүдтэй, шүд нь тана мэт гялалзсан дун цагаан өнгөтэй, нүүр царай нь бараг ямар ч үсгүй (дээд уруул, эрүү шанаандаа сахалтай эрчүүд маш ховор тааралддаг), толгойны үс нь нэн өтгөн хэрээний далавч мэт тас хар.

Намайг үүнийг бичиж байх үед 16 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн толгойны зулайн хэсгийн үсийг нь хусаж, ар талд нь үлдсэн урт үсийг чанга гэгч сүлждэг байв.

Нөхөртэй эмэгтэйчүүд толгойныхоо үсийг хусахгүй, доор тодорхой өгүүлэх онцгой хэлбэр маягаар засаж янзална. Дөрвөдүүд гадаад төрх байдлаараа халхуудаас маш бага ялгарна. Нүүр нь арай зуувандуу урт, хамар нь арай урт шулуухан, арьсны нь өнгө илүү бор боловч эдгээр нь ялимгүй жаахан өөр болохоос ерөнхий хэв маяг нь ав адилхан. Маш өвөрмөц, жинхэнэ үзэсгэлэн төгөлдөр гэмээр нүүр царайтай эмэгтэйчүүд бидэнтэй тааралдаж байлаа. 

Эрүүл мэнд

Тэр үеийн монголчуудын ахуй амьдралын нөхцөл хүнд хэцүү байсан болохоор сул дорой нь бүр өлгийдөө байхдаа л үхэж үрэгдэж, илүү хүч чадалтай, хатуужилтай нь амьд үлдэнэ. Ар Монголын нутагт, тэгэхдээ бүр өөр өөр газар оронд жил гаруй хугацаанд байхдаа миний олж ажигласнаар монголчууд тэр үед нэг их урт насалдаггүй байсан бөгөөд “сар шувуу мэт цал буурал толгойтой” өвгөдийг Монголд олж харахад тун хэцүү.

Монголчууд ерөнхийдөө эв эрүүл, маш чийрэг мэт харагддаг нь тэд ямар ч өвчин зовлонгүй цоо эрүүл гэсэн үг хараахан биш юм.
Нийтлэг шинжтэй өвчний тухайд монголчуудын эрүүл ахуйн байдал нэн доогуур учир ямарваа төрлийн арьс өнгөний өвчин, мөн нүдний өвчлөл ихээхэн тархжээ.

Нүдний өвчин анагаах эм гуйсан монголчууд бараг буудаллах бүрийд биднийг тойрон бүчдэг байв. Монголд арьс өнгөний өвчин дотроос чонын хөрөвдөс гэдэг яртах өвчин огт байдаггүй нь сонин юм.

Харин ходоодны хорт хавдар, нарийнтах өвчин нэлээд элбэг байхаас гадна тэмбүү, үе мөчний шархираа, шамбарам цөөнгүй тохиолдоно, гэтэл сүрьеэ бараг байдаггүй ажээ. Зүрх судасны өвчин ч тун ховор байх юм.

Ариун цэвэр, эрүүл ахуй

Монголын эд материал, соёлын хөгжлийн түвшин таагүй байдалд байсан нь манай багийн аяллын үед монголчуудын ахуй амьдралд ариун цэврийн дадал зуршил, эрүүл ахуйн нөхцөл байдал огт байдаггүй байсан тийм нөхцөлийг бүрдүүлжээ. Монголчууд саван хэрэглэхийг огт мэдэхгүй, гар нүүрээ хүйтэн усаар заримдаа булхаж угаасан болох авч биеэ үл угаана. Өмссөн дээл хувцсаа ч угааж цэвэрлэхгүй бөгөөд элэгдэж ноортол нь халаа сэлгээгүй өмсөнө.

Хир буртгаа угаана гэдэг буян хишгээ угааж арилгана гэсэн үг гэж тэд бат итгэдэг ажээ

Аз болоход, монголчуудын дээл хувцсаа оёдог хятад бөс даавуу олигтой бөх биш, жилээс илүү тэсэхгүй учир жилд дор хаяад ганц удаа өмд, цамцаа ямар ч гэсэн солино.

Монголчуудын гэр аж ахуйд ч гэсэн ариун цэвэрч бус байдал ноёрхоно. Хир буртгаа угаана гэдэг буян хишгээ угааж арилгана гэсэн үг гэж тэд бат итгэдэг ажээ.

Хүн амын хувьд ийм бохир заваан байна гэдэг гэсгээл шийтгэлгүй өнгөрнө гэж байхгүй нь мэдээж. Гэхдээ тэр цагаас хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдөж орчин цагийн Монголд эрүүл ахуйн зохих хэвдээ оржээ.

