Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цол буурсан 402 алба хаагчийн цолыг сэргээн олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3-т Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ыг 2015 оны гуравдугаар сарын 20-ний өдрийн А/64 дүгээр тушаалаар баталсан байна.  

Уг тушаалаар албан тушаалын цолд шилжсэнээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжсэнээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газрын даргад даалгажээ. 

Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн цол олгох болсон байна.  

Журамд нийцүүлж албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой аж. 

Мөн албан тушаалын цолд шилжсэнээр урьд хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 алба хаагчийн цолыг сэргээн олгох юм.  Урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч сэргээсэн 18, нийт 402 алба хаагч байна. 

Журамд цагдаагийн алба хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгох, цол олгохыг хойшлуулах, цагдаагийн цолыг бууруулах, түр хураах, хураах зохицуулалтуудыг зааж, цол хэрэглэх буюу цол хоорондын хугацааг тодорхой болгож өгчээ. 

Цагдаагийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх сургуулийн болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн цагдаагийн цол хэрэглэх албан тушаалтнуудад цагдаагийн цол олгохдоо энэхүү журамд заасан хугацаа, шалгуурыг мөн адил баримтлахаар болсон байна.