Зан чанарын зарим онцлог

“Цаг хугацаа-мөнгө” гэдэг үг хувьсгалын өмнөх монголчуудын хувьд огт эсрэгээр, “цаг хугацаа-мөнгө л лав биш” гэсэн утгатай байлаа. Хэрэв та Баасан гарагт замд гарах тохиролцоог монгол хүнтэй хийсэн бол Ням юм уу, Даваа гарагт тэрээр тэмээгээ тууж ирнэ гэдэгт итгэж болно. Өдөр судраа баримтлахгүй, оройтлоо, хожимдлоо хэмээн зэмлэх аваас тэрээр юу ч болоогүй мэт,

  • Тэр өдөр явахгүй байх гэж бодсон юм л даа гэнэ.
  • Нэгэнт товлож тохирчихсон юм чинь яагаад явахгүй гэж?
  • Өглөө намайг харахад үүл гараад л, тэнгэр муудах юм шиг байлаа л даа... Тэгээд л чамайг замд гарахгүй байх гэж бодсон юм... Юундаа яарах юм, өдөр мундсан биш...

Иймэрхүү тайлбар сонсоход тэр монгол зүгээр л эвгүй байдлаас гарах гэж худал шалтаг тоочиж байгаа биш, харин чин үнэнээсээ ингэж бодож байгаа нь аяндаа мэдрэгдэнэ. Үнэхээр ч өдөр гэж мундахгүй, тэр хүний хувьд аль ч өдөр ялгаагүй байдаг болохоор тодорхой товлож тогтсон өдөр хөсөг хөдлөх ёстой гэдгийг тэрээр цаанаасаа ойлгох чадваргүй байдаг.

Манай багийн нэг газарчин намайг хоноглосон газраасаа хөдлөх гэж яаруулах бүрд царайгаа хачин барайлган “Яарвал даарна гэдэг юм” гэж аман дотроо үглэдэг байлаа.

Мухар сүсэг

Ар Монголын хүн амын мэдлэг боловсролын төвшин цөөн тооны дээгүүр зиндааны лам нар, төр барьж байгаа хэдхэн хүнийг эс тооцвол маш доогуур байлаа. Дунд зэргийн монгол гэхэд л хэдэн мал, өдөр тутмын амьдрал ахуйнхаа байр байдлаас өөр юу ч үл мэднэ. Нутаг орон даяар нь энд тэндгүй байдаг булш бунхан, хиргисүүр, хот балгадын туурь мэт хуучны дурсгалын талаар тэрээр юу ч хэлж эс чадна.

Хошуу нутгаасаа гарч явах нь ч бараг үгүй, Өргөө гэхэд л тэдний хувьд хорвоо ертөнцийн нөгөө захад байдаг үлгэрийн орон мэт санагддаг байсан бол Ар Монголоос цааш юу байдаг талаар зүүдэлдэг ч үгүй байжээ. Эрдэнэзуу хийдийн алдартай хувилгаан гэгддэг тэндэхийн хамба, Монголын шашин сүм хийдийн дээгүүр зиндааны зүтгэлтэн намайг түүнд бараалхах үед: “Баатар цагаан хаан амар сайн байгаа юу?” гэж асуусныг энд хэлэх хэрэгтэй. Гэтэл 1919 оны зун болчхоод байсан шүү дээ!

Монголчуудын дунд мухар сүсэг маш их тархсан байлаа. Газар шороо ухаж төнхөх нь муу ёр дууддаг аюултай ажил гэгдэнэ. Манай багийнхныг Чингис хааны алтан ургийнхны эртний нийслэл Хархорины туурийн дэргэд буудаллаад байхад ойр хавийн монголчууд хуаранд маань ирж малталт хийх гэж байгаа эсэхийг ихэд түгшин асуудаг байлаа.

Арваад жилийн өмнө хэдэн оросууд ийшээ ирж газар ухсаны дараахнаас мал нь үй олноороо хорогдож эхэлсэн талаар тэд бас ярьсан юм. Өөр нэг газар очиход хэдэн жилийн өмнө нэг монгол эр энэ хавьд хуучны булш бунхан байдаг тухай сонсон алт, мөнгө олохоор нэг толгойг ухаж үнэхээр ч алтан эдлэлүүд олсон байна, гэвч дараахнаас нь түүний хүүхдүүд цөм зуурдаар нас барсан тухай газарчин монгол маань ярьж өгөв.

Ажигч, сониуч зан чанар нь

Монгол хүний зан чанарын нэг онцгой шинж бол гайхалтай ажигч байдал юм. Монгол хүн хэтэрхий бага зүйл санаж бодож явдгаас юм уу, эсвэл түүний ой ухаан дэндүү соргог, сэргэлэн байдаг юм уу, бидний огт анхааралгүй өнгөрдөг тийм зүйлийг гагцхүү нүүдэлчид л олж харж чаддаг байлаа.

Монгол хүн онцгой нүдтэй, шал өөр оюун ухаантай байдгийг би олон юмнаас олж харж баттай итгэсэн билээ. Айлын хэдэн зуун хонин дотроос өөрийнхөө ганцыг олчихдог, яваад өнгөрчихсөн хөсөгний мөрөөр хэдэн арав, зуун километр газрыг туулчихдаг, зах хязгааргүй тал хээр юм уу, Говийн нэгэн маягийн элсэн манхан дунд ямар нэгэн шинж байдлаар замаа олчих нь монголчуудын хувьд европчууд хотынхоо гудамжаар явж байгаагийн нэгэн адил ердийн зүйл байдаг. Заримдаа бүр ер бусын гэмээр ажигч гярхай байдал ажиглагдана. Мянга гаруй тэмээтэй нэг баян монгол эр мөрөөр нь тэмээ болгоноо таниж тодорхойлдог байв.

Монгол хүний зан чанарын нэг онцгой шинж бол гайхалтай ажигч байдал юм

Монголчууд бас онцгой сониуч хүмүүс юм. Өргөөд байдаг нэг орос худалдаачны эхнэрийн ярьснаар, тэрээр анх удаа нөхөр дээрээ хээр барьсан аяны нь хуаранд ирсэн өдөр өглөөнөөс орой хүртэл гэрээр нь дүүрэн хүн байжээ. Ойр хавийн монголчууд өөрийг нь харах, даашинзнаас барьж үзэх, малгай алчуурыг нь сонирхон сонжихоор ирсэн нь энэ байлаа. Хүмүүс энэ зорилгоор зориуд 30-40, бүр 50-иад километрийн цаанаас ирж байсан гээч! Монголчууд уулзаад бие биедээ тавьдаг хамгийн эхний асуулт нь: “Сонин юу байна?” гэсэн асуулт байдаг, нөгөөх нь үзсэн, сонссон болгоноо тэр даруй урсгаж гарна.

Монгол орноор биднийг аялж явахад сониучирхагчид цаг үргэлж бүчин шавж байсан юмдаг. Хөсгийн маань барааг алсаас харсан монгол болгон тэр даруй мориныхоо амыг нааш эргүүлэн хар хурдаараа давхиж ирдэг байлаа.

Хүрч ирмэгцээ бидний хэн болох, хаанаас хаа хүрч яваа, юу хийж яваа зэргийг заавал лавлаад тэр сонин сайхнаа бусаддаа дуулгах гэж яаран цэнхэртэн хөхрөх алс руу давхиж одно. Өдөрт ийм явдал хэд хэдэн удаа тохиолдоно. Орой үдэш буудалласан газарт маань ойр хавийн айлуудынхан цуглаж гал тойрон суугаад бидний алхаа гишгээ болгон, хөдөлгөөн болгоныг маань ажиглана. Заримдаа, ялангуяа зочдод цай өгч, хоолоор дайлах аваас удаан гэгч ярилцан суудаг бөгөөд тэдний сониуч зан чанар бүрэн хэмжээгээр илэрнэ.

Дараа нь тэд суудлаасаа босож мориндоо мордон алга болж өгөх агаад өдөр болгон хонь гаргаж иддэг баян оросууд ирээд байгаа тухай, энэ хачин хүмүүс бараа тавааргүй, зүгээр л юм тэмдэглэж, бас газар орныг шинжин яваа тухай хэл мэдээ тараана. Монголчуудын энэхүү утсан холбооны ачаар манай багийн тухай мэдээ биднээс хол түрүүлсэн байх ба хаа нэгэн газарт ирэхэд аль хэдийн хүлээн байгаа нь мэдэгдэнэ. Ерөөсөө, хэдийгээр Монголын тал хээр, говь нутаг өргөн уудам ч гэсэн үндсэндээ нутгийн ард олны нийтэч, сониуч зан чанарын ачаар ямарваа мэдээ гайхмаар хурдан тархдаг юмсанж.

Эр эмийн харилцаа 

Монголчуудын бэлгийн амьдрал маш эрт, ялангуяа дээд ангийн төлөөлөгчдийн хувьд заримдаа бүр 8-9 наснаас эхэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь ихэс ноёдын удам угсаа амархан үржин төлждөгийн шалтгаан болдог байна. Энгийн ардын хувьд ч үүнээс дээрдэх юм байсангүй.

Албан ёсны гэрлэлт 15-16 наснаас эхэлдэг (гэрлэлтийн ид нас 17-19 байдаг бөгөөд сүйт хархүү, бүсгүй хоёрын нас бараг ойролцоо байдаг) хэдий ч залуус түүнээс өмнө хориотой жимсийг амталсан байдаг байна.

14-15 насандаа ээж болсон эмэгтэйчүүд тааралдана. Хууль бус хүүхэд төрүүлэхийг гутамшиг гэж огтхон ч үл үзэх агаад эхийн нь гэр бүлийнхэн өөртөө аван дундаа хамтран өсгөж хүмүүжүүлнэ. Жам ёсны өсөлт нь маш бага, эсвэл бүр огт үгүй болоод байгаа нь бүхий л баримтаар батлагдаж байгаа ард түмний өөрөө өөрсдийгөө хадгалж үлдэх гэсэн зөн билэг хууль бус хүүхдэд ийнхүү энэрэнгүй хандах явдалд нөлөөлдөг бололтой. 


ЭХ СУРВАЛЖ: “Монгол орон хувьсгалын босгон дээр” И.М.Майский

 

“Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх энэхүү номонд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3,000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнханы цуглуулсан мэдээллүүд багтаснаас гадна нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргаснаараа онцлог бөгөөд ХХ зууны монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж юм.